Хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн тухай

2025-02-11 Шүүхийн академи

Санамж: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.


Шүүхийн шийдвэрийн дугаар: №77
Шүүхийн шийдвэрийн огноо: 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, магадлалыг хүчингүй болгосон.

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгчийг халуун усны газарт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хамтран амьдрагч хохирогчийг түлхэн унагаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хууль (2015)-ийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д2 заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ БА ШҮҮХИЙН ШИЙДВЭР

1. Анхан шатны шүүх шүүгдэгчийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг3 журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгчийг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт4 зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жил 5 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

2. Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн үйлдэлд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль (2016)-ийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн шинжтэй үйлдлүүдийн аль нэгийг үйлдэхдээ зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, бусад эрхэд халдсан зэргээр байнгын, давтагдсан шинжтэй үйлдсэн, үйлдэж байсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгчийг 3 жилийн хорих ял шийтгэж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 жилийн хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 1 жилийн хугацаагаар тогтоохоор шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

3. Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч гаргасан гомдолдоо “... хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалсан аргагүй хамгаалалтын шинжтэй үйлдэл хийсэн нь тогтоогдсон тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэжээ.

4. Хяналтын шатны шүүх нь “Аргагүй хамгаалалт нь эрүүгийн эрх зүйн онолын хувьд аюул заналхийлсэн довтолгоон бодитой хийгдэж эхэлсэн бөгөөд дуусаагүй байх үндсэн шинжийг агуулдаг. Энэ тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, гэмт халдлага, хүч хэрэглэсэн довтолгоон бодитой нэгэнт эхэлсэн, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд илэрхий, тодорхой, ойлгомжтой болсон, аюул занал бодитой оршиж, халдлага үргэлжилж буй, довтолгоо дуусаагүй үед хамгаалалт хийх эрх үүснэ. Энэ үед өрсөж хамгаалах нь аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн хууль ёсны үйлдэлд тооцогддог ба харин дээрх бодит аюул тулгараагүй тохиолдолд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал үүсэхгүй юм. Тодруулбал, халдагчийн эхлүүлсэн довтолгооныг няцаах, таслан зогсоох явцад түүнд гэм хор учруулдаг бөгөөд энэхүү шинж тогтоогдоогүй тохиолдолд аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх боломжгүй.(22)5

5. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилснийг давж заалдах шатны шүүх гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх шинжийг хэрэгсэхгүй болгож, хэргийн зүйлчлэлийг зөвтгөж шийдвэрлэсэн боловч хамтран амьдрагчийг түлхэн унагаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдлийн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ шүүгдэгчийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. (26)

6. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргээс гэм буруугийн хэлбэрээр ялгаатай ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үргэлжилсэн хугацаа, гэмтэл учруулсан арга, үйлдлийн тоо болон шинж чанар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, гэмт хэрэг үйлдсэн хүний субъектив санаа зорилго, үйлдэлдээ болон хохирол, хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа зэргийг харгалзан үздэг билээ. (27)

7. Шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас нийгэмд аюултай хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн, уг хохирол, хор уршгийг хүсээгүй боловч түүнд зориуд хүргэсэн гэх гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрийн шинж, гэм буруугийн шууд санаатай хэлбэр болох өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинжийг ухамсарлаж,нийгэмд аюултай хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдсэн шинжийн аль алийг хангасан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно. (28)

8. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нь хохирогчийг “түлхэх” үйлдэл хийхдээ түүнийг хүнд гэмтээх зорилго агуулж хохирол, хор уршгийг урьдчилан тооцож, зориуд хүсээгүй, харин маргаан, тэмцлээс зайлсхийх, хохирогчийг холдуулах санаатай байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хохирогчид учирсан гэмтэл нь шүүгдэгчийн нэг удаагийн түлхсэн үйлдэлтэй шалтгаант холбоотой боловч энэхүү түлхэлтийн улмаас хохирогч газарт унаж, гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн дагз-чамархай хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, баруун зулайн аалзан бүрхүүл доорх цус харвалт бүхий хүнд гэмтэл авахыг урьдчилан баттай мэдэж тооцсон гэж дүгнэх боломжгүй юм. (29-30)

9. Шүүгдэгчийн маргалдагчийг өөрөөсөө холдуулахаар түлхсэн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр буюу хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэн байх шинжийг хангасан тул хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж хөнгөрүүлэн зүйлчилж, түүнийг 1 жил 6 сар хорих ялаар шийтгэх нь хувийн болон гэм буруугийн байдалд нь тохирно гэж дүгнэжээ.

10. Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд тусгагдсан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэн үндэслэлд хамаарах тул тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн оногдуулсан 1 жил 6 сар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, түүнийг нэн даруй суллаж шийдвэрлэсэн байна.

 

 

 

 

---o0o---

 

 

[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.

[2] Эрүүгийн хуулийн 11.1 “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” –ийн 2 дахь хэсгийн 2.1 “энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн;”

[3] Эрүүгийн хуулийн 6.7 “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх”–ийн 1 дэх хэсгийн 1.4 “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах;”

[4] Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг “2015 оны 12 дугаар сарын 3- ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүнийг алах /Эрүүгийн хуулийн 10.2 дугаар зүйл/,Баривчлах, таслан зогсоох хэр хэмжээг хэтрүүлж хүнийг алах/Эрүүгийн хуулийн 10.3 дугаар зүйл/, Хүнийг амиа хорлох нөхцөл байдалд хүргэх /Эрүүгийн хуулийн 10.4 дүгээр зүйл/, Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах/Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйл/, Хүн хулгайлах /Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Хүнийг хүчээр алга болгох /Эрүүгийн хуулийн 13.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг/, Заналхийлэх/Эрүүгийн хуулийн 13.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Эмнэлгийн тусламж үзүүлэхгүй байх/Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг/, Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх/Эрүүгийн хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Хүний цус, эс, эд, эрхтнийг шаардлага хангаагүй нөхцөлд бэлтгэх, шилжүүлэн суулгах/Эрүүгийн хуулийн 15.4 дүгээр зүйл/, Хууль бусаар үр хөндөх/Эрүүгийн хуулийн 15.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/, Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх /Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Эд хөрөнгө устгах, гэмтээх/Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэг/,Галт зэвсэг, галт хэрэгсэл, тэсэрч дэлбэрэх бодис хамгаалахад хайнга хандах /Эрүүгийн хуулийн 20.6 дугаар зүйл/, Эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн худалдах, түгээх /Эрүүгийн хуулийн 20.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/, Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах/Эрүүгийн хуулийн 20.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/Эрүүгийн хуулийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц, агаарын хөлгийн хөдөлгөөнд аюултайгаар халдах/Эрүүгийн хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг/, Төмөр замын хөдлөх бүрэлдэхүүн, усан онгоц,агаарын хөлгийн хөдөлгөөнд аюул учруулах/Эрүүгийн хуулийн 27.2 дугаар зүйл/,Төмөр замын, агаарын, усан замын тээврийн хөдөлгөөний ба ашиглалтын аюулгүй байдлын журам зөрчих/Эрүүгийн хуулийн 27.3 дугаар зүйл/, Осол, зөрчилд өртсөн агаарын хөлгийн бодит хяналтын хэрэгслийг устгах, гэмтээх/Эрүүгийн хуулийн 27.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Агаарын навигацийн тоног төхөөрөмжийг устгаж гэмтээх, нислэгийн хөдөлгөөнд саад учруулах/Эрүүгийн хуулийн 27.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг/, Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.”

[5] “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.

 

Холбоосууд:

https://www.jtrii.mn/mn/news/230