Хуулиар нарийвчлан зохицуулсан асуудлаар захиргааны хэм хэмжээний акт баталж, хуулиар тогтоогоогүй татварыг тогтоосон нь буруу гэж үзэв
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 001/ХТ2024/0002
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр
Шийдвэрийн төрөл: Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Чөлөөт бүсээс2 хувийн хэрэглээний зориулалтаар бус худалдан борлуулах, ашиг олох зорилгоор архи, тамхины зүйлийг оруулж ирж байгааг зохицуулахаар Гаалийн ерөнхий газрын даргын 2022 оны А/350, А/351 дүгээр тушаалаар “Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн улсын хилээр нэвтрүүлэх журам”, “Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журам”-д тус тус нэмэлт, өөрчлөлт оруулсан байна. Нэхэмжлэгчийн зүгээс дээрх тушаалын дагуу хилээр байнга орж, гардаг эсэхээс үл хамааран зорчигч бүр хувийн хэрэглээний архи, тамхийг хилээр нэвтрүүлэхдээ татвар төлөх үр дагавар үүссэн нь захиргааны хэм хэмжээний акт гарсан зорилгодоо нийцээгүй гэж маргасан.
Тодруулбал, нэр бүхий 12 компаниас дээрх нэмэлт, өөрчлөлтийн улмаас нэхэмжлэгч аж ахуй нэгжүүд үйл ажиллагаагаа хэвийн явуулах боломжгүй болж, алдагдалтай ажиллахад хүрсэн нь нэхэмжлэгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Хуулийн хэм хэмжээг давсан зохицуулалт бий болгож, хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон хэм хэмжээ тогтоосон хэмээн маргасан юм.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх маргааныг анхан шатны журмаар хянан, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүх давж заалдах журмаар хянан хэлэлцэж шийдвэрлэв.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Давж заалдах шатны шүүхээс: Монгол Улсад үүссэн чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт зорчиж буй зорчигчийн хувийн хэрэглээний зориулалтаар татваргүй худалдан авсан атлаа тухайн зориулалтаар ашиглахгүй худалдан борлуулах, ашиг олох зорилгоор архи, тамхины зүйлийг оруулж ирж байгааг зохицуулах зорилгоор Зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг гаалийн хилээр нэвтрүүлэх журам болон Чөлөөт бүсийн горим хэрэгжүүлэх журамд 24 цагийн дотор хилээр гараад орж ирэх болон чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт орж ирэх зорчигчид хамааруулахгүй (татвараас чөлөөлөгдөхгүй) байхаар зохицуулж журмуудад нэмэлт, өөрчлөлт оруулсан нь ... конвенцыг зөрчөөгүй.
2. Аливаа татварын хөнгөлөлт, чөлөөлөлт нь тухайн үйл ажиллагааг дэмжих төрийн бодлого байдаг бөгөөд зорчигчийн хувийн хэрэглээний эд зүйлийг татвараас чөлөөлөхөөр Чөлөөт бүсийн тухай хуульд заасан явдал нь чөлөөт бүсэд тухайн эд зүйлийн худалдааг өргөжүүлэх, түүний дотор онцгой албан татвар ногдох барааны худалдааг дэмжих, чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт татваргүйгээр оруулахыг дэмжих зорилгогүй.
Зорчигчийн хувийн хэрэглээнд зориулагдсан эд зүйлд дээр дурдсан Киотогийн конвенц, Гаалийн тухай хуулийн дагуу үзүүлдэг татварын чөлөөлөлт бөгөөд архи, тамхины тухайд тодорхой хязгаарлалтыг тогтоож болох сонгох эрхийг мөн Конвенцын дагуу хэрэгжүүлсэн байх тул Гаалийн ерөнхий газрын даргыг хуулиар тусгайлан эрх олгоогүй асуудлаар буюу чөлөөт бүсийн хуулиар нарийвчлан зохицуулсан асуудлаар хэм хэмжээний акт баталсан, хуулиар тогтоогоогүй татварыг тогтоосон гэж үзэхгүй.
3. Гомдол гаргагчдаас: “Чөлөөт бүсийн тухай хуулиар чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт орж ирж буй согтууруулах ундаа, тамхинд татвар ногдуулах асуудлаар хуулийн хэм хэмжээг давсан зохицуулалт бий болгож, хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон хэм хэмжээ тогтоох эрхийг гүйцэтгэх эрх мэдлийн аль ч байгууллага, албан тушаалтанд олгоогүй байтал хууль тогтоомжийг буруу тайлбарлаж, зөрүүтэй хэрэглэсэн, хуулийн заалтуудад хоёрдмол байдлаар дүгнэлт өгсөн.”
4. “Захиргааны ерөнхий хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт зааснаар зохицуулах харилцаа нь бусад захиргааны байгууллагын чиг үүрэгт давхар хамаарч байгаа бол тухайн захиргааны байгууллагаас албан ёсоор санал аваагүй.”
5. “Орлого буурсан болон орлогогүйн улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, дэлгүүрээ хаасан тул хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдөж байхад зөрчигдөөгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм” гэх үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдөөс давж заалдах журмаар гомдол гаргажээ.
6. Хяналтын шатны шүүхээс: Киотогийн конвенцын Тусгай хавсралт J заавар, Зорчигч, 1 дүгээр бүлгийн 6.1, Тамхины төрлийн бараа, дарс, архи болон сүрчиг гэсэн хэсгийн, Практик зөвлөмж 16-д: “... тамхи согтууруулах ундаанд хамаарах журмыг тодорхой нэг насанд хүрсэн хүмүүсээр хязгаарлаж болох бөгөөд хилээр байнга нэвтэрдэг хүмүүст, эсхүл тухайн улсаас гараад 24 цагийн дотор буцаж орж ирж байгаа хүмүүст хамааруулахгүй байж, эсхүл тэдэнд зөвхөн бага тоо хэмжээгээр хязгаар тогтоож болно” гэж заасныг маргааны үйл баримтад холбогдуулан тайлбарлахад, хилээр байнга нэвтэрдэг болон 24 цагийн дотор буцаж орж байгаа хүмүүст тамхи, согтууруулах ундааг татвар төлөхгүйгээр оруулахыг зөвшөөрөхгүй байж болох, эсхүл хэмжээ тогтоож зөвшөөрч болох боловч бусад зорчигчийн хувьд хувийн хэрэглээнд заасан хэмжээний дотор татвар төлөхгүйгээр хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрсөн агуулгатай байна.
Гэтэл маргаан бүхий тушаалаар хилээр байнга орж, гардаг эсэхээс үл хамааран зорчигч бүр хувийн хэрэглээний архи, тамхийг хилээр оруулахад татвар төлөх үр дагавар үүсгэсэн нь захиргааны хэм хэмжээний акт гаргасан зорилгодоо нийцээгүй. (9)3
7. Захиргааны байгууллагын “чөлөөт бүсэд өдөр бүр нэвтэрч, татваргүйгээр согтууруулах ундаа зөөж хуримтлуулан, түүнийгээ олон нийтэд зарж борлуулж байгааг зогсоох” зорилго нь чөлөөт бүсэд байнга эсхүл 24 цагийн дотор нэвтэрч байгаа иргэдэд хамааралтай гэх боловч маргаан бүхий журмын 2.2.15-д “Чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт буцаж орох зорчигчийн худалдан авсан онцгой албан татвар ногдох бараа /хувийн хэрэглээний эд зүйлд хамаарахгүй/” гэх заалтыг нэмж, 2.4-т “Энэ журмын 2.3.1-д заасан бараа нь 21 насанд хүрээгүй, хилээр гараад 24 цагийн дотор буцаж орж байгаа болон журмын 2.2.15-д заасан чөлөөт бүсээс гаалийн нутаг дэвсгэрт буцаж орж байгаа зорчигчид хамаарахгүй” гэж өөрчлөн найруулснаар чөлөөт бүсээр нэвтэрч буй бүхий л этгээд дээр дурдсан барааг нэвтрүүлж буй тохиолдолд татвар төлөх болсон нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцэхгүй. (11)
8. Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “энэ хууль дараах харилцаанд хамаарахгүй” гээд 3.1.2-т “зорчигчийн хувийн хэрэглээний согтууруулах ундааг гаалийн болон бусад татваргүйгээр гаалийн хилээр нэвтрүүлэх” гэж зааснаар иргэд хувийн хэрэглээний согтууруулах ундаа, тамхийг заасан хэмжээний дотор хилээр татвар төлөхгүй нэвтрүүлэх эрхтэй, харин хилээр байнга нэвтэрдэг зорчигчийн хувьд өөр зохицуулалт байж болох, бага тоо хэмжээгээр хязгаарлалт тогтоож болох өөрт олгогдсон эрхээ буруу хэрэгжүүлсэн. (13)
9. Давж заалдах шатны шүүхийн “... архи тамхины тухайд тодорхой хязгаарлалтыг тогтоож болох сонгох эрхийг мөн Конвенцын дагуу хэрэгжүүлсэн... ” гэх дүгнэлт буруу буюу Киотогийн конвенц нь зорчигчийг дотор нь задлан ангилж, ялгаатай зохицуулалт байж болох талаар зохицуулсныг анхаараагүй, ерөнхий зарчим нь зорчигч заасан хэмжээний дотор хувийн хэрэгцээний зориулалтаар гаалийн болон бусад татвар төлөхгүйгээр архи тамхи хилээр оруулахыг зөвшөөрсөн, энэ хүрээнд захиргааны байгууллага зохицуулалт хийхгүй байсан, гагцхүү хилээр байнга нэвтэрдэг хүмүүст, эсхүл тухайн улсаас гараад 24 цагийн дотор буцаж орж ирж байгаа зорчигчийн хүрээнд захиргааны байгууллага зохицуулалт хийх байжээ. (19)
10.Улсын дээд шүүхээс захиргааны хэм хэмжээний акт гаргасан зорилгодоо нийцээгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчимд нийцээгүй, хариуцагч өөрт олгогдсон эрхээ буруу хэрэгжүүлсэн, зохих этгээдүүдээс санал аваагүй нь хэм хэмжээний акт батлан гаргах журмыг зөрчсөн, давж заалдах шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.
---o0o---
[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
[2] Чөлөөт бүсийн тухай хууль (2015)-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1 “"чөлөөт бүс" гэж гаалийн татвар болон бусад татварын хувьд гаалийн нутаг дэвсгэрийн гадна оршиж байгаад тооцогдох, аж ахуйн үйл ажиллагааны тусгай дэглэм бүхий Монгол Улсын нутаг дэвсгэрийн хэсгийг.”
[3] “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Дам эшлэл (Secondary referencing/citing) авах тухай
3 days ago
“Сонгууль – 2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан зохион байгуулах удирдамж
1 week ago
Т.Алтангэрэл: Гадаадын хөрөнгө оруулалтын бодлого бол асар нарийн бодлого
1 week ago
2024 оны 10 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа (ranking)
2 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Харуулын хариуцлагагүй үйлдэл шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.
2024-11-22
-
Хууль, журмаар олгогдсон нэмэлт мэдээлэл шаардах бүрэн эрхийн хүрээ хязгаар (Банкны салбарын жишээн дээр)
2024-11-21
-
Бусдын асран хамгаалалтад шилжүүлсэн төрсөн хүүхдийнхээ тэтгэмжийг өөртөө авсан нь гэмт хэрэг биш
2024-11-20
-
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-22 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-22 Сэтгүүлдуудаж байна ! -
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн
2024-11-22 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-21 Сэтгүүлдуудаж байна ! -
Judilogy
2024-11-21 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Айжуу Баяржаргал
2024-11-20 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-19 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Татварын судалгаа, Хөгжлийн төв Н.Мөнхнаран
2024-11-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !