Өршөөлийн тухай хуулийг баримтлан эдлээгүй үлдсэн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих боломжтой
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: Дугаар 163
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 12 сарын 20-ний өдөр
Шийдвэрийн төлөв: Aнхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгосон.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн хугацааг Өршөөлийн тухай хуулийг баримтлан зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай прокурорын дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шүүх татгалзсан байна.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Тухайн дүүргийн прокурорын газраас: Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн *** дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хууль (2015)-ийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн2 2 дахь хэсгийн 2.2-т заасныг3 баримтлан шүүгдэгчийг 7 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна. Түүнчлэн шүүгдэгч нь өөр дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ** дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар мөн шийтгүүлжээ. Шүүхээс түүний өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 3 жил 8 сар 9 хоногийн хугацааг нэмж биечлэн эдлэх ялыг 5 жил 8 сар 9 хоногийн хугацаагаар тогтоосон байна. Шүүхээс оногдуулсан 5 жил 8 сар 9 хоногийн хорих ялаас 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар цагдан хоригдсон 70 хоногтой, биеэр эдэлсэн 3 жил 8 сар 5 хоног, шагналын 11 сар, нийт 4 жил 7 сар 5 хоногийн хорих ял эдэлсэн бөгөөд шүүгдэгчид 1 жил 1 сар 4 хоногийн хорих ял үлджээ. Харин шүүгдэгч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйл4, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт5 заасныг баримтлан түүний эдлэх үлдсэн 1 жил 1 сар 4 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүхэд шилжүүлсэн байна.
2. Тухайн дүүргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгчид шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих тухай прокурорын саналыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Түүнчлэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх тухайн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Шүүгдэгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “2017 онд гаргасан *** дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт нь бие даасан ял шийтгэлтэй тусдаа зүйлчлэл байхад энэ шийтгэх тогтоолыг мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан өөр зүйл ангийн ялын санкцтай нэгтгэж эрх зүйн байдлыг минь нэн дордуулж байна” гэжээ.
4. Түүнчлэн, шүүгдэгч уг гомдолдоо 2021 оны Өршөөлийн тухай хуулийн 12.4-т зааснаар “Шүүх ... ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамрагдах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамрах ял, бусад ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэж хуульчилсныг илт зөрчиж байгаад гомдолтой байна хэмээн мэдэгдсэн байна.
5. Хяналтын шатны шүүх “Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх хүрээнд хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих прокурорын дүгнэлтийг анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны, үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаж чадаагүй байна” гэж дүгнэсэн байна.
6. Тодруулбал, “Анхан шатны шүүхээс “... сүүлд үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байх боловч түүний одоо эдэлж буй хорих ялын нийт хугацааны аль хугацааг өршөөлд хамааруулах ялын хугацаанд тооцох, аль хугацааг үл хамаарах ялын хугацаанд тооцох зохицуулалт тусгагдаагүй. түүний эзэмшил, өмчлөлд ямар эд хөрөнгө байдаг, мөн хохирлыг ямар эд хөрөнгө, орлогоор төлөх талаарх баримт хувийг хэрэгт тусгагдаагүй” гэсэн үндэслэлээр прокурорын дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой алдаа бөгөөд уг шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль зүйн үндэслэлгүй” (20)6 хэмээн хяналтын шатны шүүх үзсэн байна.
7. Учир нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэж тодорхойлсон нь агуулгын хувьд хоёрдмол утгагүй, ойлгомжтой зохицуулалт юм. (23) Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хуулийн хэрэглээг зөвтгөж, энэ талаар гаргасан хоригдлын гомдлыг хангах нь зүйтэй (30) гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэж, шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 12 хоногийн хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон байна.
---o0o---
[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
[2] Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйл “Залилах”, 1 дэх хэсэг “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
[3] Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 “Энэ гэмт хэргийг: ...бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
[4] Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг Өршөөл үзүүлэх тухай хуулиар, эсхүл уучлал үзүүлэх тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар гэмт хэрэг үйлдсэн хүний эдлэх ялыг бүрэн болон хэсэгчлэн чөлөөлөх, эсхүл хорихоос өөр төрлийн ялаар дүйцүүлэн сольж болно.”
[5] Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэг “2015 оны 12 дугаар сарын 3- ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/, Дээрэмдэх /Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хууль бусаар ан агнах /Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/ гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.”
[6] “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалтан доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !