Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2024-08-24 Judilogy

    Нэхэмжлэгч ерөнхий боловсролын Олонлог сургуулийг төгссөн бөгөөд ЭЕШ-ы математик-800, англи хэл-800, гэсэн оноог авч, Чингэлтэй дүүргийн хэмжээнд 2 хичээлээр 800 хэмжээст оноо авсан 5 хүүхдийн нэгээр шалгарсан байна. Улмаар Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэгт хамрагдах гэсэн боловч “хамран сурах тойрог”-ийн сургуулийг төгсөөгүй гэсэн үндэслэлээр тэтгэлэгт хамрагдаагүй байна.
    Нэхэмжлэгчээс хувийн сургуульд сурсан хүүхэд энэ тэтгэлэгт оролцох ямар ч боломжгүй болж, төгссөн сургуулиар нь ялгасан, зөвхөн төрийн сургуульд сурсан хүүхдэд тэтгэлэг олгож, тэгш бус хандсан, төрийн өмчит боловсролын сургуульд суралцагчдыг бүхэлд нь зорилтот бүлэг буюу цаашид өөрсдийн зардлаар суралцах боломжгүй суралцагчид гэж үзэх боломжгүй, эсрэгээ хувийн хэвшлийн сургуульд суралцагчдыг өөрсдийн зардлаар суралцах боломжтой гэж үзэх ч боломжгүй гэж, Хариуцагчаас тус тэтгэлгийг олгохдоо Монгол Улсын сум, хороо тус бүрээс нэг иргэний сонгон шалгаруулахаар ерөнхий шалгуурыг тавьсан бөгөөд гадаадын их, дээд сургуульд өөрийн төлбөрөөр суралцах боломжгүй, сурлагын амжилт гаргаж буй төрийн өмчийн сургуулийн хамран сурах тойргийн дагуу харьяалагдах сум, хороондоо суралцаж буй суралцагчийг дэмжих зорилгоор тус тэтгэлгийг олгохоор журамласан. Хувийн болон төрийн өмчийн сургуулийн хичээлийн хөтөлбөр, хичээлийн багц цаг, хичээлийн агуулга нь харилцан адилгүй байдаг. Тэтгэлгийн шалгуурын хэрхэн журамлах нь Засгийн газрын бүрэн эрхийн асуудал” гэж тус тус маргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2024-08-13 Judilogy

    Шүүгдэгч Б нь хувиараа такси үйлчилгээ эрхэлж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 10 дугаар хорооллоос Дарь-Эх рүү гэртээ хүргүүлэхээр суусан эмэгтэйн согтуурсан байдлыг далимдуулан Баянхошуу руу авч яван улмаар хүнгүй гудамжинд хохирогч эмэгтэйг тээврийн хэрэгслээс чирч буулган орхихдоо цүнх болон утсыг нь авч зугтсанаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар зүйлийн 17.2.2-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авах буюу “Дээрэмдэх” гэмт хэрэгт холбогджээ. 

    дэлгэрэнгүй
  • 2024-08-05 Judilogy

    Хариуцагч иргэн Э (“Захиалагч”) нь нэхэмжлэгч “С” ХХК (“Компани”)-аар тавилга хийлгэхээр тохиролцсон. Компани нь захиалгын дагуу зураг төслийг үзүүлж, Захиалагчийн зөвшөөрснөөр гал тогоо, үүдний болон хүүхдийн өрөөний шкаф гээд нийт 12,824,000 төгрөгийн тавилга хийжээ. Захиалагч нь үүнээс хүүхдийн өрөөний 4,306,000 төгрөгийн үнэтэй шкафыг таалагдахгүй байна гэж буцаалт хийлгүүлж, бусад тавилгыг хүлээн авсан байна. 
    Цаашлаад Захиалагч нь өөрийнхөө Э гэсэн фэйсбүүк хаягаас олон нийтэд сөрөг постуудыг түгээж эхэлсэн ба сүүлд хийсэн “Хүнд ийм юм хийж өгчхөөд яаж хоол хоолойгоор нь даваад байж байдаг байна аа, хүн чанар гэж алга аа” гэх нийтлэлийг нь 22 хүн үзэж, 34 сөрөг сэтгэгдэл бичигдэж, 6 удаа хуваалцсан ба өөр нэг фэйсбүүк хаягаас “ene tavilga hiilgesen gazar С bilv” гэсэн сэтгэгдэл үлдээсэн байна. 
    Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс энэ нь манай компани руу чиглэсэн гэдгийг олон нийт мэдсэн ба ажил хэргийн нэр хүндэд халдаж байна гэж маргасан бол хариуцагч нь өөрийн ашигладаг фэйсбүүк цахим хуудсаар нэхэмжлэгчид хандаж мэдээлэл тавьсан хэдий ч нэрийг нь огт бичээгүй. Сөрөг сэтгэгдэлд хариу өгөөгүй гэжээ. 

    дэлгэрэнгүй
  • 2024-08-09 Judilogy

    Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ: Э.Э нь 2014.02.13-ны өдрөөс "М” ТӨХК-ийн Нислэгийн хэлтэст Боинг ... агаарын хөлгийн 2 дугаар нисгэгчээр, 2017.05.19-ний өдрөөс агаарын хөлгийн даргаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилласан. Тэрээр гүйцэтгэх захирлын 2023.08.30-ны өдрийн ... тоот тушаалаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн. "М” ТӨХК нь нисгэгчдийг бэлтгэхэд багагүй хэмжээний цаг хугацаа болон зардал мөнгө гаргадаг бөгөөд хөдөлмөрийн гэрээний 6.2.12, 8.5, 10.4 дэх хэсэгт заасны дагуу сүүлийн хоёр жилийн дотор хамрагдсан сургалтын зардлыг ажилтан ажил олгогч талд нөхөн төлөхөөр заасан. Иймд 2022 оны нисгэгчийн хаврын давтан сургалтын зардлаас 4,154,733 төгрөг; 2022 онд 8,415,117 төгрөг; 2023 онд 14,801,859 төгрөг, 2023 оны ээлжийн амралтын олговор 10,707,879 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, тайлбарын үндэслэлээ: Хариуцагчийн зүгээс шаардсан ээлжийн амралтын зөрүү 10,707,879 төгрөгөөс 8,985,925 төгрөгийг хүлээн зөвшөөрнө буюу энэ дүнгээс аваагүй цалингийн үлдэгдэл 2,264,449 төгрөгийг хасаж үлдэх 6,721,476 төгрөгийг төлнө. Харин сургалтын зардлын тухайд агаарын тээвэрлэгч компани нь нислэгийн аюулгүй ажиллагааг хангахын тулд 6 сар тутамд нисэх багийн гишүүдийг давтан сургалтад хамруулдаг. Нисгэгчийн 4 төрлийн сургалт хийгддэг бөгөөд энэ сургалтын хувьд агаарын тээвэрлэгч үндсэн үүргийнхээ хүрээнд дүрэмд заасан зорилгоо хэрэгжүүлэхийн тулд хамруулсан давтан сургалт тул тус сургалтын төлбөрийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Миний бие АНУ-ын нисгэгчийн сургуульд өөрийн хувийн зардлаар суралцаж нисгэгчийн эрхээ авсан. Бүх шалгуурыг хангаж, “М” ТӨХК-д орсон ба хариуцагч байгууллагын зүгээс шинээр сургалтад хамруулсан зүйл байхгүй гэж тодорхойлсон.

    дэлгэрэнгүй
  • 2024-07-31 Judilogy

    Шүүгдэгч О нь “У” цэцэрлэгт эрхлэгчээр ажиллаж байхдаа тухайн цэцэрлэгт хүнсний бүтээгдэхүүн нийлүүлдэг “С” ХХК-ийн нягтлан бодогч А-г 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр “манайд 2 багцаар хүнсний бүтээгдэхүүн нийлүүлж байгаа тул өнгөт принтер авч өг” гэж шахаж 449,900 төгрөгийн өнгөт принтер авахуулж цэцэрлэгийн хэрэгцээнд ашигласан хахууль авсан, шүүгдэгч А нь “С” ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байхдаа “У” цэцэрлэгт 2 багцаар хүнсний бүтээгдэхүүн нийлүүлсний хариуд 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр цэцэрлэгийн эрхлэгч О-д 449,900 төгрөгийн өнгөт принтер авч өгч хахууль өгсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4.1, 22.5.1-т заасан нийтийн албан тушаалтан хахууль авах, хахууль өгөх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

    дэлгэрэнгүй
  • 2024-07-23 Judilogy

    Нэхэмжлэгч нь Хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний дагуу уурхайд тэсэлгээчнээр ажиллаж байсан.  
    Нэхэмжлэгчийн зүгээс 2022.01.01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар уртын ээлжийн ажиллах, амрах хоногийг 14, 14 болгосноор нэг сард ажиллавал зохих цаг 112 цаг (8цаг*14хоног) болсон бөгөөд 112-с илүү цаг ажилласан тохиолдолд нөхөн амраах эсхүл нэмэгдэл хөлс өгөх ёстой атал Хариуцагч нь өөрийн дотоод журмаараа нэг сард 168 цагаас илүү ажилласан тохиолдолд нэмэгдэл хөлс олгохоор хуулиас давсан, хуульд нийцээгүй зохицуулалт хийсэн тул нэг сард 56 цаг (168цаг – 112цаг)-т ногдох нийт 3 сарын нэмэгдэл хөлсийг гаргуулах шаардлага гаргав.
    Хариуцагч нь ердийн ажилтан нэг өдөрт 8 цаг, сард 168 цаг ажиллах тул уртын ээлжийн ажилтан нэг сард 168 цагаас илүү ажилласан тохиолдолд илүү цагийн хөлс олгоно, мөн ажилтны үргэлжлэн амрах амралтын 14 хоногт илүү цагийг нөхөн амраасан гэж үзэх тул хуульд заасан нэмэгдэл хөлс олгох урьдач нөхцөл хангагдаагүй гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлав.

    дэлгэрэнгүй
  • 2024-07-16 Judilogy
    Нэхэмжлэгч Д.Р нь “С” ХХК-ийн 49 хувийн хувьцаа эзэмшигч, хариуцагч “Э Э Э” ХХК нь тус компанийн 51 хувийн хувьцаа эзэмшигч болно. “С” ХХК-ийн хувьцаа эзэмшигч хариуцагч “Э Э Э” ХХК нь Монгол Улс (“МУ”)-ын хуулийн этгээд бөгөөд түүний хувьцаа эзэмшигч нь гадаад улсын хуулийн этгээд “Э Э Э И Л” компани, гүйцэтгэх захирал нь Израйл Улсын иргэн, тус хэргийн өөр нэгэн хариуцагч Я Ж П болно. Нэхэмжлэгчийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурлыг хууль бус болохыг тогтоолгож, тус хурлаас гарсан шийдвэрүүдийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан ба энэ хүрээнд хурлын зарыг зохих журмын дагуу хүргэсэн эсэх, хувьцаа эзэмшигч “Э Э Э” ХХК-ийг төлөөлөн хурал зарлах эрх итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгогдсон эсэх нь маргааны зүйл болжээ.
    дэлгэрэнгүй
  • 2024-07-03 Judilogy
     2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-нд шилжих шөнө шүүгдэгч А нь хамтран амьдрагч Э болон бусад найзуудын хамт шинэ жил тэмдэглэхээр цугларчээ. Тус үйл явдлын явцад Э нь ширээн дээр байсан хундагатай шар айргийг А-н нүүр лүү цацсаны улмаас Э болон А нар маргалдаж эхэлжээ. Улмаар Э нь шүүгдэгч А-н гар луу цохисон тул дахиад цохих гэхээр нь А, Э-г түлхэж унагасны улмаас Э-ийн эрүүл мэндэд учирсан гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дагз чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт, гавал тархинд мэс ажилбар хийж хурсан цусыг авсан хагалгааны дараах байдал, зүүн нүдний зовхи, хоёр гар, хоёр өвдөгт цус хуралт бүхий хүнд гэмтэл учирсны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт холбогджээ. 
    дэлгэрэнгүй
  • 2024-07-01 Judilogy
    Хариуцагч нь сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 2021.08.02-ны өдрийн захирамжаар Э-г сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас халах шийдвэр гаргажээ. 
    Иргэн Э нь захирамжийг эс зөвшөөрч шүүхэд хандаж, тус шүүхийн шийдвэрээр Э-д сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж хууль бус болохыг тогтоож, түүнийг албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 6,666,181 төгрөгийг ... Тамгын газрын төсвөөс гаргуулан олгохоор шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийг үндэслэн Тамгын газраас нийт 6,666,181 төгрөгийг Э-ийн ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгалд тооцож олгосон байна.
    ТАтХ-ийн 50.1, 50.2-т заасны дагуу хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол болох 6,666,181 төгрөгийг буруутай албан тушаалтан О-гээс гаргуулахаар нэхэмжилжээ. Хариуцагч нь үүрэгт ажлаа гүйцэтгэж байхдаа өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэр гаргасан, 2021.11.20-ны өдөр ажлаа хүлээлгэж өгсөн тул ажлаас халсантай холбоотой өөрийн гаргасан шийдвэрийг шүүхэд бүрэн хамгаалах боломжгүй болсон, Иргэний хуулийн 498.2 дахь хэсэгт ...Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2024-06-17 Judilogy
    Хариуцагч Э сумын Засаг дарга нь 2019, 2020 онуудад холбогдох захирамжийн дагуу нэр бүхий 6 иргэнд зуслангийн зориулалтаар тус бүр 700 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. Нэхэмжлэгч Г байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас Засаг даргыг өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэж үзээд, газар эзэмших эрх олгосон захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Хариуцагч нь Э сумын Засаг дарга нь хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд сумын тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн газар эзэмшүүлсэн; Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуульд зааснаар газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргах нь төрийн захиргааны төв байгууллагын эрх хэмжээний асуудал байх тул Г байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж маргасан байна. 
    дэлгэрэнгүй
  • 2024-06-11 Judilogy
    Шүүгдэгч Н нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө С дүүргийн ** дүгээр хороо, ** дүгээр байрны ** тоотод хамтран амьдрагч Б-г эрхлэн явуулдаг бизнесийн бараа бүтээгдэхүүн эвдэрсэн байна гэсэн зүйлээс шалтаглан маргалдаж, улмаар Б “Маргалдахаа зогсооё, унтаж амаръя” гэсэн шаардлагыг эсэргүүцэж, улмаар хохирогч Б сандлаар толгойндоо хүчтэй цохиулсны улмаас нас баржээ. Уг үйл явдлыг тэдний бага насны төрсөн хүү Э-н харсан байна. Шүүгдэгч  Н нь өмнө нь 20 гаруй удаа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зөрчилд шалгагдаж байсан тул онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэмт хэрэгт холбогджээ.
    дэлгэрэнгүй
  • 2024-05-31 Judilogy
    Зохигчдын хооронд 2012-84, 2013-35, 2013-89, 2014-52 онуудад холбогдох дугаартай барьцаат зээлийн гэрээ болон эдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг 2016.01.25 (“Нэмэлт өөрчлөлтийн гэрээ”)-ны өдөр тус тус байгуулсан. Хариуцагч Э ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл, хүүгийн төлөлтийг тогтоосон хугацаанд төлөөгүй ба зээлдүүлэгч нь үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоож, мэдэгдэл хүргүүлсэн боловч үр дүн гараагүй. Иймд гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, Зээлийн гэрээний үүрэгт төлбөр гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулахаар нэхэмжлэл гаргасан бол хариуцагч нь зарим барьцаа хөрөнгүүдийг чөлөөлүүлэх тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.
    дэлгэрэнгүй
  • 2024-05-20 Judilogy
    1) Шүүгдэгч Э нь 2017, 2018 онд О аймгийн Орон нутгийн өмчит газарт худалдан авалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байхдаа тус аймагт орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийгдэх зарим барилгын засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг зохион байгуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендерт оролцох шалгуурыг хангаагүй, нэг ангид хамт сурч байсан Б захиралтай “З” ХХК-ийг захиалагч О аймгийн Засаг даргын тамгын газартай 4 удаагийн гэрээгээр нийт  126,603,050 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг; мөн тендерт оролцох шалгуурыг хангаагүй, хувийн харилцаа холбоотой Б захиралтай “А” ХХК-ийг захиалагч О аймгийн Засаг даргын тамгын газартай 5 удаагийн гэрээгээр нийт 102,384,965 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг тус тус шууд байгуулахад албан тушаалын байдлаа ашиглан нөлөөлж, бусдад хууль бусаар давуу байдал бий болгосон, гэмт хэрэгт;
    2) Шүүгдэгч Б нь 2017-2018 онд О аймгийн Орон нутгийн өмчийн газрын мэргэжилтнээр ажиллаж байхдаа өөрийн эхнэр Д болон хувийн харилцаа холбоотой А нарын тус бүр 50 хувийн хувьцаа эзэмшдэг “Р” ХХК-ийг захиалагч О аймгийн Засаг даргын тамгын газартай 3 удаагийн гэрээгээр нийт 147,841,617 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээг, мөн А эзэмшлийн “Г” ХХК-ийг захиалагч О аймгийн Засаг даргын тамгын газартай 2 удаагийн гэрээгээр нийт 46,266,024 төгрөгийн ажлын гэрээ тус тус байгуулахад албан тушаалын байдлаа ашиглан нөлөөлж, өөртөө болон бусдад хууль бусаар давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
    дэлгэрэнгүй
  • 2024-05-16 Judilogy
    Нэхэмжлэгч нар нь 2015 онд шүүхийн шийдвэрээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 400 сая төгрөг төлөх үүрэгтэй, мөн шүүхийн шийдвэрээр 2018 онд 1 тэрбум төгрөгийг 2018.10.24-ний өдрийн дотор төлж барагдуулах үүргийг тус тус хүлээжээ. 2015 оны шүүхийн шийдвэрийн дагуух 400 сая төгрөгийн үүргээ 2022 онд бүрэн төлж барагдуулсан, 2018.10.24-ний өдөр төлж барагдуулах ёстой байсан төлбөрөөс 2022 он гэхэд 80 гаруй сая төгрөгийн төлбөр тус тус үлдсэн байна. 
    дэлгэрэнгүй
  • 2024-05-07 Judilogy
    Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт (i) зээлийн үндсэн төлбөр, үндсэн хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг гаргуулах; (ii) барьцаа хөрөнгүүд болох үл хөдлөх болон хөдлөх эд хөрөнгүүдийг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулж, барьцаа хөрөнгө нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахгүй тохиолдолд зээлдэгчийн бусад хөрөнгөөр гэрээний үүргийг хангуулах шаардлага гаргасан. Хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн зарим хэсэг болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэмэгдүүлсэн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч: (i) 3зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байх үед нэхэмжлэгч тал гэрээгээ цуцалсан ба гэрээ цуцалснаар гэрээний үүрэг шаардах эрх үүсэхгүй тул нэмэгдүүлсэн шаардлага үндэслэлгүй; (ii) Гэрээнд зээлийн хүүг тооцохдоо жилийн 360 хоног байхаар тогтоосон нь Иргэний хуулийн 73.2-т заасан нэг жилийн хугацааг хуанлийн 365 хоногоор тоолох зохицуулалттай нийцэхгүй гэсэн тайлбар гаргасан.  
    дэлгэрэнгүй