Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцан арилгана
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ЖИШИГ ХУРААНГУЙ
(Иргэний эрх зүйн маргаан)[1]
САНАМЖ: Энэхүү хураангуй нь гагцхүү олон нийтэд мэдээлэл болгох зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн шийдвэр болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 001/ХТ2019/00076
Шүүхийн шийдвэрийн огноо: 2019 оны 01 сарын 17 өдөр
Нэхэмжлэгч: “МТ” ХХК, иргэн Я
Хариуцагч: О
Шүүхийн шийдвэр: Тээврийн хэрэгслийн өмчлөгч нь бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд учирсан хохирлыг хариуцан арилгана.
Шийдвэрийн төлөв: Хяналтын шатны шүүх анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.
Маргааны төрөл: Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол
Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос:
https://shuukh.mn/single_case/5703?daterange=2019-01-01%20-%202019-04-06&id=3&court_cat=1&bb=1
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
- Нэхэмжлэгч “МТ” ХХК-ийн Верна маркийн автомашиныг хот доторх такси үйлчилгээний зорилгоор иргэн Я өдөрт 20,000 төгрөгийн орлого төлөхөөр түрээсийн гэрээ байгуулан ашигладаг байсан.
- Хариуцагч О нь 2014 оноос “С” ХХК-тай ажлын байр хөлслөх гэрээ байгуулсан, харин автомашины зогсоолын гэрээ байгуулаагүй байна. Гэсэн хэдий ч О нь “С” ХХК-ийн зогсоолд машинаа тавьдаг байжээ. 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр зогсоолд машинаа тавихдаа өөр машиныг хааж тавьсан байсан учир зогсоолын манаач Д.Б-д “зогсоолд тавьсан автомашин гарах шаардлагатай бол автомашиныг маань хөдөлгөөд гаргачихаад буцаагаад зогсоолд тавиарай” гэж хэлж түлхүүрээ үлдээжээ.
- Тус өдрийн шөнө 03 цагийн орчимд А.Т болон манаач Д.Б нар нь хариуцагч О-ийн өмчлөл, эзэмшлийн автомашиныг согтуугаар жолоодож Сүхбаатар дүүргийн замд жолооч Я-гийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргаж, жолооч Я-гийн эрүүл мэндэд хохирол учруулсан байна.
- “МТ” ХХК-ийн автомашинд ослын улмаас нийт 4,928,000 төгрөгийн хохирол, иргэн Я-д олох байсан орлого болон эрүүл мэндийн хохиролд нийт 3,165,000 төгрөгийн хохирол учирчээ.
- Хариуцагч О-ийн зүгээс: Манаач Д.Б нь 2015 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр миний автомашиныг дур мэдэн, миний зөвшөөрөлгүйгээр А.Т гэдэг хүнээр жолоодуулан явж байгаад осол гаргасан. Д.Б-д “зогсоолд тавьсан автомашин гарвал машиныг хөдөлгөөд буцаагаад зогсоолд тавиарай” гэсэн болохоос биш өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг шилжүүлсэн зүйл огт байхгүй. “С” ХХК-тай байгуулсан түрээсийн гэрээний дагуу зогсоолд тавьсан автомашиныг тус компанийн манаач Д.Б нь ажлын хариуцлага алдаж, дур мэдэн зөвшөөрөлгүйгээр А.Т гэдэг хүнд тээврийн хэрэгслийг ашиглуулснаас болж бусдад хохирол учруулсан. Нэхэмжлэлд дурдсан бусдад учруулсан хохирол нь миний буруугаас болоогүй учраас энэ хохирлыг хариуцахгүй, харин дур мэдэн зөвшөөрөлгүйгээр бусдад хүний эзэмшлийн автомашин жолоодох эрх олгосон Д.Б, тухайн үед автомашин жолоодож явсан А.Т нар бүрэн хариуцах ёстой. Миний бие А.Т гэдэг хүнийг огт танихгүй ба энэ хүнд өөрийн эзэмшлийн автомашиныхаа түлхүүрийг өгөөгүй гэж маргажээ.
- Анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх нотлох баримт, шинжээчийн дүгнэлтэд үндэслэн хариуцагч О-оос 4,928,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “МТ” ХХК-д, мөн 3,165,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Я-д тус тус олгож шийдвэрлэсэн.
- Хариуцагч О анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч, “С” ХХК-ийн манаач Д.Б-д өөрийн эзэмшлийн автомашиныг зөвхөн тус компанийн грашны хашаан дотор хөдөлгөх тодорхой, хязгаарласан үйлдэл хийх зөвшөөрөл л олгосон, тэрнээс биш миний эзэмшлийн автомашиныг өөр хүнд зөвшөөрөл олгож жолоодуулан тус компанийн хашаанаас гаргаж явах зөвшөөрлийг огт өгөөгүй тул төлбөр төлөх үндэслэлгүй хэмээн хяналтын журмаар гомдол гаргасан.
ХУУЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ
- Хариуцагч О-д холбогдуулан гэм хорын хохирол гэж нэхэмжлэгч “МТ” ХХК нь 4,928,000.00 төгрөг, Я нь 3,165,000.00 төгрөгийг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, “... зогсоолд тавьсан автомашиныг манаач Д.Б нь А.Т-т ашиглуулснаас болж бусдад хохирол учруулсан нь миний буруугаас болоогүй, хохирлыг хариуцахгүй” гэж маргажээ.
- Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.”, 499.3 дахь хэсэгт “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй.”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, 510 дугаар зүйлийн 510.1 дүгээр зүйлд “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус зохицуулсан байна.
- О нь “С” ХХК-тай 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан “Байр талбайн түрээсийн гэрээ”-гээр талууд ажлын байр хөлслөх гэрээ байгуулсан, харин автомашины зогсоолын гэрээ байгуулаагүй, автомашин зогсоолд байршуулахаар тохиролцоогүй байна.
- Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх хуулийн заалтуудыг хяналтын шатны шүүх хуульд нийцсэн гэж үзсэн.
- Хариуцагч О нь бусдад автомашины түлхүүрээ үлдээснээс зам тээврийн осол гарах боломжийг бүрдүүлсэн, тээврийн хэрэгслийг ашиглуулах боломж олгосон учраас тээврийн хэрэгслийг өмчлөгчийн хувьд нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг О хариуцах үүрэгтэй гэж хяналтын шатны шүүхээс үзсэн байна.
ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ
- Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
- Хариуцагч О-ын гомдлыг Улсын дээд шүүх хүлээн авч хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хуулийн шаардлагад нийцсэн байна гэж үзсэн.
-оОо-
[1] Иргэний эрх зүйн маргааны шүүхийн шийдвэрийн хураангуйг боловсруулахдаа Монгол Улсын дээд шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 001/ХТ2019/00076 дугаар тогтоолыг ашигласан болно.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
7 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !