Бусдын асран хамгаалалтад шилжүүлсэн төрсөн хүүхдийнхээ тэтгэмжийг өөртөө авсан нь гэмт хэрэг биш

2024-11-20 Шүүхийн академи

САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.


Шүүхийн шийдвэрийн дугаар: Дугаар 420
Шүүхийн шийдвэрийн огноо: 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдөр
Шүүхийн шийдвэрийн төлөв: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн.

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Шүүгдэгч нь өөрийн төрсөн хүүг “Монголын СОС” хүүхдийн хотхонд асран хамгаалуулахаар хүлээлгэн өгч “Хүүхэд хүлээн авах гэрээ”-г байгуулжээ. Уг гэрээнд хүүхдийг хотхонд хүлээн авснаас хойш хүүхдэд олгогдох бүх төрлийн мөнгөн тэтгэлгийг хуулийн дагуу харьяа сум, дүүргийн Хөдөлмөр, хамгааллын хэлтэст шилжүүлнэ гэж заасан. Гэвч шүүгдэгч нь гэрээний үүргээ зөрчиж хүүд олгогдох ёстой тэжээгчээ алдсаны тэтгэврийн мөнгийг “...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж” 2010 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл өөртөө авч бусдад 19,778,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.


ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР

1. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн (2015) тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.12, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн (2017) 36.8 дугаар зүйлийн 1.3-д зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 20.395.129 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч буюу түүний төрсөн хүүд 2021 оны 3 дугаар сарын 19-ний дотор хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгчийн эзэмшлийн “Самсунг” маркийн 42 инчийн зурагтыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж, уг зурагтыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирлыг нөхөн төлөх зорилгоор худалдан борлуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэжээ.

2. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй”4 үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэжээ.

3. Прокуророос хяналтын шатны шүүхэд эсэргүүцэл гаргахдаа давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хэрэв шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн шинжгүй гэж үзвэл мөн хуулийн 17.4 дүгээр зүйлд5 заасан “Эд хөрөнгө завших” гэмт хэргийн шинжтэй байхаар байна гэсэн үндэслэлээр гаргажээ.

4. Хяналтын шатны шүүхээс “... шүүгдэгч нь өөрийн төрсөн хүүгийн тэжээгчээ алдсаны тэтгэврийг авахын тулд хуурамч баримт бүрдүүлж, зохиомол байдлыг зориудаар бий болгоогүй, хүү нь хуульд заасны дагуу 18 насанд хүрээгүй буюу эрх зүйн чадамжгүй байсан үед Нийгмийн даатгалын байгууллага хүүхдийн хууль ёсны асран хамгаалагч болох төрсөн эцэгт нь тэтгэмжийн мөнгийг шилжүүлж байсан нь хууль зөрчөөгүй ... Харин шүүгдэгчид түүний хүүг хүүхдийн асрамжийн газарт байх хугацаанд Нийгмийн даатгалын байгууллагаас дансанд нь шилжүүлсэн тэтгэмжийн мөнгийг хүү, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэх эрхтэй...”6 хэмээн дүгнэж давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

 

---o0o---

 

 

[1] Шүүхийн шийдвэрийн бүрэн эхээр нь унших бол энд дарна уу. 

[2] Иргэний хууль (2002)-ийн 497 дугаар зүйлийн 497.1 “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”.

[3] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 “Шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана: 1.6 гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, эсхүл хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”.

[4] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх дараах үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоно: 1.1.гэмт хэргийн шинжгүй”.

[5] Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйл “Хөрөнгө завших” гэмт хэрэг.

[6] УДШ-ийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 420 дугаар тогтоолын 32-33 дахь цогцолбороос эшлэв.

 

Холбоосууд:

https://www.jtrii.mn/mn/news/763