Зээлийн гэрээний маргааны шүүхийн шийдвэрийн хураангуй

2022-10-19 Шүүхийн академи

ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ

(Зээлийн гэрээний маргаан)[1]

САНАМЖ: Энэхүү хураангуй нь гагцхүү олон нийтэд мэдээлэл болгох зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь давж заалдах шатны шүүхийн хүчин төгөлдөр магадлал болно.

Шүүхийн шийдвэрийн дугаар: 210/МА2022/00151

Шүүхийн шийдвэрийн огноо: 2022 оны 01 сарын 21 өдөр

Нэхэмжлэгч: “М” ХХК

Хариуцагч: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам

Шүүхийн шийдвэр: Худалдах, худалдан авах гэрээний үүрэг гүйцэтгүүлэх болон ханшийн зөрүүнээс үүдэлтэй алданги хариуцагчаас 812,026, 063 төгрөг гаргуулах тухай.

Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Маргааны төрөл: Худалдах, худалдан авах гэрээ.

Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос: https://bit.ly/3D7FqYg

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

  1. Нэхэмжлэгч “М” ХХК нь 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ХҮГСДХ-1/8 тоот “Зээлийн гэрээ”, мөн өдөр байгуулсан ХҮГСДХ-1/9 тоот “Зээлийн гэрээ”-ний дагуу тус тус байгуулсан.
  2. Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам төсвийн санхүүжилтийн байдлаас шалтгаалан зээлийг хэсэгчлэн шилжүүлсэн. Захиалагч тал хугацаа хожимдуулан санхүүжилт хийсний улмаас гэрээний хэрэгжилтийн явцад төгрөгийн ам.доллартой харьцах ханш огцом буурч, төгрөгийн ханш унаснаар зээлдэгч буюу ажил гүйцэтгэгч 870,914,301 төгрөгийн алдагдал нэхэмжилсэн байна.

ХУУЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ, ХЭРЭГЛЭЭ

  1. Нэхэмжлэгч “М” ХХК нь хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас валютын ханшийн зөрүүнд учирсан хохиролд 870,914,301 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 812,490,579 төгрөг болгон багасгасан хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч гэрээний үүргээ биелүүлсэн гэж маргажээ.
  2. Уг зээлийн мөнгөн хөрөнгийг нэхэмжлэгчид зээлийн гэрээ байгуулахаас өмнө өгөх үүрэг хариуцагч хүлээсэн эсэх уг үүргээ биелүүлээгүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан эсэх нь маргааны зүйл гэж давж заалдах шатны шүүх үзсэн байна.
  3. Нэхэмжлэгч “М” ХХК нь “хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйн улмаас 2013 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс мөн оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд гадаад валютын ханшийн зөрүү үүсч мөнгөн хөрөнгийн алдагдал, хохирол үүссэн” гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлах боловч хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны “гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн” гэх агуулгаар гаргасан татгалзал үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн байна.
  4. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 250 дугаартай “Сурагчийн дүрэмт хувцасны Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих тухай” тогтоолын 2, 3 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд хариуцагч нэхэмжлэгчид зээл олгох үндэслэл болсон байх бөгөөд уг тогтоол гарсны дараа буюу мөн оны 07 дугаар сарын 24-ний өдөр хөнгөлөлттэй нөхцөлөөр мөнгөн хөрөнгө зээлдэх, зээлдүүлэх талаар талууд харилцан тохиролцсон байна.
  5. Нэхэмжлэгч “М” ХХК-ийн мөнгөн хөрөнгийг урьдчилан гадаад улсын худалдагч талд шилжүүлсэн гэх хугацаанаас хойш уг гэрээ байгуулагдсан байх тул аливаа хохирол үүссэн бол энэ нөхцөл байдлыг зээлийн гэрээний агуулгыг тодорхойлохдоо харгалзан үзэх боломжтой байсан.
  6. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар талууд гэрээний агуулгаа чөлөөтэй тодорхойлох эрхтэй байсан. Хэрэгт авагдсан зээлийн гэрээнээс өөр хариуцагчаас нэхэмжлэгчид мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй байсан гэх баримт байхгүй байна.
  7. Тодруулбал талуудын хооронд 2013 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн ХҮГСДХ-1/8 тоот, ХҮГСДХ-1/9 тоот гэрээнүүдийн дагуу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.
  8. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь зээлийн гэрээгээр хүлээсэн мөнгөн хөрөнгө шилжүүлэх үүргээ биелүүлсэн байх тул нэхэмжлэгч нь хохирол шаардах эрхтэй гэж үзэх үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэсэн байна.
  9. Хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь нэхэмжлэгч “М” ХХК- тай байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйгээс гадна тухайн гэрээ болон бусад үйл баримтаар нэхэмжлэгч “М” ХХК нь бусадтай хийсэн гадаад валютын ханшийн зөрүү үүсэж, мөнгөн хөрөнгийн алдагдал хүлээсэн тохиолдолд хариуцлага хүлээнэ гэсэн нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэсэн байна.

ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ

  1. Анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас 812,026,063 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
  2. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.

-оОо-

 


[1] Зээлийн гэрээтэй холбоотой маргааны шүүхийн шийдвэрийн хураангуйг боловсруулахдаа Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 01 сарын 21 өдрийн 210/МА2022/00151 дугаар магадлал ашигласан болно.

Холбоосууд:

https://www.supremecourt.mn/home?page=pages&id=157&pg=2669&pr=154&tp=list&h=0