Төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдох төлбөр, хураамжийг хасаж татвар ногдох орлогыг тодорхойлно

2023-12-26 Шүүхийн академи

САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол болно.


Шүүхийн шийдвэрийн дугаар1: 001/ХТ2022/0042
Шүүхийн шийдвэрийн огноо: 2022 оны 06 дугаар сарын 20-ний өдөр
Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхээ бусдад 600,000,000 (зургаан зуун сая) төгрөгөөр худалдан борлуулсан бөгөөд Татварын ерөнхий газраас 60,000,000 (жаран сая) төгрөгийг эрх борлуулсны орлогын албан татварт төлсөн болохыг тодорхойлжээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.12-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс тусгай зөвшөөрлийг авах үед төрд төлсөн төлбөрийн дүнг3 хасалгүй татвар ногдуулах орлогыг тодорхойлсон, татварын ногдлыг хянаж, тодорхойлохдоо буруу тооцоолол хийсэн, албан татварыг хуульд заасны дагуу зөв тодорхойлоогүй ...” гэж маргаан үүсгэв.

ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР

1. Анхан шатны шүүхээс: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.3-т “Эрх борлуулсан, шилжүүлсний албан татвар ногдуулах орлогын суурийг энэ хуулийн 30.6-д заасан журмын дагуу тооцсон тухайн эрх, тусгай зөвшөөрлийн үнэлгээнээс доор дурдсан баримтаар нотлогдох зардлуудыг хасаж тодорхойлно”, 30.3.1-д “төрийн байгууллагаас эрх олгосон тохиолдолд эрх авахтай холбогдон төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдох төлбөр, хураамж” гэж заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

2. Давж заалдах шатны шүүхээс: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.6, Аргачлалын 5.1, 3.1, 3.2, 3.34 дахь заалтыг үндэслэн “... нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийн эрх худалдан борлуулсны албан татвар ногдуулах дүнг гэрээнд заасан дүнгээс өөрөөр тодорхойлж шилжүүлсэн нь дээрх хуулийн заалтуудад нийцсэн ... гэрээгээр мэдүүлсэн үнийг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрлийг борлуулсан орлогод 10 хувийн татвар ногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй ...” гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч “...Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн үнэлгээг ямар аргачлалаар тодорхойлсноос үл хамааран хуульд заасан хасагдах зардлуудыг хасаж албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох журамтай. Гэтэл хариуцагчийн төлөөлөгчид зөвхөн тусгай зөвшөөрлийн үнэлгээг өртөгт суурилсан аргаар тодорхойлсон бол хасагдах зардлуудыг хасаж татварын ногдлыг тодорхойлох журамтай, харин гэрээний үнэлгээнд үндэслэн тодорхойлсон бол хасагдах зардлуудыг хасаж тооцохгүй гэсэн үндэслэл зааж, түүнийг нь давж заалдах шатны шүүх магадлалынхаа үндэслэл болгосон нь хууль буруу хэрэглэхэд хүргэжээ” гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан.

4. Хяналтын шатны шүүхээс: Дээрх хөрөнгө борлуулсан, шилжүүлсэн орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо ямар баримтыг үндэслэж, хэрхэн тооцох талаар мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д “Энэ хуулийн 10.1.2-т заасан эрх борлуулсан, шилжүүлсний орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо тухайн эрхийн үнэлгээнээс доор дурдсан баримтаар нотлогдох зардлуудыг хасаж тодорхойлно:” 18.7.1-д “төрийн байгууллагаас эрх олгосон тохиолдолд эрх авахтай холбогдон төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдох төлбөр, хураамж;” гэж заасан байна. (15)5

5. Шүүхүүд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д “Газар эзэмших, ашиглах эрх, ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлоход энэ хуулийн 30.6-д заасан аргачлалыг баримтална” гэж зааснаар батлагдсан аргачлалыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь буруу. (20)

6. Учир нь, Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Татварын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж зааснаар татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд чиглэж буй аливаа эрх зүйн акт, тэр дундаа аргачлал нь хуульд нийцсэн байх учиртай бөгөөд нэгэнт хууль тогтоогч Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1-д албан татвар ногдуулах орлогыг хэрхэн (эрх борлуулсан, шилжүүлсэн орлогод) тодорхойлох талаар салаа утгагүй шууд заасан, энэ тохиолдолд аргачлалыг    хуулийн     энэхүү  заалтад нийцүүлэн хэрэгжүүлэх нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “хуульд үндэслэх” болон Татварын ерөнхий хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-д “Татварын алба нь үйл ажиллагаандаа дараах зарчмыг баримтална:” гээд 76.1.1-д “хууль дээдлэх”, 76.6-д “Татварын алба бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ бусдын нөлөөнд үл автан гагцхүү хууль, түүнд нийцүүлэн гаргасан эрх зүйн баримт бичгийг удирдлага болгон ажиллах бөгөөд татварын алба энэ үүргээ хэрэгжүүлэхгүй бол татвар төлөгч хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхийг шаардах эрхтэй” гэж заасантай нийцнэ. (21)

7. Иймд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7, 18.7.1 дэх заалтыг анхан шатны шүүх тайлбарлаж хэргийг шийдвэрлээгүйн улмаас хайгуулын тусгай зөвшөөрлийн эрх борлуулсны албан татвар ногдуулах орлогыг буруу тодорхойлсон гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

 

---o0o---

 

1 Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу. 
2 Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7.1 дэх хэсэг “төрийн байгууллагаас эрх олгосон тохиолдолд эрх авахтай холбогдон төрийн байгууллагад төлсөн баримтаар нотлогдох төлбөр, хураамж;”
3 Нэхэмжлэлд: Үнийн саналын зөрүүд 357,969,885 төгрөг, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрт 259,000 төгрөг, эрх олгох үйлчилгээний хөлс 3,000,000 төгрөгийг тус тус төрийн байгууллагад төлсөн гэж дурдсан байна.                                            
4 Сангийн сайдын 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 302 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Ашигт малтмал, цацраг идэвхт ашигт малтмал, газрын тосны хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ тооцох, татварын ногдлыг тодорхойлох аргачлал”.
5 “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.

Холбоосууд:

https://www.jtrii.mn/mn/news/830