Хуурамч диплом ашиглан сургуульд багшилсан шүүгдэгч нийт ажилласан хугацаанд олсон орлогыг улсад буцаан төлнө.
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: Дугаар 98
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалд нэмэлт өөрчлөлт хийсэн.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Шүүгдэгч нь ... Их Сургуулийн багш мэргэжлийн бакалавр зэрэгтэй гэх боловсролын дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2011 онд дунд сургуулийн багшаар томилогдон, 11 жил ажиллах хугацаанд хэрэглэсэн байна.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Тухайн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хууль (2015)-ийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг2 баримтлан прокуророос шүүгдэгчийг тус гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгчид 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг3 баримтлан шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасныг4 баримтлан шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хууль (2002)-ийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг5, 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг6 тус тус баримтлан шүүгдэгчээс гэмт хэргийн хохиролд 75,992,729 төгрөгийг ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, улсын төсөвт оруулан зарцуулахаар шийдвэрлэжээ.
2. Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6 дахь заалтыг хүчингүй болгож, 2 дахь заалтын “720 цагийн” гэснийг “360 цаг” гэж, 8 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг7 баримтлан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого 75,992,729 төгрөгийг түүнд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байна.
3. Шүүгдэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль (2017)-ийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дугаар заалтад зааснаар шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, ингэснээр шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй” гэж үзэж гомдол гаргасан байна.
4. Хяналтын шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно” гэж үзэж дараах байдлаар тайлбарлажээ.
5. Энэхүү хэрэгт “хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэл бүхий болжээ. Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Боловсролын диплом хуурамч болохыг мэдсээр байж ашиглах” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж дүгнэн, тухайн зүйл, хэсэгт зааснаар түүнд 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд түүнд хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд тохирсон байна” гэж үзэв.
6. Мөн “шүүгдэгч нь төрийн албанд хууль дээдлэх, Монгол Улсын иргэд төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах зарчмыг ноцтой зөрчиж, дээд боловсролын хуурамч диплом ашиглан багшийн ажилд томилогдон ажиллахдаа тухайн мэргэжлийг эзэмшиж, мэргэжлийн диплом аваагүй бусад төрийн үйлчилгээний албан тушаалтнаас илүү цалин хөлс авах хууль бус давуу байдлыг өөртөө бий болгосон” хэмээн үзсэн байна.
7. Харин тус сургуулийн захирал болон нягтлан бодогч нарын өгсөн мэдүүлгээс үзэхэд “тэрээр багш мэргэжлээр суралцаагүй боловч тус сургуульд хуурамч диплом ашиглан багшаар томилогдож, 11 жил 3 сарын хугацаанд ажиллахдаа тус сургуулийн хэвийн үйл ажиллагаа, хүүхдүүдийн эрх ашигт бодитой хохирол, хор уршиг учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна энэ талаар хэн нэгэн гомдол гаргаагүй байна. Гэхдээ дээр дурдсан нөхцөл байдал нь шүүгдэгчийг өөртөө хууль бус давуу байдал бий болгож, улсад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн байна.
8. Иймд “шүүгдэгчийн 2011 оны 10 дугаар сараас 2022 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд сургуулийн багшаар ажилласны төлөө түүнд олгогдож болох байсан цалин хөлсийг тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож үзэхэд 39,048,846 төгрөг, мөн түүний авсан 6 сарын үндсэн цалинтай тэнцэх нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөгөөр тооцон нийт 2,520,000 төгрөгөөр тогтоогдож байх тул зөрүү 41,568,846 төгрөгийг гэм хорын хохиролд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан уг мөнгийг шүүгдэгчээс гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй” хэмээн хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн байна.
---o0o---
[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
[2] Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “...боловсролын үнэмлэх, диплом, ...баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.”
[3] Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар, нийт хоёр зуун дөчөөс долоон зуун хорин цагаар тогтооно.”
[4] Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг “Ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солино.”
[5] Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”
[6] Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.”
[7] Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг “"Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно.” Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.”
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
15 hours ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 days ago
Т.Мөнх-Очирын "Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн зүйлчлэлийн үндсэн асуудал" номын нээлт боллоо
4 days ago
Дам эшлэл (Secondary referencing/citing) авах тухай
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худал мэдүүлэг өгөх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.
2024-11-29
-
Орон байранд нэвтэрч үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хохирлын хэмжээ бага байх нь цагаатгах үндэслэл болохгүй.
2024-11-28
-
Ялын дээд хэмжээ оногдуулахад ёс суртахууны буруутгалыг харгалзан үзэхгүй.
2024-11-27
-
Цэнджавын Амарсанаа
2024-12-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг
2024-11-28 Магистрын ажилдуудаж байна ! -
Цэрэнбалтавын Сарантуяа
2024-11-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2024-11-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ахат Гулим
2024-11-28 Нийтлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-27 Сэтгүүлдуудаж байна ! -
Рагчаагийн Очирбал
2024-11-27 Нийтлэлдуудаж байна ! -
Баасандоржийн Батбаяр
2024-11-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Рагчаагийн Очирбал
2024-11-26 Нийтлэлдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2024-11-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !