М-ийн маллаж байсан хурдан азарга чононд идүүлжээ. Азарганы эзэн Б М-ээс хохирол 44,398,448 төгрөг нэхэмжлэв
Иргэн Я.М-ийн маллаж байсан улс, аймагт 1-3-р байрт хурдалж байсан азарга чононд идүүлжээ. Азаргын эзэн иргэн Б.Б Я.М-ээс хохирол 44,398,448 төгрөг нэхэмжлэв.
Нэг. Хэргийн нөхцөл байдал
Нэхэмжлэгч Б.Б “...хариуцагч нь 2013 оноос хойш миний 20-д адууг маллаж сар бүр 200,000 төгрөг авдаг, үүнд улс, аймагт нийтдээ 1-3-р байрт орж байсан хурдан азарга байсан, гэтэл түүнийг чоно идсэн талаар 2020.01.05-ны өдөр утсаар хэлсэн, тэр өдөр оройтсоноос адууг хашаагүй гэдгээ хариуцагч хэлдэг, гэрээсээ урагш газар адуугаа татчих боломжтой байхад татаагүй орхисноос чоно идсэн, азарга 15 настай байсан, үр төл нь хурдалсан байдаг, адуу нь 25-30 насалж, 25 нас хүртлээ үр төлөө өгөх боломжтой, иймээс учирсан хохирлыг нэхэмжилж байна” гэжээ.
Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “адуу нь урт хөлийн мал, байнга дагаж хариулаад, тууж авч ирээд хотондоо хонуулаад хашаад байж болдоггүй, маллахдаа адууг өдөрт нь ойртуулж дөхүүлэх байдлаар эргэж, тойрч хаана байгааг нь харах, шөнө нь тухайн адуу бэлчээрээр явж идээлэх өвс олж идэх зарчмаар хардаг, азаргыг чоно идсэн нь байгалийн давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал тул хохирол төлөх үндэслэлгүй” гэж маргасан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэгчээс 6,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “2019 оны 6 сараас хойш хөлсөө төлөөгүй тул 30 сарын хөлс нэхэмжилж байна” гэжээ.
Хоёр. Холбогдох хуулийн зохицуулалт
Иргэний хууль, 2002 он:
219 дүгээр зүйл. Үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болох
219.1.Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.
359 дүгээр зүйл. Хөлсөөр ажиллах гэрээ
359.1.Хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.
422 дугаар зүйл. Хадгалалтын гэрээ
422.1.Хадгалалтын гэрээгээр хадгалагч нь хадгалуулагчаас шилжүүлэн өгсөн хөдлөх эд хөрөнгийг хадгалах үүрэг хүлээнэ.
Гурав. Шүүхийн шийдвэр
Анхан шатны шүүх: Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 132/ШШ2022/00056 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 422.4.2, 424 дүгээр зүйлийн 424.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Я.М-аас 44,398,448 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-т олгож, нэхэмжлэгч Б.Б-аас 800,000 төгрөг гаргуулж, хариуцагч Я.М-т олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 5,200,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгожээ.
Дүгнэлт: Талуудын хооронд хадгалалтын гэрээ байгуулагдсан, уг гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс хохирлыг гаргуулах үндэслэлтэй”, Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1, 422.4.2, 424 дүгээр зүйлийн 424.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хянаж хүчингүй болгон, үндсэн ба сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож энэ үндэслэлээ, “адуу урт хөлийн мал тул шөнийн цагаар малчнаас шалтгаалахгүй бэлчээрт явдаг учир хариуцагчийн буруугаас чононд идүүлсэн гэж үзэхгүй, нөгөө талаар байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн, хариуцагч өөрийн гэм буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд заасан тохиолдолд хариуцлагаас чөлөөлөгдөхөөр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т заасан, иймээс нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэж дүгнэжээ.
Давж заалдах шатны шүүх: Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 214/МА2022/00010 дугаар магадлалаар Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 132/ШШ2022/00056 дугаар шийдвэрийг хүчингүй болгож үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
Дүгнэлт: Адуу мал нь бог малын адил өдөр тутам дагаж хариулдаггүй, шөнийн цагаар малчнаас шалтгаалахгүй бэлчээрт явдаг мал учир хариуцагч Я.М-ын адуу малыг харж хандаагүй, хариуцлагагүйгээс хурдан азаргыг чонод идүүлсэн гэж буруутгах боломжгүй... Нөгөө талаар хариуцагч Я.М-аас үл хамааран байгалийн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн тул хариуцагч Я.М-аар азарганы үнийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсан хариуцлагаас чөлөөлөгдөхөөр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2-т гэм буруугүйн гол зарчмыг заасан. Энэ үйл баримт хариуцагч Я.М-ын хариуцлагагүй ажиллагаанаас болоогүй байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан болох нь тогтоогдсон тул хариуцагч Я.М буруугүй нь нотлогдсон байна” гэж дүгнэжээ.
Хяналтын шатны шүүх: Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2022/00815 дугаар тогтоолоор “Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч Я.М-аас 15,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Б-т, нэхэмжлэгч Б.Б-аас 800,000 төгрөг гаргуулж хариуцагч Я.М-т тус тус олгохоор шийдвэрлэж, үндсэн нэхэмжлэлээс 29,398,448 төгрөгт холбогдох, сөрөг нэхэмжлэлээс 5,200,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгожээ.
Дүгнэлт:
“Талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаа нь анхан шатны шүүхийн болон давж заалдах шатны шүүхийн дүгнэсэн хадгалалтын гэрээний болоод үүргийн бус зөрчлийн улмаас үүссэн эрх зүйн харилцааны аль аль нь биш, Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан хөлсөөр ажиллах гэрээний буюу үйлчилгээ үзүүлэх харилцаа үүссэн.
Монгол Улсын нүүдлийн мал аж ахуй, тэр тусмаа адуу маллах онцлогоос үзэхэд адуу таван хошуу малын дотроос хурд хүчтэй урт хөлийн мал (Монгол хэлний тайлбар тольд урт хөлийн малд бод, тэр дундаа адуу хамаарахыг хэлсэн), бусад малыг бодвол ихэнх цагийг бэлчээрт өнгөрүүлдэг, байнга хариулга шаарддаггүй болох нь тогтоогдоно. Гэвч адуу нь маллагааны дэг журамд амархан дасдаг тул бэлчээрт тогтвортой байх эсэх нь малчин хүний арга ажиллагаанаас хамаардаг болох, тодорхой нөхцөл байдалд шөнө хаших боломжтой, энэ талаар ч хариуцагч тухайн азаргыг чоно идсэн шөнө оройтсоноос хашиж чадаагүй тухай тайлбар гаргаж байсан нь хэрэгт авагдсан байна.
Чоно нь хээрийн махчин амьтан, түүний үйлдлийг хүн таамаглах боломжгүй хэдий ч адууг чоно идэхээс урьдчилан сэргийлж дээр дурдсанаар морийг хашсан, гэртээ ойртуулж бэлчээрлүүлсэн, хариуцлагатай хандсан гэдгээ хариуцагч нотлоогүй, тухайлбал, “чонын гүйдэл”-г үүрээр мал руу дайрдгийг давж гарах арга зам байгаагүй буюу чоно азаргыг идсэн нь байгалийн давагдашгүй хүчин зүйл гэж үзэх үндэслэл энэ хэргийн хувьд тогтоогдоогүй..
Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан, иймээс хариуцагч дээр дурдсанаар хурдан удмын адууг маллах явцдаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэдгээ нотлоогүй гэж үзэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангахаар шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.
... хохирол учирсан нөхцөл байдал, хариуцагчийн үйлдлийн хэр хэмжээг харгалзан хэрэгт авагдсан азаргыг анх нэхэмжлэгч нь бусдаас 15,000,000 төгрөгөөр худалдан авсан тухай тайлбарыг үндэслэн уг мөнгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь бодитой, зохигчийн хэн алины эрх ашигт нийцнэ гэж дүгнэж нэхэмжлэлийн зарим хэсгийг хангав.” гэжээ.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2022/00815 дугаар тогтоолыг бүрэн эхээр үзэх бол энд дарна уу.
Бэлтгэсэн: Легал дата
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
5 hours ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Ипотекийн зээлийн амь насны даатгал
2024-12-16
-
Хөгжлийн банкны гэх 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийн шийдвэрийн тойм
2024-12-15
-
Иргэнийг гар утасны программ ашиглаж худалдаж авсан онгоцны тасалбараар нислэгийн өдөр онгоцонд суулгаагүй бол тус тасалбарыг худалдан авсан компани иргэний хохирлыг барагдуулна./Бүгд найрамдах казахстан улсын дээд шүүхийн шийдвэрийн хураангуй/
2024-12-12
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !