Харуул хамгаалалтын ажилтан хийн буугаар буудлага хийж бусдын биед хохирол учруулсныг гарцаагүй байдалд хохирол учруулсан гэж үзэж цагаатгаж шийдвэрлэжээ.
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: Дугаар 75
Шүүхийн шийдвэрийн огноо: 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр
Шүүхийн шийдвэрийн төлөв: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ:
Шүүгдэгч нь уул уурхайн компанид харуул хамгаалалт хариуцсан хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа хууль бусаар гар аргаар алт олборлогч иргэд уурхай руу дайрах үед хийн гар буугаар буудан, улмаар бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн (2015) тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах”2 гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн.
2. Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...анхан, давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн. Тухайлбал, шүүгдэгч хуулийн дагуу үүргээ гүйцэтгэсэн гэтэл гэмт хэрэгтэн болж, хууль зөрчиж бусдын эзэмшил газар руу бүлэглэн дайрч, хууль зөрчсөн нь хохирогч болж байгаа нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл юм.”
4. Хяналтын шатны шүүхээс Хоёр шатны шүүх шүүгдэгчийг хүний биед хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг зөв тогтоож дүгнэсэн атлаа зөвхөн хохирогчид учирсан гэмтлийн шинж чанар, хор уршигт хэт ач холбогдол өгч, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг бүрэн тогтоож, шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болохуйц гарцаагүй байдалд хохирол учруулах нөхцөл байдлыг анхаарахгүй орхигдуулсан талаар шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ. (12)3
5. Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн 4.3 дугаар зүйлд заасан “гарцаагүй байдалд бусдад хохирол учруулсан”4 үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг мөн хэдий ч бодит агуулгаараа Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан хөндлөнгийн хууль бус аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан хор, хохирлын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж бусдад хохирол учруулах байдлаар илэрдэг. (17)
6. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд тулгарах аюул нь гол төлөв гэнэтийн шинжтэй, богино хугацаанд, онцгой нөхцөлд болдгоос хамаарч аюулыг зайлуулж байгаа хүн өөрөө гол төлөв сэтгэл санааны гэнэтийн цочирдолд ордог учир зан үйлийнхээ оновчтой хувилбарыг тэр болгон зөв сонгох боломж хязгаарлагдмал байдаг тул шүүх тогтоогдсон үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ зайлуулагдсан хохирол, учирсан хор уршиг хоёрын харьцааг заавал харгалзан үзнэ. (20)
7. Шүүгдэгч нь уурхайн бүс, олборлолтын талбайд Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн (2000) 13 дугаар зүйлийн 13.1.5-д заасан “Харуул хамгаалалтын байгууллагын үүрэг”5-ийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байхдаа Цагдаагийн ерөнхий газарт бүртгэлтэй хийн гар бууг эзэмшиж, ашиглаж байсан тул Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг6, Харуул хамгаалалтын алба хаагч галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх, албаны нохой ашиглах зааврын (2003) 2.1.1, 2.1.2-т7 зааснаар галт зэвсэг хэрэглэх эрхтэй. (21-22)
8. Хэргийн үйл баримтад “олон тооны иргэд оролцсон хууль бус үйлдлийн улмаас шүүгдэгч өөрт нь болон цагдаагийн байгууллагын алба хаагч, “БМ” ХХК-ийн ажилтан, бусад иргэдийг гэмтээх, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулах гэмт хэрэг, зөрчил үйлдэх боломжтой байсан нөхцөл байдлаас урьдчилан сэргийлж хийн гар буугаар буудлага хийсэн” шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал” буюу мөн хуулийн 4.3 дугаар зүйлд заасан “Гарцаагүй байдалд хохирол учруулах” гэсэн ойлголтод хамаарна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэж (26), гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэжээ.
---o0o---
[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
[2] Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.”
[3] “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалтан доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.
[4] Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйл 1 дэх хэсэг “Энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр энэ хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гэмт хэрэгт тооцохгүй.”
[5] Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5 дахь заалт “хууль тогтоомж, гэрээнд заасан бусад үүрэг”
[6] Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэг “Хамгаалж байгаа эд хөрөнгө, объект болон өөрт нь шууд заналхийлж зэвсэг хэрэглэсэн, эсхүл бүлэглэн халдсан тохиолдолд харуул хамгаалалтын алба хаагч аргагүй хамгаалалтын хүрээнд галт зэвсэг хэрэглэж болно.”
[7] Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2003 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 12/05 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан Харуул хамгаалалтын алба хаагч галт зэвсэг, нэг бүрийн тусгай хэрэгсэл, зэвсэггүйгээр тулалдах мэх хэрэглэх, албаны нохой ашиглах зааврын Хоёр “Галт зэвсэг, тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх, албаны нохой ашиглах үндэслэл, тавигдах шаардлага”-ын 2.1.1 “Гэрээт харуул хамгаалалтын тухай хуулийн 19.1 дэх хэсэгт заасан нөхцөл байдал үүссэн үед”, 2.1.2 “хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцсэнийг хүч хэрэглэхгүйгээр таслан зогсоох боломжгүй байсан.”
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
16 hours ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 days ago
Т.Мөнх-Очирын "Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн зүйлчлэлийн үндсэн асуудал" номын нээлт боллоо
4 days ago
Дам эшлэл (Secondary referencing/citing) авах тухай
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худал мэдүүлэг өгөх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.
2024-11-29
-
Орон байранд нэвтэрч үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хохирлын хэмжээ бага байх нь цагаатгах үндэслэл болохгүй.
2024-11-28
-
Ялын дээд хэмжээ оногдуулахад ёс суртахууны буруутгалыг харгалзан үзэхгүй.
2024-11-27
-
Цэнджавын Амарсанаа
2024-12-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг
2024-11-28 Магистрын ажилдуудаж байна ! -
Цэрэнбалтавын Сарантуяа
2024-11-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2024-11-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ахат Гулим
2024-11-28 Нийтлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-27 Сэтгүүлдуудаж байна ! -
Рагчаагийн Очирбал
2024-11-27 Нийтлэлдуудаж байна ! -
Баасандоржийн Батбаяр
2024-11-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Рагчаагийн Очирбал
2024-11-26 Нийтлэлдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2024-11-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !