-
2025-05-25 Judilogy
“Ө У Г” ХХК нь “Т Б” ХК-тай 2016.06.30-ны өдөр 12/16-87 дугаартай зээлийн гэрээ байгуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд “А Э Д Э” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө, “И” ХХК-ийн газар эзэмших эрхийг барьцаалж, 3 ширхэг экскаваторыг фидуцийн гэрээний дагуу шилжүүлсэн. Зээлдэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул “Т Б” ХХК шүүхэд нэхэмжлэл гаргаж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр зээлийн гэрээний үүргийг 5,861,741,499 төгрөгөөр тогтоосон боловч 2021.12.27-ны өдрийн “Зээлийн төлбөрт тооцон барьцаа хөрөнгийн өмчлөх эрх шилжүүлэх гэрээ”-ээр барьцаа хөрөнгөөр хангах үүргийн дүнг 2,000,000,000 төгрөгөөр нэмж 7,861,741,499 төгрөг байхаар тохирсон байна. Энэ гэрээнд үндсэн үүргийн зээлдэгч, зээлдүүлэгч, барьцааны хөрөнгийн өмчлөгч нар тус тус оролцон гарын үсэг зурж, гэрээг бичгээр байгуулжээ. Нэхэмжлэгч нь барьцаагаар хангагдах үүрэг өмч шилжүүлснээр дууссан тул барьцаа хөрөнгийг чөлөөлөх ёстой гэж үзэн маргасан байна.
дэлгэрэнгүй -
2025-05-19 Judilogy
Шүүгдэгч О нь 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 22 цагийн орчим Х аймгийн Ж сумын нутаг дэвсгэрт байх 4 замын уулзварт гарсан зам тээврийн ослын улмаас үүссэн маргааны явцад хохирогч Б-гийн эрүүл мэндэд хүзүүний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
дэлгэрэнгүй
Шүүгдэгч Л нь мөн тус ослын улмаас тус нутаг дэвсгэрт Цагдаагийн хэлтсийн гадна хохирогч О (өмнөх үйлдлийн шүүгдэгч)-тэй маргалдахдаа гэдэс рүү нь өшиглөж умайн булчингийн чангарал, зулбахыг завдалт, зүүн бугалганд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон. -
2025-05-19 Judilogy
Шүүгдэгч нь согтуурсан үедээ амь хохирогчтой маргалдан, өөрөөсөө холдуулах зорилгоор “түлхэх” үйлдэл хийх үед хохирогч сандлын түшлэг дээр унаж, түшлэгийн босоо төмөрт зоогдож нас барсан. Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүх хуралдаанд “Бусдыг санаатай алах гэм буруутай үйлдэл нь энэ хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай нотлогдоогүй, эргэлзээтэй” тул “хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” буюу шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн өөрчлөлтийг оруулж өгнө үү гэсэн хүсэлт гаргажээ.
дэлгэрэнгүй -
2025-05-05 Judilogy
Нэхэмжлэгч нь өөрийн 24 тооны үхрээ хавар хүртэл Хариуцагчаар маллуулахаар болж, хүлээлгэн өгсөн бөгөөд сарын хөлс хэд байх талаар асуухад Хариуцагч “тэр яах вэ болох байх” гэж хэлсэн тул хавар малаа авахдаа хөлс төлнө гэж ойлголцжээ. Цагаан сарын дараа Хариуцагч нь Нэхэмжлэгчид өвөл зудын байдалтай байснаас Хариуцагчийн 21 тооны үхэр үхсэн талаар мэдэгдсэн бөгөөд үлдсэн үхрийн буцаан хүлээлгэн өгсөн байна.
дэлгэрэнгүй
Хариуцагчтай хамт нутаглаж байсан нэг этгээд Хариуцагч малчин нэлээд хэдэн тооны үхрийг өөр аймгийн нутагт аваачиж зарсан бөгөөд тэр дунд нь Нэхэмжлэгчийн үхэр байсан талаар хэлсэн тул уг асуудлыг эрүүгийн журмаар гомдол гарган хянуулсан. Үүний үр дүнд гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр “хэрэг бүртгэлтийн хэрэг хаах тухай” тогтоол гарсан.
Нэхэмжлэгч талаас "Хариуцагч нь миний 21 тооны үхэр үхсэн болохыг нотолж чадаагүй, тухай бүр нь хэлсэн бол би өвс явуулах байсан, үнэхээр үхсэн бол зургийг нь ч болов явуулж баталгаажуулах боломжтой байсан ч тэгээгүй тул ИХ-ийн 497.1, 510.1-т заасны дагуу 21 үхрийн үнийг гаргуулна" хэмээн, хариуцагчийн талаас "Манайд тавьсан тавиул үхрүүд их туранхай байсан. Цагаан сарын өмнө Нэхэмжлэгчийг үхрүүдээ ирж ав гэж хэлсэн боловч ирж аваагүй бөгөөд 3 сард цас ихээр орж, зуд дээд цэгтээ хүрсэн. Уг зуднаар манай мал болон тавиул мал ихээр үхсэн. Тэр жил их хэцүү өвөл, хавар болсныг түмэн мэднэ. Нэхэмжлэгчийн зүгээс нэг ч удаа өвс, тэжээл өгөөгүй." хэмээн маргасан байна. -
2025-04-28 Judilogy
Д.А болон С.Б нар нь 2007 оноос хамтын амьдралаа эхлүүлж, 2014.12.24-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Тэдний дундаас 2007.10.26-ны өдөр охин Б.Э (хамтран нэхэмжлэгч) төрсөн ба тэдний гэрлэлтийг 2021.05.14-ний өдөр шүүхийн шийдвэрээр цуцалж, гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчийн маргааныг шийдвэрлэсэн.
дэлгэрэнгүй
2014.08.25-ны өдөр “Э” ХХК-ийг нэг хувьцаа эзэмшигч [С.Б]-ийн шийдвэрээр үүсгэн байгуулж, “Э” ХХК-ийн хувьцааг 2017 онд С.Б-с Б.З-д, 2018 онд Б.З-с “М” ХХК-д, 2019 онд “М” ХХК-с Б.Б болон Б.З нарт бэлэглэлийн журмаар шилжүүлж, одоогийн байдлаар хувьцааны 80 хувийг Б.Б, 20 хувийг Б.З нар тус тус эзэмшиж байна. -
2025-04-21 Judilogy
Шүүгдэгч Б “Эм барих” мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлгүй атлаа 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Фэйсбүүк нийтийн цахим сүлжээгээр дамжуулан хохирогч Н-тай холбогдож, түүнд үр хөндөлт хийх ажилбарт хэрэглэдэг 6 ширхэг “мизо***” эмийг 600,000 төгрөгөөр худалдан борлуулж, уг эмийг хэрхэн хэрэглэж үр хөндөлт хийх талаар заавар зөвлөгөө өгч, улмаар 2023 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө хохирогч Н уг эмийг хэрэглэн үр хөндөлт хийх үйл явцыг гар утас болон фэйсбүүк мессенжерийн цахим сүлжээгээр дамжуулан хянаж, удирдан явуулах үед 24-25 долоо хоногтой буюу 6 сартай жирэмсэн Н умайн хөндийгөөс цус алдаж нас баржээ.
Шүүгдэгч нь үр хөндөх явцад аль эмийг хэзээ, хэрхэн хэрэглэх, дүлэх явцад амьсгалаа зөв авах, гэр дотроо алхах, халуун юм уух, доош харж хэвтэх талаар зөвлөгөө өгч, хохирогчийн биед илэрч буй мэдрэмж, зовуурь, мөн ургаас тусдаа эхэс гарсан эсэх талаар асуумж авч, доош гарсан зүйлийн зургийг дарж явуулахаас гадна бичсэн чатаа устгах, цус ихээр алдах үед нь дутуу төрсөн гээд эмч дуудахыг сануулсан агуулга бүхий мессеж явуулсан байна.
дэлгэрэнгүй -
2025-04-14 Judilogy
Нэхэмжлэгч Б нь 1996.04.03-ны өдөр Бодь гэх оноосон нэрийг баталгаажуулан авч 1996.04.12-ны өдөр Бодь ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэл гэрчилгээг авсан.
Улмаар 1996.04.25-ны өдөр Бодь ХХК нь иргэн Н.Баясгалан, М.Зоригт нартай хамтран Бодь-Интернэшнл ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлд бүртгүүлжээ. Ийнхүү Бодь-Интернэшнл ХХК-ийг үүсгэн байгуулах гэрээ болон дүрэмд “... цаашид компани салбар болон харъяа компани байгуулах тохиолдолд оноосон нэрэнд “Б” гэх тодотгол хэрэглэж болох ...” талаар зохицуулалт орсон бөгөөд талууд Бодь цамхаг ХХК, Бодь даатгал ХХК зэрэг хэд хэдэн Бодь гэх нэр орсон хуулийн этгээдийг үүсгэн байгуулж, үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд нийт бизнесийн үйл ажиллагаандаа Бодь Групп гэх нэг брэндинг ашиглаж байв. Түүнчлэн БОДЬ Групп, BODI group гэх барааны тэмдгүүдийг Бодь-Интернэшнл ХХК-иас мэдүүлэг гарган авсан байна.
Хожим 2013 онд Бодь ХХК-ийн үүсгэн байгуулагч Б, Бодь-Интернэшнл ХХК-ийн хамтран үүсгэн байгуулагчид болон Н.Баясгалан, М.Зоригт нар бизнесийн хамтын үйл ажиллагаагаа дуусгаж, Бодь ХХК-ийн үүсгэн байгуулагч Б нь Бодь цамхаг ХХК, Бодь даатгал ХХК-ийг 100 хувь эзэмшиж, харин Н.Баясгалан, М.Зоригт нар Бодь-Интернэшнл ХХК-ийг эзэмшихээр болжээ.
Үүнтэй холбоотойгоор Бодь гэх нэрийг хэн, хэрхэн ашиглах талаарх маргаан гарсан.
дэлгэрэнгүй -
2025-04-07 Judilogy
Нэхэмжлэгч “ГХ” ХХК-ийн хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой “С” ХХК нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших БА-ийн цул сульфидын зэс, алт, мөнгөний орд газарт ашигт малтмалын хайгуулын 3000Х тоот лиценз эзэмшиж байсан. “ГХ” ХХК болон хөрөнгө оруулагч талуудын хооронд 2002.05.13-ны өдөр Урьдчилсан нөхцөлтэй худалдах-худалдан авах (Еarn-in) болон Эскроу гэрээ байгуулагдсан. Улмаар “ГХ” ХХК нь лицензийг “БА” ГХОХХК-д шилжүүлснээр хөрөнгө оруулагчаас 25,000 ам.долларыг хүлээн авсан бөгөөд лицензийг хүлээн авснаас хойш 3 жилийн дотор хувьцаагаа буцаан худалдан авах эрхээ хэрэгжүүлээгүй тул 20 хувийн хувьцаа эзэмшигчээр “ГХ” ХХК бүртгэлтэй хэвээр үлдсэн байна. Хариуцагч уг талбайд 2015-2021 оны хооронд ашигт малтмалын олборлолтын үйл ажиллагаа явуулсан бөгөөд зохигчид гэрээ байгуулагдсан болон гэрээний хавсралтууд дээрх байдлаар хэрэгжсэн үйл баримтын талаар маргаагүй. Харин гэрээний С хавсралтын 3-т заасан нөхцөлийн агуулгын талаар дараах байдлаар маргасан.
дэлгэрэнгүй -
2025-03-31 Judilogy
Шүүгдэгч Д, М нар нь 2024 оны 08 дугаар сарын 04-ний өдөр тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас зодолдож, улмаар зодооныг салгахаар ирсэн иргэн А -ын зүүн гуянд шүүгдэгч М нь хутгалж хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Д нь шүүгдэгч М-д олон тооны зулгаралт, цус хуралт бүхий мөн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад тус хэргийн мөрдөгч нь хохирогч А, М нарын сэтгэцэд учирсан хохирлыг өөрөө үнэлж, хэмжээг хөдөлмөрийн хөлсийг 8 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 5,280,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд шүүгдэгч Д-н өмгөөлөгч хяналтын шатны гомдол гаргажээ.
дэлгэрэнгүй -
2025-03-25 Judilogy
Хариуцагч нь 2022 онд Нэхэмжлэгч компанийн 2019 оны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 2019.04.15-2019.06.23-ны өдрийн хооронд ачигдсан төмрийн хүдрийн баяжмалд АМНАТ нөхөн тогтоож нөхөн татвар, торгууль, алдангид нийт 358,185,565.76 төгрөгийн төлбөр ногдуулсан. Нэхэмжлэгч "хариуцагч 2022 онд манай компанийн 2019 оны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн. Ийнхүү хяналт шалгалт хийх үед буюу 2022 онд АМтХ-ийн 2019.03.26-ны өдрийн нэмэлт өөрчлөлт хүчингүй болсон, Үндсэн хууль зөрчсөн нь тодорхой болсон байсан. Гэтэл хүчингүй болсон хуулийг хэрэглэж төлбөр ногдуулсан нь үндэслэлгүй" гэж маргасан.
дэлгэрэнгүй -
2025-03-18 Judilogy
Татварын ерөнхий газраас “Х” ХХК-ийн 2012-2016 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг шалгаж, 8,093,019,484 төгрөгийн төлбөр тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогчид тооцооллын маргаангүй, харин хууль хэрэглээний хувьд тогтоосон төлбөрийг төлөх эсэхэд маргасан байна. Татварын улсын байцаагч нараас “Ногдол ашиг хувь нийлүүлэгч нарт олгохдоо суутгагчийн үүрэг биелүүлээгүй” гэж, 17,209,782,000 төгрөгийн зөрчилд, нөхөн төлбөр 2,753,565,300, торгууль 826,069,690, алданги 550,713,060 төгрөгийн төлбөр тогтоосон. “Х” ХХК-иас “Банкны тусгайлсан зохицуулалтын хүрээнд хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг 50 тэрбум болгож өсгөх үүрэг хүлээж, энгийн хувьцааны нэрлэсэн үнийг 5000 төгрөгөөс 8000 төгрөг болгон өсгөсөн. Энэ нь хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлсэн болохоос ногдол ашиг хуваарилаагүй, ногдол ашгийг хувьцаанд хөрвүүлнэ гэдэг нь тухайн хүнд тодорхой тооны хувьцаа нэмж хөрвүүлэх тухай ойлголт” гэж маргажээ.
дэлгэрэнгүй -
2025-03-17 Judilogy
Гуравдагч этгээд МУИС нь анх 1942 онд үүсгэн байгуулагдаж, Боловсролын сайдын 1992 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 476 дугаар тушаалаар Үндэсний их сургууль статустай болж, 2006 онд хуулийн этгээдийн бүртгэлд Монгол Улсын Их Сургууль нэрээр улсын бүртгэлд бүртгэгдсэн бөгөөд 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Оюуны өмчийн газарт хандан MNU болон МUIS гэсэн үгэн тэмдэгтүүдэд эрхийн хамгаалалт хийлгэхээр 12278, 12279 дугаартай мэдүүлгийг гаргасан байна. Харин нэхэмжлэгч МҮИС нь анх 1998 онд анх “Чандмань-Эрдэнэ” нэртэй үүсгэн байгуулагдсан коллеж нь 2002 онд “Монголын үндэсний коллеж” нэртэй болсон, 2004 онд тус коллеж нь “дээд сургууль”-ийн ангилалд орсон тул “Монголын үндэсний дээд сургууль” гэж нэрээ өөрчилсөн, 2012 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар “Монголын үндэсний дээд сургууль”-ийг “их сургуулийн ангилал”-д хамааруулахаар шийдвэрлэж, 2012 оны 8 дугаар сарын 14-ний өдөр тусгай зөвшөөрөл олгосон байна. Улмаар МҮИС НҮТББ нь 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр болон 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрүүдэд Оюуны өмчийн газарт хандан MNU тэмдэгтэд эрхийн хамгаалалт хийлгэхээр, 2015 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Оюуны өмчийн газарт хандан MNU, MUIS тэмдэгтүүдэд эрхийн хамгаалалт хийлгэхээр, мөн 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр эрхийн хамгаалалт хийлгэхээр тус тус мэдүүлгийг гаргасан боловч Оюуны өмчийн газраас татгалзаж шийдвэрлэж байжээ. Иймд МҮИС НҮТББ-иас МУИС-ийн барааны тэмдгийн гэрчилгээ, бүртгэлийг тус тус хүчингүй болгуулахаар дээрх нэхэмжлэлийг гаргажээ.
дэлгэрэнгүй -
2025-03-13 Judilogy
Дуучин Т нь 2017 онд Театрын даргатай харилцан тохиролцож тухайн үед Театрт тоглогдохоор төлөвлөгдсөн байсан жүжгийн туслах дүрд тоглох зорилгоор нэгэн уртын дууг дуулж, Театрын дуу бичлэгийн студид бичлэг хийлгүүлж байсан боловч тухайн жүжгийн туслах дүрд тоглоогүй байна. 2022 онд Дуучин Т stream үйлчилгээнд байшуулсан Театрын жүжгийг үзэж байх үедээ тухайн жүжгийн туслах дүр нь ам барин дуулж, өөрийнх нь дуулсан бичлэгийг ардаа тоглуулсан байгааг олж мэджээ. Ингээд Дуучин Т-ын дуулсан бичлэгийг тоглолтод ашигласан нь Зохиогчийн эрхийн тухай хууль (2021)-ийн 28.1.1-т “тоглолтондоо нэрээ дурдуулах”, 28.2.4-т “тоглолтын бичлэг, эсхүл түүний хуулбарыг нийтэд түгээх” эрхийг тус тус зөрчсөн гэж дүгнэн Зөрчлийн тухай хуулийн 8.3.1-т “Зохиогчийн эрхийн тухай хуулийг зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйлс, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, үйл ажиллагааг зогсоож, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж ... хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу Театрыг 5,000,000 төгрөгөөр торгожээ. Ийнхүү торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Театр маргав.
дэлгэрэнгүй -
2025-03-10 Judilogy
Нэхэмжлэгч нь барилгын материал авах зорилгоор бизнесийнхээ 68,000,000 төгрөгийг өөрийн дансанд шилжүүлсэн байв. Энэ үед түүний 12 нас 4 сартай хүү нь аавынхаа банкны аппликейшнаар нэвтэрч 58,885,500 төгрөгийг хэд хэдэн этгээдэд шилжүүлсэн байв. Бусдад шилжүүлсэн мөнгөний дийлэнх хэсгийг буюу 35,138,605 төгрөгийг Хариуцагч Г гэх хүнд PUBG Mobile тоглоомынхоо дансыг цэнэглүүлэх зорилгоор шилжүүлжээ. Хариуцагч миний бие урамшуулал хэлбэрээр авсан 5,060,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн. Харин UС худалдан авахаар шилжүүлсэн 30,078,605 төгрөгийн хувьд үүнд дүйцэхүйц UС-ээр хүүгийн тоглоомын хаягийг цэнэглэсэн, энэ мөнгийг би өөрөө аваагүй олон улсын Midasbuy сайт руу шилжүүлсэн" гэж маргасан.
дэлгэрэнгүй -
2025-02-26 Judilogy
Хариуцагч нь маргаан бүхий орон сууцыг “Г” ХК-тай 2016.06.27-ны өдөр байгуулсан ипотекийн зээлийн хөрөнгөөр худалдан авсан. Уг зээлийг 2047.09.27-ны өдөр хүртэл сар бүр төгрөг 493,823 төгрөгөөр төлж дуусгах хуваарьтай ба хуваарийн дагуу хариуцагч зээлийг төлж байгаа.
