Даатгуулагч нэн даруй мэдэгдэх үүргээ биелүүлээгүй нь даатгагчийн ашиг сонирхолд ноцтой хохирол учруулаагүй бол нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй

2025-06-29 Шүүхийн академи

САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.


Шүүхийн шийдвэрийн дугаар: 001/ХТ2023/00213

Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр

Шүүхийн шийдвэрийн төлөв: Хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. 

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Нэхэмжлэгч нь “lexus-570” маркийн автомашиныг нэгэн ББСБ-ын барьцаанд тавьж, зээл авахдаа тус автомашиныг “Premium” даатгал2”-д даатгуулжээ. Үүнээс жил орчмын дараа нэхэмжлэгч хөдөө явах замдаа адуу мөргөснөөс үүдэн унаж явсан машин нь эвдэрчээ. Нэхэмжлэгч энэ ослын талаар дуудлага өгөх гэсэн боловч гар утасны сүлжээгүй газар явж байсан учраас цааш хөдөлж, явсаар аймгийн төв орж хоножээ. Хот руу эргэж ирснийхээ дараа хохирлоо үнэлүүлж, гэрээний дагуу даатгалын компанид хандан, ослын улмаас тээврийн хэрэгсэлд учирсан 25.360.650 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. 

Харин хариуцагч нь “Даатгалын тохиолдол бий болсон талаар нэн даруй буюу газар дээр нь мэдэгдээгүй, хэрвээ нэн даруй мэдэгдэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байсан бол даатгагчид 24 цагийн дотор мэдэгдэх үүргээ биелүүлээгүй тул нөхөн төлбөр олгох боломжгүй” гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна. 

ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР

1. Анхан шатны шүүх “Нэхэмжлэгч автомашины хурдыг тохируулсан эсэх, харанхуй үед, үзэгдэлт хангалтгүй нөхцөлд өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явсан эсэхээ нотлох баримтаар нотолж чадаагүй, хэрэгт гэрэл зургаас өөрөөр зам тээврийн осол гарсан шалтгаан нөхцөл, гэм бурууг тогтоосон баримт авагдаагүй, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн дагуу ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх зэргийг хэрэгжүүлээгүй тул Иргэний хуулийн 431 дугаар зүйлийн 431.1, 439.13, Даатгалын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.54 дахь хэсэгт заасныг баримтлан 25.360.650 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. (15)5

2. Давж заалдах шатны шүүх дээрх  шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...Даатгалын гэрээний хугацаанд даатгуулагч нь Lexus-570 маркийн автомашиныг жолоодон явахдаа адуу мөргөсний улмаас даатгалын гэрээний зүйлд эвдрэл гэмтэл учирсан болох нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол үүссэн талаар нэн даруй мэдэгдээгүй нь нөхөн төлбөрийг олгохоос татгалзах үндэслэлд хамаарахгүй, нэн даруй мэдэгдэх үүрэг нь даатгалын гэрээний үндсэн үүрэг биш тул хариуцагч нөхөн төлбөр олгохоос чөлөөлөгдөх үндэслэлгүй юм. Осол болсон тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж, нэн даруй цагдаагийн байгууллагад мэдэгдэх боломжгүй нөхцөл байдалд байсан” гэж үзээд 25,360,650 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. (1.6.)

3. Хяналтын шатны шүүхээс “Даатгуулагч нь даатгалын тохиолдол бий болсон үед даатгагчид энэ тухай нэн даруй мэдэгдсэнээр аль болох хугацаа алдахгүйгээр зохих шалгалтыг хийх, нөхөн төлбөрөө хурдан авах боломжийг олгохын зэрэгцээ ослын шалтгаан нөхцөл, учирсан хохирлын хэмжээ, нөхөн төлбөр олгохгүй байх үндэслэл байгаа эсэхийг тогтоох ач холбогдолтой. Хэргийн хувьд нэхэмжлэгч нь хөдөө хээр холбоо барих боломжгүй газарт зорчиж байхад шөнийн цагт тухайн осол гарсан буюу автомашин адуу мөргөсөн, машиныг Улаанбаатар хот руу буцааж, улмаар үнэлгээний компаниар ослын үнэлгээг гаргуулан, холбогдох баримтыг даатгагчид хүргүүлсэн зэрэг үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгчийг мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэх боломжгүй юм. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзнэ.” гэж шийдвэрлэсэн. (9)

---o0o--


1 Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу. 

2 “Рremium” даатгалын гэрээний ялгаатай, онцлог заалт нь даатгалын эрсдэл хэсгийн 2 дахь заалтад “зогсоолын эрсдэл” буюу зогсоолд байрлуулах үедээ бусад биетийг шүргэх, мөргөх, зогсоол, грашинд байх үед барилга нуралт, сантехникийн гэмтлээс үүдсэн усанд автах, гуравдагч этгээдийн санаатай болон болгоомжгүй үйлдлийг эрсдэлд тооцон нөхөн төлбөр олгохоор заасан.

3 Иргэний хуулийн 439 дүгээр зүйлийн 439.1 “Даатгуулагч даатгалын тохиолдол бий болсон тухай даатгагчид нэн даруй мэдэгдэх үүрэгтэй.”

4 Даатгалын тухай хуулийн 10.1.5 “Даатгуулагч дараахь эрх эдэлж, үүрэг хүлээнэ: даатгалын зүйлийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх, даатгалын тохиолдол болсон үед хохирлыг багасгах зорилгоор бололцоотой арга хэмжээг авах, даатгагчид нэн даруй мэдэгдэх.”

5 “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно. 

Холбоосууд:

https://shorturl.at/Iy5UA
https://shorturl.at/WFT26