Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй холбоотой журмын заалтыг түдгэлзүүлэв

2022-10-07 Улсын дээд шүүх

Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-д үүрэн холбооны үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг “...сонгон шалгаруулалтаар олгох…” гэж заажээ.

Нэхэмжлэгч “Ондо” ХХК-аас “…үүрэн холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулалтаар олгох хэм, хэмжээг тогтоосон нь хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт бий болгосон. Хуульд нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргаагүй (тухайлбал, нэг этгээд өргөдөл гаргасан) тохиолдолд сонгон шалгаруулалтгүйгээр олгох зохицуулалттай...” гэх үндэслэлээр журмын дээрх заалтыг хүчингүй болгуулахаар маргасан байна.

Хэрэгт авагдсан баримтаар, “Ондо” ХХК нь “Радио давтамж ашиглах эрхийн бичиг (гэрээ)” “Интернэтийн үйлчилгээ эрхлэх” болон түүнд суурилан “Ярианы үйлчилгээ” эрхлэх тусгай зөвшөөрөл тус тус авч, эдгээр тусгай зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа нь тогтоогджээ.

Давж заалдах шатны шүүх дээрх маргааныг анхан шатны журмаар хэлэлцээд “…журам батлах бүрэн эрх нь хариуцагчид хуулиар олгогдсон бөгөөд хууль зөрчсөн байдал тогтоогдоогүй...” гэж дүгнэн,  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Улсын дээд шүүх давж заалдах журмаар хэргийг хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

Харилцаа холбооны тухай хуульд “Нэг нутаг дэвсгэрт үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл авахаар хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан бол сонгон шалгаруулах замаар олгоно” гэж заасан нь тодорхой нэг нутаг дэвсгэрт адил төрлийн үйлчилгээ үзүүлэхээр хэд хэдэн этгээд өргөдөл гаргасан тохиолдолд сонгон шалгаруулалтаар, харин бусад тохиолдолд өргөдлөөр шийдвэрлэж болохыг хууль тогтоогч ялгамжтай зохицуулсан  гэж үзэхээр байна.

Гэтэл Харилцаа холбооны зохицуулах хорооноос баталсан “Харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн журам”-аар үүрэн холбооны  бүхий л үйлчилгээ (үүнд яриа, дамжуулалт, дугаарлалт)-ний тусгай зөвшөөрлийг зөвхөн сонгон шалгаруулах замаар олгохоор журамласан нь хуулийн дээрх заалт, түүнчлэн Захиргааны ерөнхий хуульд заасан аливаа хэм хэмжээний акт (журам) нь  “Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн байх”, “хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх” шаардлагад нийцэхгүй байна гэж дүгнэв.

Харилцаа холбооны зохицуулах хороо нь хуулийн дээрх зохицуулалтад нийцүүлэн журмын заалтаа өөрчлөн батлах боломжтой, шүүхээс үүнийг нөхөн хэрэгжүүлэх боломжгүй, шүүхийн дүгнэх хүрээнээс хэтэрсэн гэж үзэж, журмын холбогдох заалтыг хуульд нийцүүлж дахин гаргах хүртэл 6 сарын хугацаагаар түдгэлзүүлэв.

Энэхүү хураангуй нь шүүхийн бүрэн гүйцэд шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

 

Хураангуй бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч М.Батсуурь

Холбоосууд:

http://www.supremecourt.mn/home?page=pages&id=58&pg=2708&pr=115&tp=list&h=0