Хууль зүй, дотоод хэргийн яам төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгох Ажиллагааг түр зогсоох эрхгүй
Санамж: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.
Шүүхийн тогтоолын дугаар: 001/ХТ2023/0091
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээсэн.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Нэгэн компани “Төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах тухай” хүсэлтээ Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандан гаргасан боловч тус яамнаас “... Төлбөрт таавар, бооцоот тоглоом, эд мөнгөний хонжворт сугалааны тухай хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлээд байгаа учир төслийг хэлэлцэн, шийдвэрлэх хүртэл зөвшөөрөл олгохыг түр зогсоосон...” гэсэн хариу өгчээ. Нэхэмжлэгч нь холбогдох хуулиар уг үйл ажиллагааг хангалттай зохицуулсан байхад Хууль зүй, дотоод хэргийн яам энэ төрлийн зөвшөөрлийг нөхцөл шаардлагыг нь хангуулан олгоход хууль тогтоомжийн зохицуулалт дутмаг, зохицуулалт шаардлагатай гэж батлагдаагүй хуулийн төслүүдийг иш татан зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэр гаргаж байгаа нь үндэслэлгүй байна гэж маргажээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Анхан шатны шүүхээс: Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1, 1.22, 1.63, 5.2 дугаар зүйлийн 14, 8.1 дүгээр зүйлийн 11.45-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч компанийн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохыг хүссэн хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзсан хариуцагчийн албан бичгийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, тус компанийн гаргасан төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл авах тухай хүсэлтийг зохих хууль журмын дагуу хянан, шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгаж шийдвэрлэсэн.
2. Давж заалдах шатны шүүхээс: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5, 3.2 дугаар зүйлийн 1, 1.16, 8.1 дүгээр зүйлийн 11.4-т заасныг баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “Давж заалдах шатны шүүх нь төрийн захиргааны төв байгууллагын талаарх тогтсон ойлголтыг өөрчилж, Засгийн газарт хуулиар тусгайлан олгосон чиг үүргийг аливаа төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэх боломжтой гэсэн дүгнэлт хийсэн нь хууль тогтоомжийг анхан шатны шүүхийн шийдвэрээс зөрүүтэй хэрэглээд зогсохгүй цаашид Засгийн газарт хуулиар олгосон аливаа чиг үүргийг дурын төрийн захиргааны төв байгууллага өөрийн чиг үүрэгт хамааруулан хэрэглэх боломжийг бүрдүүлсэн. Мөн “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-д зааснаар Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5-д заасан зохицуулалт нь Засгийн газрын гишүүн болох Хууль зүй, дотоод, хэргийн сайд болон яаманд нэгэн адил хамаарна” гэсэн дүгнэлт хийсэн нь Засгийн газарт хуулиар олгосон аливаа бүрэн эрхийг Засгийн газрын гишүүн болон төрийн захиргааны төв байгууллага өөрийн үзэмжээр өөрт шилжүүлэн авах; өөрт олгогдоогүй бүрэн эрхийг дур мэдэн эдэлж, хуулийг үзэмжээрээ хэрэгжүүлэх боломжийг нээх; Засгийн газар, яам, агентлагийн хоорондын чиг үүргийн хамаарал, захирах захирагдах ёс алдагдах; төрийн захиргааны байгууллагуудын эрх мэдэл хоорондын чиг үүрэг, тэнцвэр алдагдсанаар захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар эрх зүйн үндэслэлгүй шийдвэр гаргадаг хууль хэрэглээний буруу практик тогтоох, цаашлаад эрх зүйт ёс, хууль дээдлэх зарчим алдагдах ноцтой нөхцөл байдал үүсэхээр байна гэсэн агуулгаар хяналтын журмаар гомдол гаргасан байна.
3. Хяналтын шатны шүүхээс: Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5-д “Засгийн газар үндэсний аюулгүй байдал, санхүүгийн тогтвортой байдлыг хангах, нийтийн ашиг сонирхол, үр ашигтай өрсөлдөөний нөхцөлийг бүрдүүлэх үүднээс төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээдээс олгодог зөвшөөрлийг олгох үйл ажиллагаанд тодорхой хугацаагаар хязгаарлалт хийж болно” гэсний дагуу Засгийн газар шаардлагатай гэж үзвэл уг сонгох боломжийнхоо хүрээнд төрийн захиргааны байгууллага (энэ тохиолдолд Хууль зүй, дотоод хэргийн яам)-аас олгодог зөвшөөрөл олгох үйл ажиллагааг тодорхой хугацаагаар хязгаарлах боломжтой. (11)7
4. Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд зааснаар Засгийн газар нь Ерөнхий сайд болон тодорхой асуудал эрхэлсэн сайд нараас бүрдэх хамтын зарчмаар шийдвэр гаргадаг гүйцэтгэх эрх мэдлийн дээд байгууллага юм. Мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Засгийн газар энэ хууль, бусад хуульд заасан бүрэн эрхийнхээ асуудал, ...-ыг хуралдаанаараа хэлэлцсэний үндсэн дээр шийдвэрлэнэ”, 30 дугаар зүйлийн 1-ийн дагуу “Засгийн газар бүрэн эрхийнхээ асуудлаар хуралдаанаас тогтоол, нэг удаагийн чанартай буюу шуурхай асуудлаар Ерөнхий сайд захирамж гаргана” гэж хуулиар тусгайлан зохицуулжээ. Гэтэл Засгийн газар Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 5-д заасан бүрэн эрхийнхээ асуудлаар дээрх хуульд заасан журмын дагуу ямар нэгэн шийдвэр гаргаагүй, мөн уг эрхээ хариуцагч Хууль зүй, дотоод хэргийн яаманд шилжүүлсэн гэх үйл баримт тогтоогдоогүй байна. (12)
5. Маргаан бүхий Хууль зүй, дотоод хэргийн яамны 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 7/1921 дүгээр албан бичгийн үндэслэл болох Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11.4 нь “төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх” тусгай зөвшөөрлийг Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн олгох агуулга бүхий заалт байх тул энэ нь тухайн зөвшөөрлийг олгохоос татгалзах эсхүл холбогдох өргөдлийг буцаах үндэслэл биш байжээ. (15)
6. Түүнчлэн Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.3- т зааснаар яам нь Засгийн газрын үйл ажиллагааны зохих хүрээ, тодорхой чиг үүргийг дагнан эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага бөгөөд Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайдад эрхлэх асуудлынхаа хүрээнд стратегийн төлөвлөлт, бодлогын удирдамжаар хангах, хэрэгжилтийг нь зохицуулах, хяналт шинжилгээ хийх, үнэлгээ өгөхөд нь мэргэжил, арга зүй, эрх зүй, техник, зохион байгуулалтын үйлчилгээ үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй байгууллага юм. Иймд Засгийн газрын өмнөөс Хууль зүй, дотоод хэргийн яам тусгай зөвшөөрөл олгох ажиллагааг “түр зогсоох” эрхгүйгээс гадна тусгай зөвшөөрөл олгохоор хуульд заасан байтал “нарийвчилсан хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа” гэх үндэслэлээр өргөдлийг буцааж байгаа нь хууль бус, хариуцагч Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1-д заасан “Эрх бүхий этгээд зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй бөгөөд өргөдлийг хүлээн авсан тухай зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тусгах” үүргээ зөрчсөн гэж үзжээ. (16, 17)
7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн дүгнэлт, шийдлээс үзвэл “нэхэмжлэгчийн өргөдөл нь шаардлага хангасан тул тусгай зөвшөөрөл олгохыг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасан” гэх агуулгагүй, харин нэхэмжлэгчийн өргөдлийг буцаасан хариуцагчийн үйлдэл хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн өргөдөл, хүсэлтээ зохих журмын дагуу шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тул маргаан бүхий актыг хүчингүй болгож, хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад даалгасан нь үндэслэлтэй. Хариуцагч нэхэмжлэгчийн өргөдлийг буцааж буй нь угтаа холбогдох хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзаж буй хэрэг бөгөөд уг татгалзал (буцаасан албан бичиг) нь хууль бус байна (18,19). Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.
---o0o---
1 Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу.
2 Зөвшөөрлийн тухай хууль (2022)-ийн 1 дүгээр зүйлийн 1.2 “хууль дээдлэх;”
3 Зөвшөөрлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.6 “энэ хуульд заасан зөвшөөрөл олгох”
4 Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1 “Эрх бүхий этгээд зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй бөгөөд өргөдлийг хүлээн авсан тухай зөвшөөрөл хүсэгчид мэдэгдэж, энэ тухай бүртгэлд тусгана.”
5 Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 11 “Хууль зүйн болон нийтлэг бусад асуудлаар доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно:”
11.4. Хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэх
6 Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1 “Эрх бүхий этгээд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:”
1.1 “энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргах”
7 “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
5 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !