Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн тухай Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийн тойм
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт “... Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгоно.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж, түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Шүүх эрх мэдэл нь хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалсан хувийн болон нийтийн ашиг сонирхлыг аливаа хууль бус халдлагаас хамгаалах, хөндөгдсөн эрхийг сэргээх эрх хэмжээг хэрэгжүүлдэг бөгөөд Үндсэн хуульд шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлэхээр заасан. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал бол шүүх эрх мэдлийг шударгаар хэрэгжүүлэх баталгаа болдог.
Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын зарчим нь аливаа хүн, хуулийн этгээд эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандах, шударгаар шүүлгэх үндсэн эрхийг хангах суурь нөхцөл юм. Өөрөөр хэлбэл, энэхүү зарчим нь эдлэх эрх ямба, давуу байдлыг биш харин ардчилсан нийгмийн шударга ёсны тогтолцоо, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилготой бөгөөд үндсэн хуульт ёс, Үндсэн хуулиар бэхжүүлсэн төрийн эрх мэдэл хуваарилах, харилцан хяналт, тэнцэлтэй байх үзэл баримтлалын тулгуур мөн.
Үндсэн хуулиар баталгаажсан шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах хууль зүй, эдийн засаг, нийгэм болон бусад баталгааг төрөөс бүрдүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг алдагдуулсан, дордуулсан хууль тогтоомж, эрх зүйн бусад акт гаргахыг хориглоно.
Монгол Улс Үндсэн хуульдаа шүүгчийг хуулиар тогтоосон тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хүртэл нь хугацаагүй томилох, түүнчлэн бүрэн эрхээ хуулийн дагуу зохих ёсоор гүйцэтгэж байгаа бол огцруулахыг хориглох үзэл баримтлалыг тусгаж, шүүгчийн хараат бус байдлыг баталгаажуулсан. Өөрөөр хэлбэл, зөвхөн Үндсэн хуулиар хамгаалсан шүүгчийн хараат бус байдлын зарчимд нийцсэн үндэслэл, журмаар шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгохоор заасан болно.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт “Шүүгчийн хараат бус байдлыг Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулиар баталгаажуулна.” гэж заасан бөгөөд уг зүйлийн 42.3.1 дэх заалтад Үндсэн хууль болон энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр шүүгчийн бүрэн эрхийг хязгаарлах, түдгэлзүүлэх, дуусгавар болгохыг хориглосон бол 42.3.3 дахь заалтад шүүгч хугацаагүй томилогдож, захиргааны болон гуравдагч этгээдийн санаачилгаар чөлөөлөгдөхгүй, огцрохгүй гэж тусгажээ. Мөн хуулийн шүүгчийн бүрэн эрх дуусгавар болох талаарх харилцааг зохицуулсан 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шүүгч хуульд заасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн, эсхүл шүүгчээр 25 жил ажилласан бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож, чөлөөлөгдөж болно.” гэж заасан.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн маргаан бүхий зохицуулалтад 30 жил шүүгчээр ажилласнаар 60 нас хүрээгүй байсан ч шууд тэтгэвэрт гаргахаар хуульчилсан нь агуулгын хувьд шүүгчийг тодорхой хугацаатайгаар томилох буюу шүүгчийн бүрэн эрхийн хугацаа 30 жил байх утгыг илэрхийлж байна. Ийнхүү шүүгчийг тодорхой хугацаагаар томилох агуулгыг ердийн хуульд тусгасан нь Үндсэн хуулиар баталгаажсан шүүгчийн хараат бус байдлын гол бүрдэл болох шүүгчийг тэтгэвэрт гарах насны дээд хязгаар хүртэл нь хугацаагүй томилох зарчимд нийцээгүй байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47.6 дахь хэсгийн маргаан бүхий зохицуулалт нь мөн хуулийн зарим хэсэг, заалттай зөрчилдөж, хууль хэрэглээний уялдаагүй байдал үүсгэж, шүүгчийн эрх зүйн байдал, нийгэм, эдийн засгийн баталгааг дордуулах нөхцөлийг бүрдүүлж, эрх зүйн тодорхой бус байдлыг бий болгосон байна.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийг шинэчлэн найруулж батлахдаа хууль тогтоогч шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилт тавьсан гэж үзэж болно. Гэсэн хэдий ч дээрх хуулийн 47.6 дахь хэсгийн маргаан бүхий зохицуулалтад тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрээгүй байхад нь шууд тэтгэвэрт гаргах нөхцөл, шаардлагыг нийтлэг заалтаас өөрөөр тогтоож, түүнчлэн шүүгчийн тэтгэвэрт гарах насны дээд хязгаарыг бус ажиллах жилийн дээд хязгаарыг тогтоосон агуулгатай байгаа нь Монгол Улсын шүүхийн тухай хуулийн зорилт болон тус хуулийн төслийн үзэл баримтлалд тодорхойлсон агуулгад нийцээгүй байна.
Мөн ийнхүү хуульчилснаар 25-29 насандаа томилогдсон шүүгч нарыг ажилласан жил, шүүгчээр томилогдсон насаар нь ялгаварлан шууд тэтгэвэрт гаргаж, бүрэн эрхийн хугацааг эрт дуусгавар болгох хууль зүйн нөхцөлийг бүрдүүлж, ижил эрх зүйн байдалтай адил чиг үүрэг хэрэгжүүлж байгаа шүүгч нарт зохих үндэслэлгүйгээр тэгш бус нөхцөлийг тогтоосон, тохирсон байх зарчмын гол шалгуур болох хууль ёсны зорилгодоо хүрэхэд зайлшгүй, тэнцвэртэй байх шалгуурт нийцэхгүй байна.
Дээрхээс үзэхэд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсгийн Шүүгчээр 30, түүнээс дээш жил ажилласан бөгөөд 55 насанд хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгох зохицуулалт нь тодорхой, тохирсон, ялгаварлан гадуурхаагүй, тэнцвэртэй байх зарчмыг хангаагүй тул Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “... шударга ёс, ... хууль дээдлэх ... нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг ... нас ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно. ...”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс ... нийгэм, хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх ... үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Тавин нэгдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Үндсэн хууль, шүүхийн тухай хуульд заасан үндэслэл, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу огцруулах, эсхүл хүсэлтээр нь чөлөөлөхөөс бусад тохиолдолд аль ч шатны шүүхийн шүүгчийг огцруулахыг хориглоно.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үндсэн хуульд хууль ... бүрнээ нийцсэн байвал зохино.” гэснийг тус тус зөрчсөн байна.
Санамж: Энэхүү тоймыг олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 02 дугаар дүгнэлтийг орлохгүй бөгөөд тус дүгнэлтийг бүрэн эхээр нь унших энд дарж үзнэ үү.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
6 hours ago

S2EP22. А.Түвшинтөгс: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох болон хүчин төгөлдөр бус тооцсон талаар маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ
1 day ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (I хэсэг)
2 days ago

Өмгөөлөгч мэргэжлийн хариуцлагын даатгалдаа цахимаар хамрагдах боломжтой боллоо
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Түр саатуулах хугацаа тооцох заалт нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн дүгнэлт (2024, №03)-ийн тойм
2025-06-27
-
Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн газрын төлбөрийг уурхайн эдэлбэр газрын хэмжээгээр ногдуулж төлнө
2025-06-27
-
Хөөн хэлэлцэх хугацааг 4 хоногоор хэтрүүлснийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй
2025-06-25
-
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Батсайханы Мөнхзул
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баатарын Сарантуяа
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-24 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2025-06-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Нэрэндашийн Дуламсүрэн
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Чинбатын Болормаа
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-23 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга Мөнхгэрэлийн Дэлгэрмаа
2025-06-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !