Хуулийн этгээдийн цахим төлбөрийн системд хууль бусаар нэвтэрч хуурамч татварын мэдээлэл нэмж оруулан хохирол учруулжээ.

2024-10-08 Шүүхийн академи

САНАМЖ: Энэхүү хураангуй нь гагцхүү олон нийтэд мэдээлэл болгох зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр анхан шатны шүүхийн шийдвэр1 болно.


Шүүхийн шийдвэрийн дугаар: 2021/ШЦТ/285
Шүүхийн шийдвэрийн огноо: 2021 оны 05 дугаар сарын 28
Шүүгдэгч: Д.Э
Хохирогч: “У” ХХК, хууль ёсны төлөөлөгч Б.М
Шүүхийн шийдвэр: Хуулийн этгээдийн ebarimt.mn цахим төлбөрийн баримтын системд хууль бусаар нэвтэрч хуурамч татварын мэдээлэл нэмж оруулан хохирол учруулсан.
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр анхан шатны шүүхийн шийдвэр.
Маргааны төрөл: “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэмт хэрэг.

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

1. Шүүгдэгч Д.Э нь 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс 2020 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт хүнсний дэлгүүр, бар, караоке, дэн буудлын үйл ажиллагаа явуулдаг “У” ХХК-ийн ebarimt.mn цахим төлбөрийн баримтын системд нэвтрэх нэр, нууц үгийг олж аван, хууль бусаар нэвтэрч 27.670.580 төгрөгийн борлуулалтын дүн бүхий 41 ширхэг баримтыг хуурамчаар нэмж оруулан хуулийн этгээдэд 2.767.058 төгрөгийн татварын өр үүсгэж, 553.430 төгрөгийн буцаан олголтыг өөрийн дансаар дамжуулан авчээ.

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Э нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь тогтоогдсон бөгөөд татварын буцаан олголт хэлбэрээр авсан 553.430 төгрөгийг буцаан нөхөн төлж, эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.


ХУУЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ

3. Шүүх Д.Э-н дээрх үйлдлийг “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж, сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан; компьютерийн системд санаатайгаар хууль бусаар мэдээлэл дамжуулсан, үйл ажиллагаа хязгаарласан; мэдээлэл хадгалагдаж байгаа төхөөрөмжийг устгасан, гэмтээсний улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. /2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн Эрүүгийн хуульд оруулсан өөрчлөлтөөс өмнөх зохицуулалтаар/

4. Уг гэмт хэрэг нь гэмт этгээд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хувь хүн, байгууллагын цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж компьютерын өгөгдөл, системд нэвтэрсэн, мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерын сүлжээнд халдаж, бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учруулснаар гэмт хэргийн бүрдэл хангагддаг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм. (Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/285 дугаар шийдвэрийн 15 дахь цогцолбор)

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол, хор уршгийг нөхөн төлсөн тохиолдолд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмыг хуульчилсан.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана”.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 заалтад “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил хүртэлх хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болохоор хуульчилсан байна.

ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ

8. Анхан шатны шүүхээс Д.Э-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Цахим мэдээлэлд хууль бусаар халдах” гэмт хэргийг 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдэж бусдын хууль ёсны эрх ашигт хохирол учруулсан гэм буруутайд тооцож;

9. Шүүгдэгч Д.Э-с иргэний нэхэмжлэгч Татварын ерөнхий газарт учруулсан хохирол болох 553.430 төгрөгийн буцаан олголтыг нөхөн төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал буюу урьд гэмт хэрэг үйлдэж байгаагүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн ба прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуульд заасан оршин суух газраа, эрхэлсэн ажлаа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэж шийдвэрлэжээ.

10. Мөн хохирогч “У” ХХК-ийн нэр дээр үүссэн 2.767.058 төгрөгийн татварын өрнөөс чөлөөлөхийг Хан-Уул дүүргийн татварын хэлтэст даалгасан байна.

-оОо-

 

[1] Энэхүү шүүхийн шийдвэрийн хураангуйг боловсруулахдаа Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 2021/ШЦТ/285 дугаартай шийтгэх тогтоолыг ашигласан болно. 

Холбоосууд:

https://www.jtrii.mn/mn/news/85