Тус орон сууцыг хариуцагч нь нэхэмжлэгчид 96,211,500 төгрөгөөр худалдахаар тохиролцож, талууд 2020.06.09-ний өдөр гэрээг бичгээр байгуулж, нэхэмжлэгч нь хариуцагчид орон сууцны үнэд нийт 36,250,000 төлсөн. Хариуцагч орон сууцыг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлсэн боловч гэрээнээс татгалзаж байгаа үндэслэлээр 2022.05.31-ний өдөр эзэмшилдээ буцаан авсан.
Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Хариуцагч нь 2021.09 сард орох оронгүй болчихлоо байрыг чөлөөлж өг гэхэд нь би татгалзсан ба 5 хүний хамт хүч хэрэглэн гэрт байсан бүх тавилга, эд хогшлыг коридорт гаргасан. Гэрээ хүчин төгөлдөр ба гэрээний үүргээ зөрчөөгүй байхад ийнхүү орон сууцыг буцаан авсныг хууль бус гэж үзэж байна. Эвдэлсэн тавилгын хохирол 1,375,000 төгрөг, үнэлгээний төлбөр 80,000 төгрөгийг гаргуулна.
Хариуцагчийн хариу татгалзал: Нэхэмжлэгчид ковидын нөхцөл байдлаас болоод зээл төлөлтийг хойшлуулж өгөөч гэхээр нь зөвшөөрсөн. Би нэхэмжлэгчид өөрөө орох оронгүй болчихлоо, нэг хүнтэй хэлцэл хийсэн нь бүтэхгүй болчихлоо гэж зөндөө хэлсэн. Эд хогшил эвдсэн зүйл байхгүй. Одоо би банкинд зээлээ төлж байгаа. Гэрээ хүчин төгөлдөр эсэх нь эргэлзээтэй. Учир нь зээлээр худалдан авах гэрээ бол эргэн төлөх графиктай байх, нотариатчаар гэрчлүүлэх ёстой. 2016 онд “Г” ХК-тай байгуулсан зээлийн гэрээний дагуу банкны зөвшөөрөлгүй бусадтай гэрээ байгуулсан тул нэхэмжлэгчийг эзэмшигч гэж үзэхгүй, өмчлөгч нь би бөгөөд барьцаалагч нь банк. Нэхэмжлэгч нь орон сууцыг хүнд түрээслүүлснээс оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж гомдол гарсан.
дэлгэрэнгүй
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Шударга ёсны төлөө гүйцгээе – Run for Justice” олон нийтийн гүйлтэд оролцохыг урьж байна
1 day ago

2025 оны 5 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
6 days ago

S2EP20. Б.Дөлгөөн & Н.Хулан: Захиргааны хэм хэмжээний акттай холбоотой маргаан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн судалгаа
2 weeks ago

Д.Ганзориг - "Хуульчдын холбоо ба Захиргааны эрх зүй" сэдэвт хүндэтгэлийн лекц
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Төрийн өмчит компанийн салбар, төлөөлөгчийн газрын удирдах албан тушаалтан сонгуульд оролцохдоо албан үүргээсээ чөлөөлөгдөх ёстой.
2025-06-06
-
Байгаль орчинд учруулсан хохиролд 10,803,232,289 төгрөгийн төлбөр гаргуулахаар шийдвэрлэв
2025-05-29
-
Хохирогч сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэх эсэх нь өөрийнх нь сонголт болно
2025-05-28
-
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-06-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхбатын Хүслэн
2025-05-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Тогтохын Эмүжин
2025-05-30 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Отгонтуяагийн Тэнхлүүн
2025-05-30 Магистрын ажилдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Түвшинжаргал Анужин, Эрдэнэ-Очир Жавзмаа
2025-05-27 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Төмөрбаатарийн Лхагважаргал
2025-05-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Равданбямбын Оюундэлгэр
2025-05-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Мөнхсүх Маралгуа
2025-05-26 Бакалаврын ажилдуудаж байна !