Элчин сайдын яам виз олгохоос татгалзсан тохиолдолд зуучлалын байгууллага гэрээгээр тохиролцсон зөвлөх үйлчилгээний төлбөрийг зуучлуулагчид буцаан олгоно.

2024-10-10 Шүүхийн академи

САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол болно.


Шүүхийн шийдвэрийн дугаар: 001/ХТ2022/00766
Шүүхийн шийдвэрийн огноо: 2022 оны 06 дугаар сарын 21-ний өдөр
Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Нэхэмжлэгч нь Зуучлалын байгууллагатай Австрали Улсад суралцуулах гэрээ байгуулж, тус улсад хэлний бэлтгэлд 1 жилийн хугацаатай суралцуулах, зөвлөх үйлчилгээний төлбөрт 20,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. Харин Австрали Улсын Дотоод хэргийн яам оюутны виз олгохоос татгалзсан хариу өгсний улмаас нэхэмжлэгч хохирсон гэж үзэн учирсан хохиролд 24,163,729 төгрөгийг Зуучлалын байгууллагаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч талаас суралцагч хуурамч материал бүрдүүлэн өгснөөс болж визээ авч чадаагүй тул Зуучлалын гэрээнд зааснаар бид зөвлөх үйлчилгээний төлбөрийг буцаан олгох боломжгүй гэж тус тус маргасан.


ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР

1. Анхан шатны шүүхээс талуудын хооронд Иргэний хуулийн 410-р зүйлийн 410.12 дэх хэсэгт заасан “Зуучлалын гэрээ” байгуулагдсан гэж үзэж, хариуцагчаас 16,794,789 төгрөгийг гаргуулж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. Ингэхдээ Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсгээс гадна мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.13, 227 дугаар зүйлийн 227.14 дэх хэсэг “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэсэн ерөнхий заалтыг баримталж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан. Харин Давж заалдах шатны шүүхээс “...Хариуцагч нь нэхэмжлэгчийн төлсөн 20,000,000 төгрөгөөс сургалтын төлбөрт 8,795,200 төгрөгийг сургуульд нь шилжүүлсэн, эрүүл мэндийн даатгалын төлбөрт 1,007,191 төгрөгийг Австрали Улсын эрүүл мэндийн даатгалын компанид төлсөн, мөн визний төлбөрт 1,205,211 төгрөгийг Австрали Улсын элчин сайдын яаманд тушаасан байх бөгөөд дээрх зардлууд нь хариуцагч байгууллагаар дамжуулан бусдад шилжүүлсэн нэхэмжлэгчтэй холбоотой зардал тул холбогдох байгууллагаас буцаан гаргуулах боломжтой...” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

2. Хариуцагч талаас “Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх нь хэсэг, Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт “...зохигчдын хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан Зуучлалын гэрээ байгуулагдсан байна.” гэж дүгнэснээс өөр хуулийн заалтыг хэрэглээгүй хэргийг шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэр, магадлалын тогтоох нь хэсэгт “...Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагчаас ... төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, ...” гэж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байх тул дээрх үндэслэлүүдийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” хэмээн хяналтын журмаар гомдол гаргажээ.

3. Хяналтын шатны шүүхээс Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410 дэх хэсгээс гадна мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” гэсэн ерөнхий заалтыг баримталсныг хууль хэрэглээний хувьд буруутгахааргүй байх бөгөөд хариуцагч нь гэрээний дагуу зөвлөх үйлчилгээний төлбөрийг ямар нэгэн суутгал, шимтгэлгүйгээр буцаан төлөх үүрэг хүлээж байх тул хариуцагчаас бусдад шилжүүлсэн төлбөрийг “нэхэмжлэгч өөрөө олж авах боломжтой” гэх шалтгаанаар хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй талаар дүгнэжээ. (13)5

4. Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагчаас нэхэмжлэгчид буцааж төлсөн төлбөрийг хасч, үлдэх 16,794,789 төгрөгт холбогдох шаардлагыг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн тул дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

 

 

---o0o---

 

 

[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.

[2] Иргэний хууль (2002)-ийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэг “Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх, зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг тус тус хүлээнэ.”

[3] Иргэний хууль (2002)-ийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэг “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй.”

[4] Иргэний хууль (2002)-ийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэг “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй.”

[5] “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.

Холбоосууд:

https://www.jtrii.mn/mn/news/784