Эрх зүйн байдлыг дордуулсан татварын хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй

2024-06-26 Шүүхийн академи

САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол болно.


Шүүхийн шийдвэрийн1 дугаар: 001/ХТ2023/0016
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2017-2019 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нараас хяналт шалгалт хийж, нийт 62,209,171,287 төгрөгийн татвар нөхөн ногдуулсан ба Маргаан таслах зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 16 дугаар тогтоолоор 31,087,206,112 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгосон.

Хариуцагч татварын улсын байцаагч нараас “... 2019 оны 7, 8 дугаар сарын ашигт малтмал ашигласны төлбөрийг жишиг үнийн аргаар тооцож, тайлагнана, Засгийн газрын тогтоолд 2019 оны 3 дугаар улирлын тайланд энэ журмыг баримтална гэж хэрэгжих хугацааг шууд заасан тул татвар төлөгч 2019 оны 3 дугаар улирлын тайланг баталсан маягтын дагуу өссөн дүнгээр тайлагнана, 3 дугаар улиралд 7, 8, 9 сар хамрагдана” гэж, нэхэмжлэгч хуулийн этгээдээс “Засгийн газрын тогтоол гарсан үеэс эхлэн дагаж мөрдөх тул 9 дүгээр сард гарсан тогтоол 7, 8 дугаар сард үйлчлэхгүй, тухайн үед үйлчилж байсан журмын дагуу гэрээний үнээр буюу 2014 оны 220 дугаар тогтоолоор төлбөрийг тооцно” гэж маргаан үүсгэв.


ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР

1. Анхан шатны шүүхээс: “... журмын дээрх заалтаас үзвэл нэхэмжлэгч нь 2019 оны 3 дугаар улирлын ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланг баталсан маягтын дагуу өссөн дүнгээр гаргаж, журмын 2.2-т заасан хугацааг баримтлан татварын албанд гаргахаар зохицуулсан гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийн холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон.

2. Давж заалдах шатны шүүхээс: “... нэхэмжлэгчээс дээрх журамд заасны дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын 8 дугаар хавсралтын 3, 6-д заасны дагуу гэрээний үнэд үндэслэн тооцоолоогүй нь тогтоогдож байна, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дундаж үнээр тооцож, төлбөр ногдуулсан нь үндэслэлтэй” гэж дүгнэж, шийдвэрийг хэвээр үлдээсэн.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч “... хэрвээ 2019 оны 342 дугаар тогтоолын дагуу тооцсон нь зөв гэж үзвэл тухайн цаг хугацаанд Засгийн газрын 2014 оны 220 дугаар тогтоол, 2019 оны 342 дугаар тогтоолууд зэрэг үйлчлэх ёстой байсан мэт хууль зүйн онол практикийн хувьд байж боломгүй нөхцөл үүсгэнэ. 2019 оны 3 дугаар улирлын тайланд энэ журмыг баримтална гэх агуулга бүхий зохицуулалт нь зөвхөн 4.6-д хамаарна. Татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг буцаан хэрэглэсэн” гэх үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргасан.

4. Хяналтын шатны шүүхээс: Татварын ерөнхий хуулийн (2008 он) 3 дугаар зүйлийн 3.1-д “татварыг зөвхөн Улсын Их Хурал хуулиар бий болгох, өөрчлөх, хөнгөлөх, чөлөөлөх, хүчингүй болгох эрхтэй” гэж зааснаар аливаа татварын харилцаанд тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжийг хэрэглэж, татвар тооцох зарчимтай. (13)2

5. Энэ тохиолдолд татварын улсын байцаагч нар нь Засгийн газрын тогтоолыг буруу тайлбарлан хэрэглэж, 2019 оны 7, 8 дугаар сард хүчин төгөлдөр үйлчилж эхлээгүй, батлагдан гараагүй, дагаж мөрдөгдөөгүй байсан Засгийн газрын 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 342 дугаар журмыг хэрэглэж, төлбөр тогтоосон нь буруу болжээ. (14)

6. “Эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцааж хэрэглэхгүй” байх суурь зарчмын хүрээнд, иргэн, хуулийн этгээдийн төлбөл зохих татвар ногдох орлогыг тодорхойлох аргачлал тогтоож, төлбөрийн хэмжээг нэмэгдүүлсэн журам нь гарсан өдрөөсөө эхлэн үйлчлэх бөгөөд буцааж хэрэглэхгүй, түүнээс өмнөх харилцаанд нөхөж үйлчлэхгүй буюу татвар бий болгох, татвар төлөх, татвар ногдуулах, татвар тайлагнах харилцаа нь урьдчилан тогтоогдсон, тодорхой байх зарчимтай тул татвар төлөгч гэнэтийн байдлаар биш, үйл ажиллагааны орлогодоо ямар хэмжээний татвар төлөх үү, үүнийг яаж тайлагнах уу гэдэг нь урьдчилан тогтоогдсон, ойлгомжтой, тодорхой мэдсэн байх хуулийн зохицуулалтай юм. (15)

7. Хууль тогтоомжийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуулийг дагаж мөрдөх журмаар дараах асуудлыг зохицуулна” гээд, 27.1.3-д “өмнө үйлчилж байсан хууль, эрх зүйн зохицуулалтын дагуу үүссэн харилцаа, иргэн, хуулийн этгээдийн эрх, үүргийг шинэ хуулийн дагуу хэрхэн хамгаалах, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, өөрчлөх, хүчингүй болсонд тооцох болон сөрөг үр дагаврыг арилгах нөхцөл, арга зам, хариуцлагыг зохицуулах хэлбэр”, 27.1.6-д “хууль буцаж үйлчлэх онцгой тохиолдол” гэж заасан, энэ тохиолдолд хууль тогтоомжийг нийтлэх, олон нийтэд сурталчлах, хэрэгжилтийг зохион байгуулах хүрээнд өмнө үйлчилж байсан эрх зүйн зохицуулалтыг хэрхэн ойлгох, буцаж үйлчлэх онцгой тохиолдол байгаа эсэх талаар зохицуулаагүй байна. (16)

8. Хяналтын шатны шүүхээс Засгийн газрын тогтоол хэрэгжиж эхэлснээр уг тогтоолын улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх, чиглэсэн этгээддээ хууль зүйн үүрэг үүсгэж, эрх зүйн байдлыг дордуулах агуулгатай хэм хэмжээг  буцааж  хэрэглэх  нь  хуулиар  тусгайлан  заагаагүй  тохиолдолд боломжгүй гэж үзэж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн байна.

 

---o0o---

1 Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.

2 “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.

Холбоосууд:

https://jtrii.mn/mn/news/968
https://tinyurl.com/5fd846zn