Шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчийн талд ашигтайгаар шийдвэрлэнэ

2023-09-01 Шүүхийн академи

(Эрүүгийн эрх зүйн хэрэг, маргаан1)

САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол болно.


Шүүхийн шийдвэрийн дугаар: Дугаар 212

Шүүхийн шийдвэрийн огноо: 2020 оны 05 сарын 04-ний өдөр

Шийдвэрийн төлөв: Хэргийг хөнгөрүүлэн зүйлчилж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулсан.

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Шүүгдэгч гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хохирогчтой хамт согтууруулах ундаа хэрэглэх үедээ түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан бөгөөд тухайн үйлдлийн дараа хохирогч нь Сэлбийн голын тогтоол усанд унаж, нойтон хувцастай голын эрэг дээр удаан хэвтсэнээс даарч, улмаар осгож нас баржээ.

ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР

1. Шүүгдэгч нь тухайн дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хууль (2015)-ийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйл “Хүнийг алах” гэмт хэргийн 2.1, 2.4, 2.7, 2.8 дахь заалт2, 11.4 дүгээр зүйл “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2.1, 2.3 дахь заалт3, 11.6 дугаар зүйл “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн 2 дахь хэсэг4, 11.7 дугаар зүйл “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” гэмт хэргийн 1.1, 1.2 дахь заалтад5 тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

2. Тухайн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2017)-ийн 34.19 дүгээр зүйл “Хэргийг хэрэгсэхгүй болгох”, 1.1 дэх заалтыг6 баримтлан прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад заасан хэсгийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол”, 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг7 баримтлан шүүгдэгчид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг хөөн хэлэлцэх 1 жилийн хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг тухайн гэмт хэргийн эрүүгийн хариуцлагаас чөлөөлжээ. Харин шүүгдэгчийг “Хүнийг онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алах”, “Хүний эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэн хүндэвтэр хохирол учруулах”, “Хүний эрүүл мэндэд онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хөнгөн хохирол учруулах”, “Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож, харгис хэрцгий харьцаж, догшин авирлан, тарчлааж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх" гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар бүх насаар хорих ял, 11.4 дүгээр зүйлийн 2.1, 2.3 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял, 11.7 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар 10 сар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, бүх насаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн байна.

3. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс “Эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад8 зааснаар шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэсэн нэмэлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүнийөмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч гаргасан гомдолдоо “гэрч мөрдөн байцаалтад гүтгэсэн мэдүүлэг өгсөн, шүүгдэгчийн гэрчээр болон сэжигтнээр өгсөн мэдүүлгийг анхан болон давж заалдах шатны шүүх үнэлэлгүй нотлох баримтаас хасаж тооцсон учир гомдолтой байна” гэв. Түүнчлэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйл “Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх”, 39.7 дугаар зүйл “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх”, 39.8 дугаар зүйл “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж үзэж гомдол гаргасан.

5. Хяналтын шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “анхан шатны шүүх шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, хүний эрүүл мэндэд хүндэвтэр болон хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг хуульд заасан хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэнийг харгалзан зүйлчилж шийдвэрлэсэн нь нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд нийцсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцааж үгүйсгэх нөхцөл тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж үзэв.

6. Харин шүүгдэгчийг Сэлбэ голын орчимд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч буюу амь хохирогчид согтууруулах ундааны зүйл хүчээр хэрэглүүлэн, биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхгүй байх зэргээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүйтэн, нойтон орчинд зориуд байлган, осгоож онц харгис хэрцгийгээр амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудаар тогтоогдоогүй, нотлох баримтад үндэслэсэн байх, хэргийн бодит байдлыг хөдөлбөргүй тогтоох талаар хуульд заасан нотолгооны стандартыг илтэд хангаагүй байна гэж үзэв.

7. Мөн шүүгдэгчийг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэхдээ үндэслэл болгосон нотлох баримтуудаас харахад шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хохирогчийг үхэлд хүргэсэн болох нь тогтоогдоогүй, харин шүүгдэгч нь гэрчийн гэрт архи ууж, улмаар 00 цагийн үед хохирогчийн хамт гарч явсан ба шөнийн 04-05 цагийн үед ганцаараа буцаж ирэхдээ “хохирогч архи уугаад хурдан тасарчихлаа, тэгээд гол гарч байгаад бид хоёр голд уначихлаа, би ганцаараа авч явж дийлэхгүй байна, та хамт яваад аваад ирээч” гэж хэлж гэрчийг дагуулж яваад Сэлбийн голын эрэг дээр хувцас нь норсон байдалтай хэвтэж байсан хохирогчийг үүрч гэрчийн гэрт авчирсан, улмаар шүүгдэгч нь хохирогчийг хөнжлөөр хучиж хамт унтсан ба маргааш өглөө нь хохирогч нас барсан болохыг мэдсэн нь шүүхийн шийдвэрт дурдсан гэрч, түүний эхнэр, мөн нэмэлт хоёр гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон байх бөгөөд энэ талаар шүүгдэгчийн өгсөн мэдүүлгийг үгүйсгэх нотлох баримт байхгүй байна.

8. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч, гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүд, бусад нотлох баримтыг харьцуулан судалж үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч … шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд… эргэлзээ гарвал түүнийг … шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг хэрэглэх нөхцөл байдал үүссэн байх тул шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу хохирогчтой хамт согтууруулах ундаа хэрэглэх үедээ түүнийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэний дараа амь хохирогч нь согтуурсны улмаас Сэлбийн голын тогтоол усанд унаж, нойтон хувцастай голын эрэг дээр удаан хэвтсэнээс даарч, улмаар осгож нас барсан гэж хэргийн үйл баримтыг өөрчлөн дүгнэх нь зүйтэй гэж үзэв.

9. Шүүгдэгч, хохирогч нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй байсан боловч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамтран амьдарч байсан тул шүүгдэгчийн хувьд хамтран амьдрагчаа халамжлах, хүндэтгэх, эрхийг нь зөрчиж аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх, амь нас, эрүүл мэндийг нь эрсдэлд оруулахгүй байх талаар харилцан итгэлцлээр хүлээсэн үүргээ үл биелүүлж, хохирогчийг амь нас, эрүүл мэнд нь эрсдэж болзошгүй аюултай нөхцөл байдалд оруулж, түүний амь нас хохироход хэтэрхий хайхрамжгүй хандсан нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хүний амь насыг хохироох гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэв.

10. Иймд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4, 2.7, 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, бүх насаар нь хорих ялаар яллах тухай ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт9 зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж ялыг эдлүүлэхээр тогтоох нь зүйтэй хэмээн хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

 

---o0o---

 


Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу. 

2.1. Онц харгис хэрцгийгээр;

2.4. Өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;

2.7. Хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж;

2.8 . Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж.

2.1. Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар; 2.3 – Бие махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван махбодын, сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэж үйлдсэн бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

1.1. Зодсон;

  1.2. Харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан.

1.1. Гэмт хэргийн шинжгүй.

1.2. Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн (Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа) 9 дэх хэсэгт (Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссанаас үл хамааран шүүхийн шийдвэрээр хурааж улсын орлого болгоно) зааснаас бусад тохиолдолд гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан.

1.2. Гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан.

10.6 дугаар зүйл “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох”, 1 дэх хэсэг “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл

Холбоосууд:

https://www.jtrii.mn/mn/news/126