Нэр дэвшигч сонгуулийн зардлын данснаас зөвхөн данснаас дансанд зардал гаргана
(Захиргааны эрх зүйн маргаан)1
САНАМЖ: Энэхүү хураангуй нь гагцхүү олон нийтэд мэдээлэл болгох зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь давж заалдах шатны шүүхийн магадлал болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 221/МА2022/0237
Шүүхийн шийдвэрийн огноо: 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр
Шүүхийн шийдвэр: Нэр дэвшигч сонгуулийн зардлын данснаас бэлнээр зарлага гаргасан нь хууль зөрчсөн хэмээн шүүх шийдвэрлэсэн.
Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон.
Маргааны төрөл: Сонгуулийн эрх зүйн маргаан
Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос: Энд дарна уу.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
1. Нэхэмжлэгч З.Т нь 2020 оны орон нутгийн сонгуульд нэр дэвшиж, сонгуулийн зардлын данс нээлгэсэн бөгөөд уг данснаас сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэхээр бэлнээр зарлага гаргасан байна. Энэхүү үйлдэлтэй холбогдуулан Увс аймгийн Татварын улсын байцаагч сонгуулийн зардлын данснаас бэлнээр зарлага гаргасан нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчил гэж үзэн торгох шийтгэл оногдуулжээ.
2. Нэхэмжлэгч З.Т нь сонгуулийн сурталчилгаанд хэрэглэх зорилгоор сонгуулийн зардлын данснаас хандивын мөнгө бэлнээр авсан бөгөөд сонгуулийн зардлын дансандаа хувийн аудит хийлгэж, санхүүгийн тайлан гаргуулсан, хууль зөрчөөгүй тул Татварын улсын байцаагчийн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагч Татварын улсын байцаагч Т.Ж торгох шийтгэл оногдуулсан нь хуульд нийцсэн хэмээн маргасан байна.
4. Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх Увс аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн үйлдсэн шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч маргаан бүхий шийтгэлийн хуудас хуульд нийцсэн хэмээн хяналтын журмаар гомдол гаргасан байна.
ХУУЛИЙН ХЭМ ХЭМЖЭЭ
6. Нэхэмжлэгч З.Т нь сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх зорилгоор сонгуулийн данснаас бэлнээр зарлага гаргасан нь хууль зөрчөөгүй гэж харин хариуцагч татварын улсын байцаагч сонгуулийн зардлын данснаас бэлнээр зарлага гаргахгүй, зөвхөн данснаас данс хооронд шилжүүлэх ёстой хэмээн мэтгэлцэж, маргасан байдаг.
7. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д “...сонгуулийн сурталчилгаа явуулах зориулалтаар сонгуулийн зардлын данснаас дансанд шилжүүлэх хэлбэрээр зарлага гаргаж болно” гэж заасан байна.
8. Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21-т “Сонгуулийн зардлын дансыг бүртгүүлэх, зардлын дансанд мөнгөн хөрөнгийг төвлөрүүлж, зарцуулах талаар хуульд заасан журмыг зөрчсөн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заажээ.
9. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд сонгуулийн зардлын данснаас зарлага гаргах хэлбэрийг “данснаас дансанд” гэж тусгайлан тодорхой зохицуулж өгсөн байна.
10. Татварын улсын байцаагчийн үйлдсэн шийтгэлийн хуудас нь З.Т-ыг сонгуулийн зардлын данснаас сурталчилгааны зорилгоор мөнгө зарцуулсан гэх үйлдэлд нь холбогдуулж хариуцлага ногдуулаагүй, харин сурталчилгааны зорилгоор мөнгө зарцуулахдаа дээрх хуульд заасан хэлбэр, журмаар буюу данснаас дансанд шилжүүлээгүй, “бэлнээр авсан” үйлдлийг нь зөрчил гэж үзсэн байх тул шийтгэлийн хуудсыг хууль зөрчсөн гэж үзэхгүй хэмээн давж заалдах шатны шүүх үзсэн байна.
11. Сонгуулийн зардлын данснаас зарлага гаргахдаа “данснаас дансанд” гэж хуульд тусгайлан зохицуулсан нь сонгуулийн зардлын дансанд төвлөрсөн хөрөнгө хаашаа ямар аж ахуйн нэгжид шилжиж байгаад хяналт тавих, хууль бус үйл ажиллагаанд мөнгө зарцуулахаас сэргийлэх зорилготой болно гэж давж заалдах шатны шүүх дүгнэжээ.
ШИЙДВЭРЛЭСЭН БАЙДАЛ
12. Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх З.Т-ын гомдлыг хангаж, Увс аймгийн Татварын улсын байцаагч Т.Ж-ын үйлдсэн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0176490 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
13. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 124/ШШ2021/0044 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 21, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1- д заасныг баримтлан Увс аймгийн татварын улсын байцаагчийн 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 0176490 дүгээр шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахыг хүссэн З.Т-ын гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
-оОо-
1. Захиргааны эрх зүйн маргааны шүүхийн шийдвэрийн хураангуйг боловсруулахдаа Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2022/0237 дугаар магадлалыг ашигласан болно.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
5 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !