Орон сууцны зориулалттай олон үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлж ашиг олдог бол үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөхгүй.
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 001/ХТ2022/0083
Шүүхийн шийдвэрийн огноо: 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр
Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээсэн.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрийн өмчлөлийн орон сууцны зориулалттай 185 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийг бусдад түрээслүүлэх замаар ашиг олдог. Хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтэс тус 185 ширхэг үл хөдлөх эд хөрөнгөд 2016-2020 оны хооронд 6,910,369,842.56 төгрөгийн албан татвар ногдуулсан ба нэхэмжлэгчээс холбогдох татварыг төлсөн. Гэвч УИХ-аас Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хууль (2000 он)-ийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад2 2021 онд нэмэлт, өөрчлөлт оруулж, үл хөдлөх эд хөрөнгийн тоо заагаагүй байсныг зөвхөн тодорхой тооны орон сууц үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр хуульчилсан.
Үүний дагуу нэхэмжлэгч хуулийн этгээд хариуцагч Сүхбаатар дүүргийн татварын хэлтсийн 2016-2020 оны хооронд ногдуулсан татварыг хууль бус гэж үзэж, мөн онд төлсөн татварын дүнгээр ирээдүйд төлөх татвараас суутган тооцуулах, алдангийг буцаан олгуулах, 185 үл хөдлөх эд хөрөнгийг татвараас чөлөөлөгдөх эд хөрөнгө мөн болохыг тогтоолгохоор маргасан.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Анхан шатны шүүхээс Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөх орон сууц гэх ойлголт нь хуулийн төсөлд анх өмчлөгч этгээдийн өөрийн амьдран сууж буй буюу хүний анхдагч хэрэгцээг хангаж буй орон сууцны барилгад татвар ногдуулахгүй байх гэсэн агуулгаар тусгагдсан. Компани ашиг олох зорилгоор ашиглаж байгаа орон сууцны зориулалт бүхий үл хөдлөх эд хөрөнгийг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх гэсэн агуулгагүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмчлөлийн 185 орон сууцыг бусдад хөлслүүлэх үйлчилгээний орлогыг татвараас чөлөөлж байгаа харилцааг Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн дагуу 185 орон сууцанд албан татвар ногдуулж буй харилцаатай харьцуулан дүгнэх боломжгүй, өөрөөр хэлбэл эдгээр нь татварын төрлийн хувьд өөр, мөн эрх зүйн зохицуулалт болон хууль зүйн үр дагаврын хувьд ялгаатай ойлголт гэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасан “орон сууц” гэдгийг аливаа нөхцөл шалгуургүйгээр үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөгдөхөөр салаа утгагүй шууд заасан байтал анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг өргөжүүлэн тайлбарлахдаа зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн гээд хяналтын журмаар гомдол гаргасан.
3. Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна гэж шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхихдоо дараах байдлаар тайлбарлажээ.
4. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т “орон сууц” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан хэрэглэхэд нэхэмжлэгч хуулийн этгээд нь өөрийн өмчлөлийн орон сууцанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар төлөх үүрэгтэй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн төслийн танилцуулга, УИХ-ын чуулганы протокол зэргээс үзэхэд иргэдийн өөрийн оршин сууж байгаа орон сууцыг татвараас чөлөөлөх замаар өрх бүрд эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлага хангасан орон сууцаар өөрөө өөрсдийгөө хангах боломж, нөхцөлийг нь бүрдүүлж өгөх, цаашид орон сууцны хэмжээг нэмэгдүүлж, амьдралын түвшинг сайжруулах зорилготой байсан бөгөөд дээрх зорилгын үүднээс иргэдийн амьдран суух орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн татвараас чөлөөлсөн агуулгатай байна.
5. Нэхэмжлэгч хуулийн этгээд нь өмчлөлийн орон сууцаа бусдад хөлслүүлж орлого олдог, энэ нь татвараас чөлөөлөх хуулийн зорилгод хамаарахгүй буюу орон сууц хөлслүүлэгчийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор орон сууцыг татвараас чөлөөлөх хуулийг батлаагүй тул үл хөдлөх эд хөрөнгийн татвараас чөлөөлөгдөх хуулийн үндэслэлгүй.
6. Маргааны үйл баримтад зөвхөн үгчилсэн тайлбар хийх нь тухайн үеийн хууль тогтоогчийн хүсэл зориг, хуулийн үзэл баримтлалд нийцэхгүй, татвараас чөлөөлөх болсон үндэслэл, үзэл баримтлал, зорилгод нийцэж байгаа тохиолдолд татвараас чөлөөлөгдөх нь хууль тайлбарлах зарчимд нийцнэ.
7. Хууль санаачлагчийн нэгдмэл хүсэл зорилго нь дээр дурдсан баримтуудаас үзэхэд орон сууц хөлслөх үйл ажиллагааг дэмжих зорилго агуулаагүй, харин иргэдийг орон сууцаар хангах зорилгын хүрээнд татвараас чөлөөлөх бодлого баримталж байжээ.
8. Нэхэмжлэгч хуулийн этгээд тухайн цаг хугацаанд нэхэмжлэл гаргаагүй атлаа нэгэнт төлсөн татварыг ирээдүйд төлөх төлбөрт суутган тооцуулахаар маргаж буй нь үндэслэлгүй тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзсэн.
---o0o---
[1] Шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
[2] Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 “Дараахь үл хөдлөх эд хөрөнгийг албан татвараас чөлөөлнө:
7.1.2.иргэн, хуулийн этгээдийн өмчилж байгаа аймаг, суман дахь орон сууц, нийслэл дэх хоёр орон сууц”
/Энэ заалтыг 2021 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
5 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !