Орон байранд нэвтэрч үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хохирлын хэмжээ бага байх нь цагаатгах үндэслэл болохгүй.
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: Дугаар 61
Шүүхийн шийдвэрийн огноо: 2024 оны 04 сарын 24-ний өдөр
Шийдвэрийн төлөв: Анхан шатны шүүхийн тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийг цагаатгасан давж заалдах шатны магадлалыг хяналтын шатны шүүхээс хүчингүй болгож, анхан шатны тогтоолыг хэвээр үлдээв.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Шүүгдэгч бусдын эзэмшлийн Монгол гэрийн тооноор нэвтрэн орж, гоёлын бөгж, хөгжим, цахилгаан индүү, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 175,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Тухайн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хууль (2015)-ийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг2 журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар3 шүүгдэгчийг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэжээ.
2. Харин тухайн дүүргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2017 он)-ийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан4 “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгчийг цагаатгасан байна. Ингэхдээ “шүүгдэгчийн үйлдлийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, эд зүйлийг буцаан өгсөн, хохирогчийг хохиролгүй болгосон зэрэг хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгчийн үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хэр хэмжээ ялимгүй байх тул гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй байна” хэмээн дүгнэсэн байна.
3. Тухайн дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “Үндсэн хуульд заасан, Монгол улсын иргэний орон байрны халдашгүй байдал, халдашгүй чөлөөтэй байх баталгаатай эдлэх эрхийг хамгаалж байгаа нэг хамгаалалт болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан заалтыг үгүйсгэж, хохирогчийн орон байрны халдашгүй чөлөөтэй байдалд халдаж хохирол учруулсан шүүгдэгчийн гэмт үйлдлийг гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, нийгмийн аюулын хэр хэмжээ ялимгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал хууль зүйн үндэслэлгүй байна” гэжээ.
4. Хяналтын шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “гэмт хэргийн нийгмийн аюул нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлын мөн чанар, үнэ цэнийг илэрхийлсэн хууль цаазын үнэлэмж бөгөөд түүний бүрэлдэхүүний объектив ба субьектив шинжүүдийн нэгдэл юм” (47)5 гэдгийг онцлов. Тодруулбал, “гэмт хэргийн нийгмийн аюул нь гэмт халдлагад өртсөн объектын шинж, ач холбогдол, гэмт хэрэг үйлдсэн арга, цаг үе, газар, хэрэглэсэн зэвсэг хэрэгсэл, учруулсан хохирол, хор уршиг, сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр зэргээр тодорхойлогддог” (48) бөгөөд “эдгээр нөхцөл байдал нь гэмт хэргийн нийгмийн аюулыг ихэсгэх хүчин зүйл болдог тул шүүгдэгчийн хувийн байдлыг сөргөөр үнэлэхэд хүргэж ялын бодлогод шууд нөлөөлдөг ба ингэснээрээ Эрүүгийн хуулийн хамгаалах зорилгыг хэрэгжүүлэхэд онцгой ач холбогдолтой болно” (49) гэдгийг дурдсан байна.
5. Түүнчлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хулгайлах гэмт хэрэг үйлдсэн арга, хэрэглэсэн зэвсэг хэрэглэл, халдлагын зүйл, хохирлын шинж чанар, хэр хэмжээг хүндрүүлэх бүрэлдэхүүнээр тогтоосон бөгөөд уг хуулийн 2.5 дугаар зүйлийн 4.3-т заасан6 “бага хэмжээний хохирол” нь энэ хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарахгүй болох талаар энэхүү зүйлийн тайлбарт тодорхой заасан байдаг (51). Цаашлаад, хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх ба онц хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн тохиолдолд учруулсан хохирлын хэр хэмжээ нь тухай үйлдлийг гэмт хэрэгт тооцоход болон хэргийн зүйлчлэлд огт нөлөөлөхгүй (52) гэжээ.
6. Иймд, хохирогчийн байнга амьдардаг Монгол гэрийн тооноор нэвтрэн орж түүний орон байрны халдашгүй байдлыг, дөрвөн төрлийн 175,000 төгрөгийн эд хөрөнгийн хулгайлж өмчлөх эрхийг нь тус тус зөрчсөн шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т заасан7 “...үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй” гэж дүгнэх үндэслэлгүй юм (53) гэв. Тиймээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн (54) байна.
---o0o---
[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
[2] Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;”
[3] Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч;”
[4] Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт “гэмт хэргийн шинжгүй;”
[5] Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалтан доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.
[6] Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалт ““бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг.”
[7] Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.”
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
3 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !