Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын нөхөн төлбөрт гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машин механизмын үнийг оруулахгүй
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: Дугаар 102
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр
Шүүхийн шийдвэрийн төлөв: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулсан
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Шүүгдэгч нь ашигт малтмал хайх, ашиглах, олборлох тусгай зөвшөөрөлгүй хэр нь 2022 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс 22-ны өдрийг хүртэл хугацаанд хутгагч шанагатай “Хьюндай” загварын экскаватор, гар хийцийн алт угаах төхөөрөмж ашиглан Сэлэнгэ аймгийн Ерөө сумын 3 дугаар багийн нутаг “Сангийн гол” гэх ойн сан бүхий газарт алт олборлох үйл ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас байгаль орчинд 9.132.277 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн (цаашид “ЭХ” гэх) тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг2 үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ. Мөн ЭХ-ийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар 9.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машин механизм болох “Хьюндай” загварын экскаваторыг хураан авч, улсын орлогод оруулж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгчийн хууль бус үйлдлийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг 9.132.277 төгрөг, нөхөн сэргээлтийн зардалд 2.697.000 төгрөг нийт 11.829.277 төгрөгөөс улсын орлогод оруулсан экскаваторын үнэлгээ болох 9.000.000 төгрөгийг хасаж тооцон үлдэгдэл 2.829.277 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан “Байгаль орчин, уур амьсгалын сан”-д оруулж, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг иргэний журмаар хянан шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.
2. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, иргэний нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Иргэний нэхэмжлэгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон түүний өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Хураан авсан экскаватор нь иргэний нэхэмжлэгчийн өмчлөлд байдаг. Анх шүүгдэгчтэй 2018 оны 09 дүгээр сард 55.000.000 төгрөгөөр зарахаар тохиролцож урьдчилгаа 20.000.000 төгрөг өгсөн боловч одоог хүртэл үлдэгдэл төлбөрийг гүйцээж өгөөгүй. Мөнгийг бүрэн өгсний дараа өмчлөлийг шилжүүлэхээр тохирсон бөгөөд төлбөр дуусаагүй байхад улсын орлого болгож шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 112.1 дүгээр зүйлд заасны дагуу “талууд шилжүүлж байгаа эд хөрөнгийн үнийг бүрэн төлснөөр тухайн эд хөрөнгийг өмчлөх эрх шилжинэ гэж тохиролцсон бол ийнхүү үнийг бүрэн төлснөөр өмчлөх эрх шинэ өмчлөгчид шилжинэ” гэж заасны дагуу иргэний нэхэмжлэгчийн өмчлөлд байгаа машин механизмыг улсын орлогод оруулж шийдвэрлэснээр эрх ашиг нь зөрчигдөж байна” гэжээ.
4. Прокуророос хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох нийт 11.829.277 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох зохицуулалттай байхад гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан экскаваторыг улсын орлого болгож, түүний үнэ болох 9.000.000 төгрөгийг уг хохирлоос хасаж тооцсон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэжээ.
5. Хяналтын шатны шүүхээс “Үл маргах журмаар албадан хурааж улсын орлого буюу төсөвт үнэ төлбөргүйгээр шилжүүлэх албадлагын арга хэмжээг гэмт хэргийн хохирол буюу хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд учруулсан үр дагавар, хор уршгийг тодорхойлох, нөхөн төлүүлэхээс ялгамжтай байдлаар ойлгож хэрэглэх нь зүйтэй. Шүүхээс шүүгдэгчийн гэмт үйлдлээ түргэтгэх, хялбарчлах, хөнгөрүүлэх зорилгоор ашигласан техник, хэрэгслийг хурааж улсын төсөвт шилжүүлсэн нь үндэслэлтэй боловч хүнд даацын техникийн үнээс байгаль орчинд учирсан экологи, эдийн засгийн хохирлыг суутган хасаж, үлдсэн хэсгийг шүүгдэгчээр нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно” хэмээн дүгнэжээ.(30, 31)3 Улмаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техникийн үнийг хохиролд суутган тооцсоныг хүчингүй болгож, нийт 11.829.277 төгрөгийг шүүгдэгчээр нөхөн төлүүлэх өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулжээ. Харин “худалдах, худалдан авах гэрээний дагуу бусдын эзэмшил, ашиглалтад сайн дураар шилжүүлсэн хүнд даацын механизмыг “төлбөрийг бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр бүхэлд нь буцаан олгох боломжгүй талаар хоёр шатны шүүх холбогдох хууль буюу Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйл, заалтыг иш татан үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийсэн” гэж үзэж иргэний нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. (33)
---o0o---
[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
[2] Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
[3] “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !