Гэмт хэргийн эхлэл, төгсгөл нь түүнийг зүйлчлэхэд чухал ач холбогдолтой
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь анхан шатны шүүхийн шийдвэр1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: №154
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр
Шийдвэрийн төлөв: Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, зүйлчлэлийг хэвээр үлдээснээр шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон.2
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Прокурорын газраас шүүгдэгчийг хохирогч А-г гадаа явж байхад нь “утсаар чинь ганц фейсбүүк орчхоод өгье, утасгүй болчихлоо” гэж хуурч, түүний эзэмшлийн “IPhone 12 Pro max” загварын гар утсыг өөртөө авч, А-д дэлгүүрээс пиво авч өгөн хамтдаа сандал дээр суух зэргээр төөрөгдөлд оруулан гар утсыг залилан мэхлэн авч 2,550,000 төгрөгийн хохирол учруулсан гэх Эрүүгийн хууль (2015)-ийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт3 зааснаар, мөн түүнийг иргэн А-тай хамт сууж байгаад, А нь цэцэрлэгийн хашаанд байсан хүмүүстэй маргалдан цааш явахдаа өөрийн санаачилгаар шүүгдэгчид савхин куртик, тортой углааш зэргийг түр харж байхыг захиж үлдээгээд явсан хойгуур нь 499,800 төгрөгийн эд зүйлийг авч яван бусдад зарж борлуулан, завшсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт4 зааснаар тус тус хоёр гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг “шүүгдэгч нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өглөө 07 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хохирогч А-тай танилцан дэлгүүрээс шар айраг худалдан авч хамт ууж байхдаа “утсаар чинь фейсбүүк орчхоод өгье” гэж хэлээд хохирогчийн зөвшөөрлөөр түүний “Iphone-12 Pro max” загварын гар утсыг ашиглаж байсан бөгөөд тэр үед хохирогч А нь ойролцоох цэцэрлэгийн хашаанд байсан хүмүүстэй маргалдан цааш явахдаа өөрийн савхин куртик, тортой углааш зэргийг мөн захиж үлдээгээд түр явсан хойгуур бусдын итгэж үлдээсэн эд зүйлс болох гар утас, савхин куртик, тортой углааш зэргийг хууль бусаар авч явж, өөрийн дураар захиран зарцуулж завшсаны улмаас бусдад 499,800.0 төгрөгийн хохирол учирсан” хэмээн хүлээн авсан хэргийн хэмжээний дотор хэргийн зүйлчлэлийг өөрчлөн тогтоожээ.
2.Хэргийн үйл баримтын хувьд прокурор хоёр төрлийн нийлмэл гэмт хэрэг үйлдэгдсэн хэмээн дүгнэж яллах дүгнэлт үйлдсэн байх боловч шүүхээс “шүүгдэгчийн үйлдэл нь үргэлжилсэн шинжтэй бөгөөд бусдын захиж үлдээсэн эд хөрөнгийг авч явах гэмт санаа нь хохирогч А-ыг бусадтай маргалдан холдож анхаарал сарних үед үүссэн буюу нэг эхлэл, төгсгөлтэй нэг гэмт хэрэг гэж үзээд үйл баримтыг нэгтгэн тодорхойлсон” байна.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “залилах” гэдэгт хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгө (мөнгө)-ийг нь шилжүүлэн авсан санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангахгүй гэж шүүх үзжээ. Тодруулбал, шүүгдэгч нь гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрөөс нь шилжүүлэн авсан байх ёстой.
4.Гэтэл хохирогч А нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...шүүгдэгч нь анх “утсаар чинь фейсбүүк орчхоод өгье” гээд миний утсыг авсан ба бид хамтдаа CU дэлгүүр орж шар айраг аваад гарч явахдаа би утсаа түүнээс эргүүлж авсан. Тэгээд саравчинд байхад тэр миний утсыг түр ашиглах гэж дахин авсан юм...” гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийн хувьд анхнаасаа хохирогчийн гар утсыг залилах зорилго байгаагүй, мөн зохиомол байдлыг зориудаар бий болгосон, эсхүл төөрөгдөлд оруулан хуурч, мэхлэх замаар бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах эрхтэйгээр шилжүүлэн авсан гэх үйл баримт тогтоогдоогүй болохыг шүүхийн тогтоолд онцолжээ.
5. Харин хохирогч А нь байрны гадна цэцэрлэгт шүүгдэгчтэй шар айраг ууж суухдаа тус цэцэрлэгийн хашаанд байсан хүмүүстэй маргалдан, улмаар өөрийн өмсөж явсан савхин куртик, тортой углааш, гар утас зэргийг түр харж байхыг захиж үлдээгээд явсан хойгуур шүүгдэгч тухайн эд зүйлсийг авч явах гэмт санаа төрсөн байна.
6. Иймд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийг хоёр гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, түүнийг нэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон шийдвэрлэжээ.
7. Давж заалдах шатны шүүх зүйлчлэлийн талаар: “Анхан шатны шүүх шүүгдэгчийн хохирогч А-ын гар утсыг залилж авсан гэх үйлдлийг залилах гэмт хэргийн шинжийг хангахгүй, харин бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө болох гар утас, савхин куртик, углааш зэргийг завшсан нэг гэмт хэрэг гэж үзэн үйл баримтыг нэгтгэн тодорхойлж, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.” хэмээн дүгнэсэн байна.
---o0o---
[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
[2] Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 372 дугаар магадлал
[3] Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
[4] Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан бол хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
17 hours ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 days ago
Т.Мөнх-Очирын "Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн зүйлчлэлийн үндсэн асуудал" номын нээлт боллоо
4 days ago
Дам эшлэл (Secondary referencing/citing) авах тухай
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худал мэдүүлэг өгөх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.
2024-11-29
-
Орон байранд нэвтэрч үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хохирлын хэмжээ бага байх нь цагаатгах үндэслэл болохгүй.
2024-11-28
-
Ялын дээд хэмжээ оногдуулахад ёс суртахууны буруутгалыг харгалзан үзэхгүй.
2024-11-27
-
Цэнджавын Амарсанаа
2024-12-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг
2024-11-28 Магистрын ажилдуудаж байна ! -
Цэрэнбалтавын Сарантуяа
2024-11-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2024-11-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ахат Гулим
2024-11-28 Нийтлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-27 Сэтгүүлдуудаж байна ! -
Рагчаагийн Очирбал
2024-11-27 Нийтлэлдуудаж байна ! -
Баасандоржийн Батбаяр
2024-11-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Рагчаагийн Очирбал
2024-11-26 Нийтлэлдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2024-11-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !