Гэрээний үүрэг хангуулах зорилгоор бусдын хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, худалдан авах, бэлэглэл зэрэг гэрээгээр шилжүүлэн авах нь хүчин төгөлдөр бус хэлцэл болно

2022-08-04 Легал дата

Практикт иргэд хоорондоо байгуулсан гэрээ (ихэвчлэн зээлийн гэрээ, мөн түрээс, эд хөрөнгө хөлслөх гэрээ)-ний үүргийг хангуулах зорилгоор бусдын хөдлөх (ихэвчлэн тээврийн хэрэгсэл), үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, худалдан авах, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлэн авах явдал түгээмэл гардаг. Тэгвэл ийнхүү эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэн авахаар байгуулсан худалдах, худалдан авах, бэлэглэлийн гэрээ зэрэг нь хүчин төгөлдөр бус хэлцэл болох талаар шүүхийн шийдвэрүүд цөөнгүй гарсан байдаг. Эдгээр шүүхийн шийдвэрүүдээс дараах шийдвэрийг сонгон авч хураангуйлан хүргэж байна.

1. Хэргийн нөхцөл байдал:

Нэхэмжлэгч Ц.Б, хариуцагч Б.У нар 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, зээлдүүлэгч нь 60,000,000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй, 2 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч нь төлбөрийг хугацаанд нь төлөх, алданги тооцохгүй байхаар харилцан тохирсон, гэрээний 3.6 дахь заалтад үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор барьцаа болгож нэхэмжлэгч Ц.Б-ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 106б байрны 20 тоот 2 өрөө орон сууцыг хариуцагч Б.У-ын нэр дээр шилжүүлэн өгсөн ба гэрээний үүрэг хангагдсан тохиолдолд үл маргах журмаар Ц.Б-т буцаан шилжүүлэн өгөхөөр талууд тохиролцсон талаар тусгажээ.

Гэрээний дээрх заалтын дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцаа болгож, мөн өдөр зохигчид “Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Ц.Б орон сууцны өмчлөх эрхийг хариуцагч Б.У-т шилжүүлсэн нь гэрээ болон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, зохигчдын тайлбараар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Ц.Б “бид зээлийн гэрээ байгуулан үүнийхээ барьцаа болгож дээрхи орон сууцыг шилжүүлсэн болохоос биш худалдаагүй” хэмээн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, хариуцагч Б.У-ын нэр дээр бүртгэгдсэн Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр гудамжны 106б байрны 20 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасан

Хариуцагч Б.У нэхэмжлэлийг эс зөвшөөрч “Зээлийн гэрээний 3.6-д зааснаар зээлдэгч  Ц.Б өөрийн өмчлөлийн 2 өрөө орон сууцыг барьцаа болгож, орон сууцны өмчлөх эрхийг миний нэр дээр шилжүүлэн өгсөн, энэ орон сууц нь миний хууль ёсны эзэмшилд байгаа” гэж марган “орон сууцыг Б.У миний хууль ёсны хөрөнгө мөн  болохыг тогтоож, уг байранд амьдарч байгаа В.У-ыг албадан гаргаж, байрыг чөлөөлүүлэх” сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2. Холбогдох хуулийн зохицуулалт:

Иргэний хууль, 2002 он:

56 дугаар зүйл. Хүчин төгөлдөр бус байх хэлцэл

56.1.Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна:

        56.1.2.дүр үзүүлэн хийсэн хэлцэл;

56.5.Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.

281 дүгээр зүйл. Зээлийн гэрээ

281.1.Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

3. Шүүхийн шийдвэрийн хураангуй

3.1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 184/ШШ2016/01463 дугаар шийдвэрээр, Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ц.Б, Б.У нарын хооронд 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай гэрээг хүчин төгөлдөр бусад тооцож, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Үйлдвэр гудамжны 106б байрны 20 тоот орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ц.Б-ын өмчлөлд шилжүүлэн бүртгэхийг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, хариуцагчийн гаргасан орон сууцны өмчлөгч болохыг тогтоолгох, В.У-ыг орон сууцнаас албадан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгожээ.

3.2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 299 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж, харин анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 58.2.1-т заасан зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу гэж дүгнэн шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан. Ингэхдээ дараах дүгнэлтийг хийсэн

“ ... Талууд хэн аль нь орон сууц худалдах, худалдан авах хүсэл зориггүй, худалдагч нь худалдсан орон сууцы бодит эзэмшлийг худалдан авагчид шилжүүлээгүй, худалдан авагч үнийг төлөөгүй байсан ба зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор барьцааны гэрээг үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн, мөн хөдлөх хөрөнгийн хувьд хийх боломжтой фидуцийн гэрээг худалдах, худалдан авах гэрээгээр дүр үзүүлэн хийсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Зохигчид барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлсэн нь хууль зөрчих тул орон сууц худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн гэж үзэхээр байна. Иймд зохигчдын хооронд байгуулсан үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасан анхнаасаа хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар шүүх хүчин төгөлдөр бус байх хэлцлийн үр дагаврыг шийдвэрлэх ёстой болно” гэжээ.

3.3. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 04 дүгээр сарын 28-ны  өрийн 001/ХТ2017/00537 дугаар тогтоолоор “Талуудын хооронд байгуулагдсан гэрээний агуулгаас үзэхэд нэхэмжлэгчийг ноцтой төөрөгдөж хийх хэлцлээсээ өөр хэлцлийг хийсэн гэж үзэхгүй ба зохигч орон сууцыг худалдах, худалдан авах зорилгоор бус зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байсан нь тогтоогджээ. Иймээс худалдах худалдан авах гэрээнээс үүсэх үр дагавар буюу орон сууцны өмчлөх эрхийг зээлдүүлэгч Б.У-ын нэр дээр шилжүүлсэн хэлцэл нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн анхнаасаа хүчин төгөлдөр гэрээ бус гэрээ байх тул давж заалдах шатны шүүхийн энэ талаархи дүгнэлт хуульд нийцжээ. Зохигчид худалдах, худалдан авах гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан гэх боловч барьцаа нь үүрэг гүйцэтгэгч үүргийг тогтоосон хугацаанд гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг худалдан борлуулж үнээс шаардлагаа хангуулах эрх бөгөөд уг эрх нь  талуудын хооронд хуульд заасан журмаар гэрээ байгуулагдсан нөхцөлд хэрэгжих боломжтой.” гэж дүгнэн хариуцагчийн өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисон".

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 299 дүгээр магадлалыг бүрэн эхээр үзэх бол энд дарна уу.

 

Бэлтгэсэн: Легал дата

Холбоосууд: