Захиргааны актын бичилтийн алдаа нь “шийтгэлийн хуудас”-ыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл болохгүй.
САНАМЖ: Энэхүү хураангуй нь хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 115/ШШ2023/0005
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ:
Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нь зөрчилд холбогдогч хуулийн этгээдийн гаалийн байгууллагад бараагаа мэдүүлэхдээ 2 нэр төрлийн барааны тоо хэмжээг зөрүүтэй мэдүүлсэн зөрчлийг 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдөр илрүүлэн, зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №0131141 “Шийтгэлийн хуудас”-аар холбогдогч хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйл “Гаалийн тухай хууль зөрчих” -ийн 14 дэх хэсэгт2 зааснаар 815,330 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос гаалийн улсын байцаагчийн дээрх 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №0131141 дугаарын "Шийтгэлийн хуудас"-ыг хүчингүй болгуулахаар шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ “...гаалийн улсын байцаагч нь зөрчилд холбогдогч хуулийн этгээд нь гаалийн байгууллагад бараагаа мэдүүлэхдээ 2 нэр төрлийн барааны тоо хэмжээг зөрүүтэй мэдүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар3 торгох шийтгэл оногдуулах үндэслэлтэй байхад хуулийг буруу хэрэглэж Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дахь хэсэгт зааснаар торгож шийдвэрлэсэн тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй” гэж дурджээ.
Харин хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаас “…шийтгэлийн хуудаснаас бусад зөрчлийн хэргийн материал дээр хуулийн зүйл, заалт, хэсгийг зөв бичсэн, харин шийтгэлийн хуудсаа бичихдээ буруу биччих вий гэж хэт анхаарч, загвар харж бичихдээ “11.21 дүгээр зүйлийн 1-ийн 1.1 дэх хэсэг” гэж бичихийг “11.21 дүгээр зүйлийн 14” гэж тоог андуурч бичсэн техникийн алдаа гаргасан, зөрчилд холбогдогч нь зөрчлөө хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг төлж барагдуулсан, иймээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй” гэх агуулгаар маргасан.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
Шүүх прокурорын дүгнэлт4-ийг хангах үндэслэлгүй гэж үзэхдээ дараах байдлаар тайлбарлажээ.
1. Прокуророос дүгнэлтдээ хавсарган ирүүлсэн “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал”-ын “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн” тухай тэмдэглэлд “...Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан зөрчил үйлдсэнийг ...илрүүлж” гэж тэмдэглэгдсэн байгаагаар хариуцагч нь зөрчлийг зөв зүйлчилсэн болох нь тогтоогдсон буюу хариуцагч гаалийн улсын байцаагчийн “...зөвхөн шийтгэлийн хуудсыг бичихдээ техникийн алдаа гаргаж тоог андуурсан, зөрчлийн хэргийн бусад материалд хуулийн заалтаа зөв бичсэн, зөрчлийг зөв зүйлчилсэн” гэх тайлбар нь үндэслэлтэй.
2. Гагцхүү “Шийтгэлийн хуудас”-д “Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1” гэж бичихийг “Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14” гэж бичсэн нь хариуцагч эрх бүхий албан тушаалтны “захиргааны актын бичилтийн алдаа” байна гэж дүгнэсэн.
3. Захиргааны ерөнхий хуулийн 45 дугаар зүйлийн 45.1-д “Захиргааны актын бичилт болон тооцооны алдаа, түүнтэй адилтгаж болохоор өөр бусад илэрхий алдааг захиргааны актын үндсэн зохицуулалт, утга, агуулгыг өөрчлөхгүйгээр захиргааны байгууллага өөрөө, ... засах эрхтэй” гэж зааснаар хариуцагч эрх бүхий албан тушаалтан нь “шийтгэлийн хуудсыг үйлдэхдээ гаргасан бичилтийн алдаагаа засах эрхтэй” байхад прокуророос актаа засах хуульд заасан боломжийг нь олголгүйгээр “Шийтгэлийн хуудас”-ыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар дүгнэлт бичиж ирүүлсэн нь үндэслэлгүй.
4. Түүнчлэн “Шийтгэлийн хуудас”-ыг хүчингүй болгосноор холбогдогч хуулийн этгээдийн үйлдсэн Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсгийн “гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн” гэх зөрчил нь үгүйсгэгдэхгүй бөгөөд шийтгэлээс чөлөөлөх үндэслэл болохгүй, мөн хариуцагч эрх бүхий албан тушаалтнаас холбогдогч хуулийн этгээдэд оногдуулсан торгох шийтгэл нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн ..., хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх”, 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан зарчмуудад нийцсэн байна гэж тус тус дүгнэн прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
---o0o---
[1] Шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
[2] Зөрчлийн тухай хууль (2017)-ийн 11.21 дүгээр зүйлийн 14 дэх хэсэг “Гаалийн зуучлагч, мэдүүлэгч гаалийн хууль тогтоомжийг зөрчсөн, эсхүл хууль тогтоомжид заасан эрхээ хэтрүүлсэн бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.”
[3] ЗтХ-ийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 “гаалийн мэдүүлэгт барааг бичихгүй орхисон, эсхүл худал бичсэн;” ...бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлсэн татварын дүнгийн 50 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
[4] Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (2016)-ийн 3 дугаар зүйлийн 3.1.11 "гомдол" гэж ... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан “прокурорын дүгнэлтийг” ойлгоно.
Холбоосууд:
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн албан хаагчийн төрд учруулсан хохирлыг нэхэмжлэн гаргуулахад гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзнэ.
2025-04-17
-
Бизнесийн нэрийн маргаан (Бодь ХХК vs Бодь-Интернэшнл ХХК)
2025-04-14
-
Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь үндсэн хууль зөрчсөн тухай 2025 оны 01 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-10
-
DONOLOI BADAMKHAND
2025-04-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
DONOLOI BADAMKHAND
2025-04-17 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Энхээгийн Батбаяр Бадамдоогийн Ганболд
2025-04-17 Нэг сэдэвт бүтээлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
Түрэмгий харь зүйл амьтан, ургамлыг хуулиар ялгамжтай тодорхойлох, эрх зүйн хийдлийг арилгах асуудал2025-04-15 Нийтлэлдуудаж байна ! -
Эрдэнэбаатар Эрхбилгүүн
2025-04-15 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-14 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Оюуны Инноваци ТББ
2025-04-12 Судалгааны тайландуудаж байна ! -
Зоригтбаатарын Буяндаваа
2025-04-11 Нийтлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-09 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Алтанцэцэгийн Пүрэвдулам
2025-04-07 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !