Үргэлжилсэн хууль бус довтолгоон, халдлагын үед өөрийн боломжит үедээ хамгаалалт хийсэн нь аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн үйлдэл болно
(Эрүүгийн эрх зүйн хэрэг, маргаан1)
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 260
Шүүхийн шийдвэрийн огноо: 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг тус тус хүчингүй болгосон.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Шүүгдэгч 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын дугаар багийн нутаг дэвсгэрт оршин суух эцэг, эх дээрээ нөхөр хүүхдийн хамт очсон. Энэ үеэр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч нь шүүгдэгчийн эхтэй маргалдаж, биед нь халдсан бөгөөд шүүгдэгч хохирогчийн халдлагыг түр хугацаанд няцаасан байна. Үүний дараа хохирогч дахин маргаан үүсгэж, орон дээр унтаж байсан шүүгдэгчийн хүүхэд дээр суух үйлдэл хийх зуур шүүгдэгч хохирогчийн нүүрэн тус газар аяга шидсэн. Шүүгдэгчийн авч шидсэн аяга хохирогчийн хамрыг гэмтээсэн бөгөөд шүүх шинжээчийн дүгнэлтээр хохирогчид хөнгөн гэмтлийн зэрэг тогтоогджээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
- Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хууль (2015 он) -ийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 12 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулсан байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дээд шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд давж заалдах шатны шүүх хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
- Шүүгдэгчийн өмгөөлөгч дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд тэрээр гомдолдоо: “Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьектив санаа зорилго нь санаатай үйлдэл байна. Харин манай үйлчлүүлэгчийн хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь болгоомжгүй үйлдэл тул шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
- Хяналтын шатны шүүх хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг дараах үндэслэлээр тус тус хүчингүй болгосон байна.
- Анхан болон давж заалдах шатны шүүхээс хийсэн үйл баримтын дүгнэлт зөрүүгүй, хэргийн байдалтай нийцэж байгаа боловч шүүгдэгчийн хийсэн үйлдэл аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэнийг орхигдуулснаас бодит байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт өгч чадаагүй байна.
- Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулан өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах эрхийг иргэнд хуулиар зөвшөөрсөн бөгөөд энэхүү аргагүй хамгаалалт хийсэн хүний санаа сэдэл, учруулсан хохирол нь бодит агуулгаараа нийгэмд ашигтай буюу гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үгүйсгэдгээрээ ач холбогдолтой байдаг.
- Шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах болсон шалтгаан нөхцөл нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хохирогч орон дээр унтаж байсан шүүгдэгчийн бага насны хүүхэд дээр суух үйлдлийг таслан зогсоох зорилгоор аяга авч шидсэн бөгөөд энэхүү үйлдэл нь аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн байна.
- Халдлага үргэлжлэх нь тодорхой, хүний амь нас, эрүүл мэндэд аюул занал бодитой оршин байгаа тохиолдолд ээлжит тулгарсан довтолгооныг хүлээхгүйгээр үргэлжилсэн довтолгооны аль ч цаг хугацааны хэсэгт аргагүй хамгаалалтыг хийж болно гэж хяналтын шатны шүүх тайлбарласан байна.
---оОо---
1. Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос. Энд дарна уу.
2. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.”
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
6 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !