Тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаагүй албан хаагчийг удирдлагын санаачилгаар шилжүүлж болохгүй

2024-03-05 Шүүхийн академи

САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.

Шүүхийн шийдвэрийн дугаар: 001/ХТ2024/0005
Шүүхийн шийдвэрийн огноо: 2024 оны 01 сарын 03 өдөр
Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Нэхэмжлэгчийг Оюуны өмчийн газрын даргын 2022 оны 02 дугаар сарын 11- ний өдрийн тушаалаар Захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалаас чөлөөлж, Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон байна. Үүний дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “Оюуны өмчийн газар, Соёл урлагийн газрын удирдлага хооронд харилцан тохиролцсон” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийг Соёл урлагийн газарт хэлтсийн даргаар томилжээ.

Нэхэмжлэгчээс “байгууллага хооронд шилжүүлэхдээ өөрөөс нь санал аваагүй” гэж, хариуцагчаас “нэхэмжлэгч нь өөрөө Соёл урлагийн газрын даргатай тохиролцож, тус газрын даргын албан бичгийг өөрийн биеэр авчирч өгсөн. Түүний дагуу 2 удирдлага хоорондоо санал солилцож, хууль журмын дагуу шилжүүлсэн. Нэхэмжлэгч өөрөө зөвшөөрсөн”, харин гуравдагч этгээдээс “сул орон тоонд зарласан төрийн жинхэнэ албан хаагчийн тусгай шалгалтад тэнцэж, нэрээ дэвшүүлснээр хуулийн дагуу томилогдсон” гэж тус тус маргажээ.


ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР

1. Анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хууль (2017 он)-ийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг2-т заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

2. Хариуцагч нь давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч “Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг болон Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журам3-ын Хоёр дахь хэсгийн 2.14-д зааснаас үзэхэд төрийн жинхэнэ албан хаагч өөрөө биечлэн, амаар бичгээр аль ч хэлбэрээр хүсэлтээ илэрхийлэх эрх нээлттэй байхад давж заалдах шатны шүүх “шилжин ажиллах хүсэлтийг бичгээр баталгаажуулаагүй” гэх хуулийн зохицуулалтыг хэт явцууруулан тайлбарлаж, хууль хэрэглээний зөрүүг үүсгэсэн” гэсэн үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан.

3. Хяналтын шатны шүүхээс нэхэмжлэгчийг удирдлагын санаачилгаар шилжүүлэн ажиллуулах хуулийн урьдчилсан нөхцөл бүрдээгүй, удирдлагын санаачилгаар нэхэмжлэгчийг өөр албан тушаалд шилжүүлэх хууль зүйн үндэслэлгүй гээд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бөгөөд дараах байдлаар тайлбарласан байна.

4. Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1-д “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно” гэж заасан нь хоёр урьдчилсан нөхцөлийг агуулж байна. Уг зохицуулалтыг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд, “албан ажлын зайлшгүй шаардлага” тогтоогдоогүй, мөн “нэг албан тушаалд 10 ба түүнээс дээш жил ажилласан байх” хуулийн урьдчилсан нөхцөл бүрдээгүй байна.5

5. Мөн Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын албан тушаал нь ТЗ-10, ахлах түшмэл ангилал, зэрэглэлтэй, төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх тусгай шаардлага тавигдаж байхад дэс түшмэлийн албан тушаалд ажиллаж байгаагүй, 2019 оноос хойш 8 удаа зохион байгуулагдсан “Төрийн албаны ерөнхий шалгалт”-д оролцсон бүртгэлгүй хүнийг Зохиогчийн эрхийн хэлтсийн даргын албан тушаалд томилсон нь хууль бус6 гэж дүгнэжээ.

6. Иймд нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн томилж, өмнө авч байсан дундаж цалин хөлсний зөрүүтэй /төрийн сангаас олгосон цалин хөлстэй давхцуулахгүй/ тэнцэх олговрыг зохих журмаар тооцон гаргуулж нэхэмжлэгчид олгохыг даалгаж шийдвэрлэжээ.

 

 

---o0o---

 

 

1 Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь бол энд дарна уу. 

2 Төрийн албаны тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэг “Албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцож, эсхүл тухайн байгууллагад 10 ба түүнээс дээш жил нэг албан тушаалд ажиллаж байгаа албан хаагчийг удирдлагын санаачилгаар төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Тайлбар: Энэ хуулийн 44.1-д заасан албан ажлын зайлшгүй шаардлага гэдэгт тухайн байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц түвэгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг нөхцөл, байдлыг ойлгоно.”

3 Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 34/31 дүгээр тушаалаар батлагдсан.

4 Төрийн жинхэнэ албан хаагчийг өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах журмын Хоёр дахь хэсгийн 2.1 “Төрийн жинхэнэ албан хаагчийг албан ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн түүнтэй тохиролцон төрийн албаны нэг байгууллагаас нөгөө байгууллагад тэдгээрийн удирдлагын хооронд харилцан тохиролцсоны дагуу шилжүүлэн ажиллуулж болно. Төрийн жинхэнэ албан хаагчтай харилцан тохиролцсон тухай баримтыг бичгээр үйлдэж баталгаажуулсан байна.”

5 Улсын Дээд шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаартай тогтоол, “Хянавал” хэсгийн 9

6 Улсын Дээд шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 05 дугаартай тогтоол, “Хянавал” хэсгийн 14-15

Холбоосууд:

https://jtrii.mn/mn/news/894