Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотлох үүрэгтэй
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 001/ХТ2024/00056
Шүүхийн шийдвэрийн огноо: 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гомдлыг хангасан.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Нэхэмжлэгч “С” ХХК нь “...Э нь 2023.06.27-ны өдөр тавилга хийлгэхээр тохиролцсон, ...захиалгын дагуу зураг төслийг үзүүлж, түүний зөвшөөрснөөр тавилга хийгдсэн, гал тогооны, үүдний болон хүүхдийн өрөөний шкаф гээд нийт 12,824,000 төгрөгийн тавилга хийсэн бөгөөд үүнээс хүүхдийн өрөөний 4,306,000 төгрөгийн үнэтэй шкафыг таалагдахгүй байна гэж буцаалт хийлгүүлж, бусад тавилгыг хүлээн авсан. Гэтэл захиалагч нь манай компаниас илүү мөнгө нэхэж, энэ нэхэмжилсэн мөнгийг өгөхгүй бол танай байгууллагын нэр хүндэд халдана гэж сүрдүүлж эхэлсэн. 2023.08.10-аас эхэлж янз бүрийн сөрөг постуудыг өөрийнхөө Э гэсэн фейсбүүк хаягаас олон нийтэд түгээж эхэлсэн. Сүүлд хийсэн 19-ний өдрийн нийтлэлийг нь 22 хүн үзэж, 34 сөрөг сэтгэгдэл бичигдэж, 6 удаа хуваалцсан, ...энэ нь манай компани руу чиглэсэн гэдгийг олон нийт мэдсэн ба дээрх 34 сөрөг сэтгэгдлээс үзэхэд ажил хэргийн нэр хүндэд халдаж байна...” гэсэн агуулгаар үндэслэлээ тайлбарлаж, компанийн нэр хүндийг гутааж, олон нийтээр шүүлгэн жигшүүлэх зорилгоор хууль бусаар, худал ташаа мэдээлэл түгээсэн буруутай этгээд болох Э-р мэдээлэл тараасан арга хэрэгсэл, хэлбэрээр уучлалт гуйхыг даалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Э нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...өөрийн ашигладаг Э гэсэн фейсбүүк цахим хуудсаар нэхэмжлэгч ”С” ХХК-д хандаж мэдээлэл тавьсан. Гэхдээ ”С” ХХК гэж нэрийг нь огт бичээгүй. Сөрөг сэтгэгдэлд хариу өгөөгүй. Харин ”С” ХХК-ийг хурдан хугацаанд тавилгаа засаж янзлаад өгөх байх гэсэн зорилготойгоор өөрийн фейсбүүк цахим хуудсаар мэдээлэл тавьсан, миний буруу байхгүй, чанаргүй тавилга хийж өгсөн, одоо учраа олсон...Уучлалт гуйх үндэслэлгүй” гэсэн агуулгатай тайлбар гаргаж, маргасан байна.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Анхан шатны шүүхээс “...хариуцагч Э-д нэхэмжлэгч ”С” ХХК нь доголдолтой тавилга нийлүүлсэн гэдэг боловч ажил гүйцэтгэх гэрээний доголдлоо арилгуулахаар шаардах эрх нь нээлттэй байсан буюу гэрээний доголдлын талаар олон нийтэд зайлшгүй нийтлэл хүргэх шаардлагатай, нийтийн эрх ашиг хөндөгдөж болзошгүй нөхцөл байдал тогтоогдохгүй, ...талууд ажил гүйцэтгэх гэрээгээ дүгнэж, улмаар хохирлоо барагдуулах талаараа холбогдох хууль хяналтын байгууллагад мэдүүлэх эрх нь нээлттэй байсаар байтал таарамжгүй харилцаанаас үүдэн олон нийтийн сүлжээнд мэдээлэл тарааж байгаа нь бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байна” гэсэн дүгнэлт хийж, Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.22, 497 дугаар зүйлийн 497.13, 511 дүгээр зүйлийн 511.14-д зааснаар нэхэмжлэгч ”С” ХХК- ийн нэр хүндийг гутааж, худал ташаа мэдээлэл тараасан хэлбэр, хэрэгслээр няцаалт хийж, уучлалт гуйхыг хариуцагч Э-д даалгаж шийдвэрлэсэн. (12)5
2. Давж заалдах шатны шүүхээс “...Хариуцагч Э-ийн өөрийн фейсбүүк хуудсанд бичсэн сэтгэгдэл, нийтэлсэн зурагнуудад нэхэмжлэгч компанийн болон захирал С- ийн нэрийг дурдаж нийтлээгүй байхад зөвхөн нэг хүний фейсбүүк хаягаас бичсэн коммент сэтгэгдлээр тавилга хийсэн компанийн нэр хүндэд халдсан, худал ташаа мэдээлэл тараасан гэж үзэх боломжгүй юм. Нэхэмжлэгч тал тавилгыг тохирсон хугацаандаа чанарын шаардлага хангасан доголдолгүй бүтээгдэхүүн нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, чанарын доголдолтой байсан тавилгын зургууд тавьсан, нэхэмжлэгч доголдолтой байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдлаас дүгнэхэд хариуцагчийг нийтэлсэн нийтлэлийнхээ үнэн зөвийг нягтлаагүй, мэдээллийг тэнцвэртэй хүргэх зарчмыг баримтлаагүй, нэхэмжлэлийн шаардлагын талаар татгалзлаа нотлоогүй, мэдээллүүд нь нэхэмжлэгчийн нэр төрийг гутаасан гэж үзэх боломжгүй, ...цахим хуудсанд байрлуулсан тавилгын зургууд нь бодит байдал дээр чанарын доголдолтой хийгдсэн тавилга мөн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, харин нэхэмжлэгч “С” ХХК, захирал С нарын талаар олон нийтэд худал ташаа мэдээлэгдэж, түүний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гэх үйл баримт нотлох баримтаар тогтоогдохгүй” гэж дүгнэн, хариуцагчийн гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, “С” ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. (13)
3. Нэхэмжлэгч тал нь хяналтын гомдолдоо: “...Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх хүсэлтэй байна. Давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй, буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хариуцагч этгээд болох Э нь хэдийгээр өөрийн сонгосон арга хэлбэрээр үзэл бодлоо илэрхийлсэн боловч бусдын эрхийг хөндөх үйлдэл хийж байгаа гэдгээ мэдэж, зориуд олон нийтийг мэдээсэй гэдгийг хүсэж удаа дараагийн үйлдлээр олон нийтийн цахим сүлжээнд өөрийн захиалж хийлгэсэн тавилгын зургийг нийтэлж байснаараа хэн нэгэн этгээд тухайн захиалгат тавилгыг хийж гүйцэтгэсэн компанийн нэрийг дурдаж бичээсэй, асууж бичээсэй гэж хүлээж байсан нь тодорхой харагддаг бөгөөд энэ нь биеллээ олж “С ” ХХК-ийн нэрийг үл таних нэг иргэн асууж сэтгэгдэл бичсэн байдаг. Гэтэл хариуцагч Э ийн зүгээс өөрийн нийтлэлийн үр дагаврыг мэдэж байсан учир тухайн асуултад “мөн, биш” гэх ямар нэгэн байдлаар хариу үзүүлээгүй нь “С ” ХХК мөн шүү гэж мэдүүлж байгаа хууль бус үйл баримт юм. Энэхүү үйл баримтыг давж заалдах шатны шүүхээс “хариуцагч нь өөрийн нийтэлсэн мэдээлэлдээ компанийн нэрийг цохон тэмдэглээгүй байгаа нь хариуцагчийг хууль зөрчиж бусдын нэр төрд халдсан гэж үзэх үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн нь хуулийг зөрүүтэй, буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй төдийгүй хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой, энэ төрлийн хууль бусаар бусдын эрхийг бүдүүлгээр зөрчих явдлыг таслан зогсоох ач холбогдолтой юм” гэжээ.
4. Хяналтын шатны шүүхээс Хариуцагч Э- ийн фейсбүүкт 2023.08.10 гэсэн огноо бүхий Зураг гэсэн цэс рүү ороход 8 гэрэл зураг нь гал тогооны тавилгын зураг, үүдний шкаф, гал тогооны тавилга угсарч байгаа зураг бүхий 8 зураг, текст дээр энэ бүр арай юу гэсэн нэртэй мөн өдрийн өрөөний шкаф, тавилга бүхий зурагтай текст буцаагдсан нэг тавилгаа бол өгөөгүй мөнгөнд авчихсан, өөрсдийн алдаагаа мэдээд гэсэн утгатай 7 зураг, үүдний шкафын 7 зурагт уул нь их гоё харагдах байдалд хууртаж болохгүй чадахгүй бол бусдын хайран цагийг бүү үр гэсэн гарчигтай пост, манай тавилга хийлгэсэн компаниар үйлчилгээ аваад сэтгэл ханамжаар хохироосон тавилгаа солиулсан айл зөндөө байдаг байна ш дээ. Нээрээ яагаад хэлдэггүй юм болоо бүгд хөдөлмөрлөж мөнгө олдог биздээ. Гэр дотор хэмжээ аваад хүссэн чулуун тавцан манайх л далийлгаж хараад байгаа байх гээд зураг орууллаа. Хэлээд өгөөрэй гал тогооны чулуун тавцангийн 1 зураг бүхий пост, захирал нь ирээд ядаж хийсэн тавилгаа үзээсэй. Манайд байгаад байхаар эдэлгээний гэмтэл надад атаархсандаа албаар үйлдэл ийм болголоо гэхүүдээ, манайх нээрээ энэ тавилгад нь хүрч чадахгүй хэцүү байна. Хоёр бага насны хөдөлгөөн ихтэй хүүхэдтэй, юм нь салаад унах вий дээ гэхээс айгаад байна. Энд тэнд тайлбар хийж чат бичиж баримт цуглуулж хандалт тоолж байхаар манайд ирээрэй. Манайд ирээд яагаад бухимдаад байгааг нүдээр хараад гэрч болох хүн байвал хүрээд ирээрэй. Нээлттэй шүү гэх пост, хийсэн тавилганынх нь 8 зурагтай пост, мөн түүнчлэн 2023.08.19-ний өдөр “Хүнд ийм юм хийж өгчхөөд яаж хоол хоолойгоор нь даваад байж байдаг байна аа, хүн чанар гэж алга аа” гэж олон нийтэд хандан өөрийн фейсбүүкт пост /мэдээлэл/ оруулсныг 22 хүн үзэж, 34 сөрөг сэтгэгдэл бичигдэж, уг мэдээллийг 6 удаа бусдад хуваалцсан ба 34 сөрөг сэтгэгдлийн дотор ... фейсбүүк хаягаас “ene tavilga hiilgesen gazar С bilv” гэсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгээр тогтоогдсон байх бөгөөд хариуцагч нь өөрийн фейсбүүк цахим хуудсаар нэхэмжлэгч ”С” ХХК-д тавилга хийлгэх захиалга өгсөн, хийсэн тавилга нь чанар муу байсан тул хурдан хугацаанд засвар, үйлчилгээ хийлгэх зорилгоор мэдээлэл тавьсан талаар маргаагүй байна. (7)
5. Facebook /фейсбүүк/ нь хувь хүмүүс өөрийгөө олон нийтэд танилцуулах, санал сэтгэгдлээ хуваалцах эсвэл албан байгууллагууд бизнесээ танилцуулах, сурталчлах, мөн түүнчлэн тодорхой сонирхлын бүлгүүд хувийн болоод хамтын сонирхлоо бусадтайгаа хуваалцах, хэлэлцэхэд ашигладаг дэлхийн хамгийн том нийгмийн сүлжээ юм.Энэхүү сошиал платформ нь фейсбүүк хэрэглэгчийн илгээсэн аливаа мэдээллийг өргөн хүрээнд, богино хугацаанд, хил хязгааргүйгээр бусдад хүргэх олон давуу талтай, нөгөө талаасаа бизнес эрхлэгчдийн тухайд өөрийн бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг сурталчлах, хэрэглэгчдийг өөртөө татах маркетингийн шинэ суваг болсон байх бөгөөд “Фейсбүүк хуудас” нь тухайн хаяг эзэмшигч хүний хувийн зүйл мэт боловч энд оруулсан аливаа мэдээлэл нь олон нийтэд ил болдог. (9)
6. Иргэний нэр, нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүргийг Иргэний хуулиар тусгайлан зохицуулсан. (10)
7. Нэхэмжлэгч тал буюу ажил гүйцэтгэх гэрээний гүйцэтгэгч тал нь захиалагч буюу хариуцагчийн тавьсан шаардлагын дагуу зарим тавилгыг буцаан авч зохих төлбөрийг өгсөн, улмаар үлдсэн тавилгын доголдлыг арилгахаар гэрээний талуудын хооронд тодорхой үйлдлүүд хийгдэж байсан байх тул Э-ийн өөрийн фейсбүүк хуудаст хэд хэдэн удаа /энэ тогтоолын 7-д заасан/ пост оруулсныг бодит байдалд нийцээгүй мэдээлэл буюу нэхэмжлэгч компанийн ажил хэргийн нэр хүндэд халдсан гэж үзэх нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.36-т нийцэж байх тул анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт, шийдвэрийг үндэслэлтэй гэж үзлээ.
8. Анхан шатны шүүхийн шийдэл зөв боловч шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагчийн няцаалт хийх үүргийг тодорхой тусгаагүй байна. Иймээс хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.(14).
9. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар тавилга захиалж хийлгэсэнтэй холбоотой нэхэмжлэгч “С” ХХК-ийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасандаа хариуцагч Э нь өөрийн “Э” гэсэн фейсбүүк хуудсаар дамжуулан “С” ХХК-аас уучлалт гуйх, тавьсан пост бүртээ залруулга хийхийг хариуцагч Э-д даалгасугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэжээ.
---o0o---
[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
[2] Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ.”
[3] Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”
[4] Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-т “Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ.”
[5] “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.
[6] Иргэний хуулийн 21 пүгээр зүйлийн 21.3-т “Бодит баримтыг бүрэн гүйцэд мэдээлээгүйгээс бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан бол энэ хуулийн 21.2-т заасан журмаар няцаах үүрэг хүлээнэ.”
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
“Сонгууль-2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан боллоо
3 days ago
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
1 week ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Баттулгын Дөлгөөн
2024-12-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн
2024-12-24 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Judilogy
2024-12-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Баярцогт Дашням
2024-12-22 Нийтлэлдуудаж байна ! -
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна !