Ээлжит сонгуулийн жилийн 8 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх зарим ажил, албан тушаалыг нэр заан хуульчилсан

2023-01-17 Шүүхийн академи

САНАМЖ: Энэхүү хураангуй нь гагцхүү олон нийтэд мэдээлэл болгох зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр давж заалдах шатны магадлал болно.*

Шүүхийн шийдвэрийн дугаар: 221/МА2021/0115

Шүүхийн шийдвэрийн огноо: 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр

Шүүхийн шийдвэр: Нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлийг зөвтгөх боломжгүй, хариуцагчийн үйлдэл нь хууль зөрчөөгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Маргааны төрөл: Сонгуулийн эрх зүйн маргаан

Шийдвэрийг бүрэн үзэх бол ЭНД дарна уу.

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

1. Монгол Ардын Намаас нэр дэвшигч нэхэмжлэгч М.Г, Ардчилсан Намаас нэр дэвшигч гуравдагч этгээд Х.Д нар нь Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт нэр дэвшиж сонгуульд оролцохоор бүртгүүлсэн ба сонгуулийн үр дүнгээр тухайн тойргийн сонгогчдын хамгийн олон санал авснаар Х.Д-ийг сонгуулийн хорооны тогтоолоор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцжээ.

2. Нэхэмжлэгч нараас “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд нэр дэвшигчийг бүртгэж, үнэмлэх олгох тухай”, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай” тогтоолуудын Х.Д-д холбогдох хэсэг, “Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай” тогтоолын Х.Д-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн 18 дугаар тойрогт дахин сонгууль явуулахыг тус аймгийн сонгуулийн хороонд даалгах нэхэмжлэл гаргасан.

3. Нэхэмжлэгч нараас гуравдагч этгээд Х.Д-ийн ажилладаг Баян-Өлгий аймгийн Цахилгаан шугам сүлжээний газар нь хуулийн этгээдийн хэлбэрийн хувьд орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар бөгөөд Х.Д-ийн эрхэлдэг Ерөнхий инженерийн албан тушаал нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-д заасан албан тушаалд хамаарах тул Ерөнхий инженерийн албан тушаалаас 2020 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө чөлөөлөгдөх ёстой байсан. Гэтэл Х.Д нь уг албан тушаалаас чөлөөлөгдөхгүйгээр сонгуульд нэр дэвшиж оролцсон гэж маргасан.

4. Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

5. Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан.

ХУУЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ

6. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д хуульд заасан хугацаанаас өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байх харилцааг тодорхойлохдоо:

   28.4.1.төрийн жинхэнэ албан хаагч;

   28.4.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан;

   28.4.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн;

   28.4.4.Засгийн газраас байгуулсан төсөл, хөтөлбөрийн нэгж болон хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн" гэжээ.

Дээрх хуульд төрийн үйлчилгээний албаны тухайд “удирдах албан тушаалтан” гэж, харин өмчийн хэлбэрээс хамаарсан хуулийн этгээдийн тухайд албан тушаалыг нэр заах байдлаар ялгамжтай хуульчилсан байна.

7. Цахилгаан шугам сүлжээний газар нь хуулийн этгээдийн хэлбэрийн хувьд орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар байх тул Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-д заасны дагуу ажлаас чөлөөлөгдсөн байх албан тушаалд тус байгууллагын дарга, дэд дарга, захирал, дэд захирал, төлөөлөн удирдах зөвлөлийн дарга болон гишүүн хамаарахаар байна. Ерөнхий инженерийн албан тушаалыг Цахилгаан шугам сүлжээний газрын удирдах албан тушаалтан гэж тодорхойлох боломжтой ч үүнийг дээрх хуулийн 28.4.3-д заасан “дэд дарга” эсхүл “дэд захирал”-ын албан тушаал гэж үзэх үндэслэлгүй.

8. Ерөнхий инженерийн ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүрэг, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд даргын эзгүйд тамгыг Ерөнхий инженерт шилжүүлэхээр тусгасан, мөн хийж гүйцэтгэсэн ажил зэргээр нь Х.Д-г байгууллагын дэд даргын үүргийг хэрэгжүүлдэг гэж дүгнэх нь хангалтгүй.

9. Мөн байгууллагын дотоод журамд байгууллагын даргын дэргэд Ерөнхий инженер, Ерөнхий нягтлан бодогч, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер, Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, Хүний нөөцийн ажилтан нараас бүрдсэн 7 хүний бүрэлдэхүүнтэй даргын зөвлөлийг даргын тушаалаар баталж ажиллуулна” гэснийг төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнтэй адилтган ойлгохгүй.

10.Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор Цахилгаан шугам сүлжээний газрын удирдах зөвлөлийг шинэчлэн байгуулж, бүрэлдэхүүнд нь газрын дарга, гишүүдэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч гишүүн 1, Хурлын төлөөлөгч 2, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргыг тус тус оруулсан. Гэвч энэхүү бүрэлдэхүүнд Ерөнхий инженер ороогүй байна.

11.Иймд Х.Д-ын эрхэлдэг албан тушаал нь Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-д заасан үндэслэлд хамаарахгүй байх тул энэ агуулгаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзсэн.

12.Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

-оОо-

 

*Захиргааны эрх зүйн маргааны шийдвэрийн хураангуйг боловсруулахдаа Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 115 дугаар магадлалыг ашигласан болно.

 

Холбоосууд:

https://bit.ly/3INY4Yy