Мөнгөний ханш уналтын зөрүүг гэм хорын хохиролд тооцов
Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүргийг хүлээх боловч практикт уг үүргээ хариуцагч сайн дураар биелүүлдэггүйн улмаас шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны журмаар төлбөр барагдуулах нь нийтлэг байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад ч төлбөр төлөгчийн санаатай болон санамсаргүй аливаа үйл ажиллагааны улмаас шүүхийн шийдвэр цаг тухайдаа биелэгдэхгүй багагүй хугацаа өнгөрөх түгээмэл билээ. Ийнхүү хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй, төлбөр төлөх ажиллагаа удааширсны улмаас нэхэмжлэгчид тодорхой хохирол учирдаг.
Үүнтэй холбоотой хариуцагч 2010 онд гарсан шүүхийн шийдвэрийн дагуу төлбөл зохих мөнгөн төлбөрийн үүргийг 2018 онд биелүүлсний улмаас мөнгөний ханшын зөрүү үүссэнийг нэхэмжлэгч гаргуулахаар шаардсан нэгэн сонирхолтой маргааныг шүүх шийдвэрлэжээ. Хууль хэрэглээний болон практикт ач холбогдолтой гэж үзэж энэхүү шүүхийн шийдвэрийн хураангуйг бэлтгэж хүргэж байна.
1. Хэргийн нөхцөл байдал:
Нэхэмжлэгч “А” хариуцагч “Д Ю Ө” ХХК болон тус компанийн хувьцаа эзэмшигч Б нарт холбогдуулан Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “ “... хариуцагч нар шүүхийн шийдвэрийн дагуу төлөх ёстой байсан төлбөрөө эрт төлсөн бол 2009-2012 оны хооронд 63,668,045 төгрөгөөр 2 өрөө байр авах бүрэн боломжтой байсан, гэвч цувуулж төлснөөс болж байр авч чадаагүй, олон жил айлын байр, хашаа түрээсэлж амьдарч байна, хөндлөнгийн шинжээчээр инфляцын зөрүүг бодуулахад 31,362,228 төгрөг гэж гаргасан, иймд уг зөрүү мөнгө болон үнэлгээний төлбөр 220,000 төгрөг, нотариатын төлбөр 39,000 төгрөг, архивын лавлагааны төлбөр 16,000 төгрөг, нийт 31,637,228 төгрөгийн гэм хорын хохирлыг гаргуулж өгнө үү...” гэж шаардсан.
Хариуцагч нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатайгаар зайлсхийлсэн зүйл байхгүй, компани дампууран үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон, гэвч боломжоороо мөнгийг хэсэгчлэн төлсөн, “Д Ю Ө” ХХК-аас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг иргэн Б харуицах үндэслэлгүй” гэж маргасан.
2. Холбогдох хуулийн зохицуулалт:
Иргэний хууль, 2002 он:
194 дүгээр зүйл. Гэрээний бус үүрэгт хамаарах журам
194.1.Үүргийн шинж чанарт харшлахгүй бол гэрээний бус үүргийн харилцаанд гэрээний үүргийн холбогдох журмыг хэрэглэж болно.
228 дугаар зүйл. Гэм хорыг арилгуулах эрх
228.1.Гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гарахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно.
229 дүгээр зүйл. Гэм хорыг арилгах хэмжээ
229.1.Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй.
497 дугаар зүйл. Гэм хор учруулснаас хариуцлага хүлээх үндэслэл
497.1.Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, 2002 он
11 дүгээр зүйл.Шүүхийн шийдвэр заавал биелэгдэх
11.1.Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ.
11.2.Шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ.
3. Шүүхийн шийдвэрийн хураангуй:
Анхан шатны шүүх: Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 228 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “А”-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Дүгнэлт: “...нэхэмжлэлийн тодорхойлж байгаа үндэлслэлээр хариуцагч Б хариуцлага хүлээх үндэслэлгүй.., дээрх маргаан үүсэх болсон үндэслэл болсон орон сууц захиалах гэрээнээс үүссэн иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалаар гэрээний үүргээ биелүүлээгүйн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэгчид төлөх үүрэг бүхий этгээдийг “Д Ю Ө” ХХК болохыг тодорхойлсон ба тус иргэний хэрэгт хариуцагч Б гэм буруутай гэж дүгнээгүй...”;
“... хариуцагч “Д Ю Б” ХХК-д холбогдуулан “...нэхэмжлэгч дээрх хэмжээний мөнгөн дүнг түүнд орох байсан орлого гэж тайлбарлаж байх боловч энэ дүнг тодорхойлох аргачлалыг мөнгөний ханшны алдагдлыг үндэслэл болгон тодорхойлсон нь үндэслэлгүй ... мөнгөний ханш төгрөгийн инфляцын түвшин сүүлийн жилүүдэд өндөр байгаа нөхцөл байдалд хариуцагч хариуцагч Д Ю Ө ХХК-ийн гэм буруутай гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д заасан орох байсан орлого гэдэгт инфляцын алдагдлыг хамааруулах хууль зүйн боломжгүй...” гэжээ.
Давж заалдах шатны шүүх: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 765 дугаар магадлалаар хариуцагч нараас 7,956,327 төгрөгийг гаргуулж, үлдэх 23,680,901 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан.
Дүгнэлт: “... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрээр төлбөр төлөх үүргээ хариуцагч сайн дураараа биелүүлэх учиртай. ... Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт зааснаар нөгөө талыг үүргээ зөрчсөн гэм хор учруулсантай холбоотой хохиролд эд хөрөнгө учирсан алдагдал бодит хохиролд тооцохоор заасан...Иргэний хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1 дэх хэсэгт зааснаар гэрээний бус үүрэгт гэрээний үүрэгт хамаарах зохицуулалтыг хэрэглэж болно. Хариуцагч нь нэхэмжлэгчид шүүхийн шийдвэрт заагдсан төлбөрөө төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас орон сууц хөлслөн амьдарч зардал гаргаснаас гадна авах ёстой байсан мөнгөний үнэ цэнэ буурсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна. ...” гэжээ.
Хяналтын шатны шүүх: Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өрийн 54 дүгээр тогтоолоор хариуцагч нарын гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч Б-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулсан.
Дүгнэлт: “...Иргэний хуулийн 194 дүгээр зүйлийн 194.1.-д зааснаар гэрээний бус үүрэгт гэрээний үүрэгт хамаарах зохицуулалтыг хэрэглэх ба уг хуулийн 222 дугаар зүйлийн 222.7 дахь хэсгийн дагуу үүрэг гүйцэтгэгч хугацаа хэтрүүлснээс нөгөө талд учирсан хохирлыг төлөх үүрэгтэй, 229 дүгээр зүйлийн 229.1-д зааснаар нөгөө талыг үүргээ зөрчсөн гэм хор учруулсантай холбоотой хохиролд эд хөрөнгөд учирсан алдагдал бодит хохиролд тооцогдоно. ... Иймд, дээрх хуулийн зохицуулалтын дагуу давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгчид... 7,956,327 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
Хариуцагч шүүхийн шийдвэрийг зохих хугацаанд биелүүлээгүй, удаан хугацаанд цувуулж төлснөөс нэхэмжлэгчийн 2010 онд авах боломжтой байсан 40,000,000 төгрөг (алданги, бусад зардлын хамт 60,441,940 төгрөг)-ийн үнэ цэнэ буурсан болох нь тогтоогдсон тул “нэхэмжлэгчид бодит хохирол учраагүй” гэж үзэхгүй, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд шүүхийн шийдвэр биелүүлэх цаг хугацааг тодорхой заагаагүй нь “шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг олон жилээр цувуулж төлж болно” гэсэн үг биш ...”
... давж заалдах шатны шүүх дээрх хохирлыг хариуцагч нараас хамтад нь гаргуулахаар шийдвэрлэсэн нь буруу, учир нь зохигчийн хооронд өмнө нь үүссэн орон сууц захиалах гэрээтэй холбоотой иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрээр үүрэг хүлээх этгээдийг “Д Ю Б” ХХК болохыг тодорхойлсон, тус иргэний хэрэгт иргэн Б хариуцагчаар оролцоогүй, түүнийг гэм буруутай гэж дүгнээгүй тул хариуцагч Б-ийн хувьд шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаан биелүүлсний улмаас нэхэмжлэгчид хохирол учруулсан гэх гэм буруугийн шалтгаант холбоо байхгүй, ...” гэжээ.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг бүрэн эхээр үзэх бол энд дарна уу.
Бэлтгэсэн: Легал дата
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
“Сонгууль-2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан боллоо
1 day ago
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
5 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
3 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн
2024-12-24 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Judilogy
2024-12-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Баярцогт Дашням
2024-12-22 Нийтлэлдуудаж байна ! -
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна !