“Pubg mobile” тоглоомын төлбөрийн хэрэгслийг худалдан авахад насанд хүрсэн байх эсхүл асран хамгаалагчийн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар, огноо: Монгол Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхим, 001/ХТ2025/00003, 2024.12.24
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд зөвхөн олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Х.С нь О.Х-д холбогдуулан 10.530.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж үндэслэлээ “...Би өөрийн охин С.Н-ийн дансанд 68.000.000 төгрөг байршуулж, уг мөнгөөр барилгын материал цуглуулах гэж байсан. Гэтэл 2023.04.19-ний өдөр 13 настай хүү С.Т миний утсыг ашиглаж С.Н-ийн данснаас 58.885.500 төгрөгийг цахим тоглоом ажиллуулдаг гэх хүмүүс рүү шилжүүлсэн байсан. Цагдаагийн байгууллагад тэр даруй мэдэгдсэн боловч прокуророос гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хаасан. С.Т нь 13 настай буюу Иргэний хуулийн 17 дугаар зүйлд заасан иргэний эрх зүйн зарим чадамжтай этгээд бөгөөд түүний 49.881.105 төгрөгөөр цахим тоглоом худалдан авсан хэлцэл нь хиймэгц биелэх, ахуйн чанартай жижиг хэлцэлд хамаарахгүй. Миний бие С.Т-ийн хууль ёсны төлөөлөгч бөгөөд мөнгөний эзэн тул О.Х-д шилжүүлсэн 10.530.000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэх нэхэмжлэлийн шаардлагыг иргэний хэргийн шүүхэд гаргажээ.
Хариуцагч О.Х нь нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч “...Миний бие “H G” гэх 10К дагагчтай фэйж хуудсаар “PUBG mobile” тоглоомын U C (unkhown cash) цэнэглэлт хийдэг. U C гэдэг нь “PUBG mobile” тоглоомын мөнгө бөгөөд олон улсын “PUBG mobile”-ийн албан ёсны “MIDASBUY” онлайн сайтаас худалдан авдаг. “H G” фэйж хуудсаар тоглоом тоглогч, сонирхогч нарт аккаунтаа хөгжүүлэх, U C авахад туслах зорилгоор үнийн тарифыг фэйж хуудсаараа нийтэд зарлаж, худалдан авах сонирхолтой тоглогч нар “H G” фэйжийн чатаар холбогдон хэдэн U C авах саналаа илгээж өөрийн аккаунт нэрээ явуулж, U C худалдан авах төлбөрийг миний данс руу шилжүүлж, би U C-г тоглогчид авч өгдөг. 2024.04.21-ний өдөр “Т” гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгч U C худалдан авахаар чат бичиж төлбөрөө шилжүүлсэн ба багагүй мөнгө шилжүүлсэн байсан тул түүний фэйсбүүк профайлыг шалгаж үзэхэд 1999.09.05-ны өдөр төрсөн гэсэн байсан учир насанд хүрсэн гэж ойлгоод цэнэглэлт хийж өгсөн. Үүнээс хойш 2023.04.23-ны өдөр хүртэл хэд хэдэн удаа цэнэглэлт хийсэн. “Т” гэх фэйсбүүк нэртэй тоглогч нь над руу шилжүүлсэн үнийн дүнтэй дүйцэхүйц U C-г худалдан авч хэрэглэсэн. Миний бие U C худалдан авахаар шилжүүлсэн 10.530.000 төгрөгийг буцаан шилжүүлэх үндэслэлгүй, учир нь энэхүү мөнгөн төлбөрт дүйцэхүйц U C-ээр өөрийн аккаунтаа цэнэглэж хэрэглэсэн, энэхүү төлбөрийг олон улсын “MIDASBUY” сайт руу шилжүүлсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.
Анхан шатны шүүх шийдвэрлэхдээ: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч О.Х, С.Т нарын хооронд хийгдсэн худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, нэхэмжлэлийн шаардлагаас 9.530.000 төгрөгийг хангаж, үлдэх 1.000.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэсэн. Харин Давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ: Хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийгдэхэд нэхэмжлэгч, хариуцагч нарын хэн алины буруутай үйлдэл байгааг харгалзан хариуцагч О.Х-аас 5.265.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Х.С-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.265.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт заасантай тус тус нийцнэ гэж дүгнэсэн.
Хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэхдээ: Олон улсын хэмжээнд дэлгэрсэн “PUBG mobile” тоглоом нь зохих дүрэм, журамтай байх бөгөөд нэмэлт хэрэгсэл болон тоглоомын төлбөрийн хэрэгслийг бусдад зарж борлуулах, шилжүүлэх, мөнгө хөрөнгө оруулалтын зориулалтаар ашиглах боломжгүй буюу зөвхөн тоглоомыг тоглогч өөрийн тоглох хүрээнд өөртөө худалдан авалт хийж ашиглахаар хязгаарласан, ялангуяа насанд хүрээгүй этгээдэд зохих хязгаарлалт, хориглолттой байхад хариуцагч О.Х нь “PUBG mobile” цахим тоглоомын дүрмийг баримтлахгүй, үүсэх сөрөг үр дагаврыг урьдчилж тооцоолохгүйгээр өөрөө тоглох бус, U C худалдан авах үйл ажиллагааг ашиг олох хэрэгсэл болгож нийтэд санал болгон, ялангуяа насанд хүрээгүй этгээдтэй харьцаж буйгаа нягтлахгүй удаа дараа их хэмжээгээр шилжүүлсэн мөнгийг өөрийн дансанд авсан байна.
О.Х, С.Т нарын хооронд хүсэл зориг илэрхийлэгдэж, мөнгө шилжүүлсэн, хариуд нь U C шилжүүлсэн бодит үйлдэл байх боловч насанд хүрээгүй этгээдийн зүгээс уг үйлдлийг ухамсартайгаар эрх зүйн үр дагавар хүсч үйлдэл хийсэн гэж үзэхгүй ба О.Х болон С.Т нарын хооронд худалдах-худалдан авах болон даалгаврын гэрээний аль алины шинжийг агуулсан хүсэл зоригийн илэрхийлэл байгаагүй ба аливаа гэрээний харилцаа үүссэн гэж үзэх нь хуульд нийцэхгүй.
О.Х-ын хууль бус үйлдэлтэй холбоотойгоор өмчлөгч Х.С-д гэм хорын хохирол учирсан гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд уг хохирол учирсан нь О.Х-ын хэт болгоомжгүй үйлдэлтэй шалтгаант холбоотой, үүнд тэрээр гэм буруутай байна. Гэвч Х.С нь өөрийн хүү С.Т-д анхаарал халамж тавиагүй, хараа хяналтгүй орхисон, банкны дансны аюулгүй байдлаа хангаагүй, мэдээллийг нууцлаагүйгээс өөрт хохирол учрахад хүргэсэн, хохирлын хэмжээ нэмэгдэхэд түүний хэтэрхий болгоомжгүй эс үйлдэхүй нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч О.Х-ын хариуцах гэм хорын хэмжээг бууруулах нь зөв бөгөөд давж заалдах шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан хэмжээнд буюу учирсан гэм хорын 50 хувь буюу нийт 5.265.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хууль зөрчихгүй гэж дүгнэн, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

2025 оны 01 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago

Шүүхээр шийдвэрлэсэн захиргааны хэргийн 2017-2023 оны түүхчилсэн статистик мэдээлэл
3 weeks ago

Ep 32 | Давагдашгүй хүчин зүйл нь Зээлдэгчийг үүргээс чөлөөлөх, багасгах үндэслэл болох уу?
1 month ago

Сэжигтэн П.Цагаан, Ц.Элбэгдорж нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах тухай нийслэлийн прокурор болон мөрдөгчийн саналыг шүүх хүлээн авлаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Шударга эзэмшигч нь эд хөрөнгийг шударгаар эзэмшиж байхдаа засан сайжруулахад зарцуулсан зардлыг эрх бүхий этгээдээс шаардах эрхтэй
2025-02-19
-
“Pubg mobile” тоглоомын төлбөрийн хэрэгслийг худалдан авахад насанд хүрсэн байх эсхүл асран хамгаалагчийн зөвшөөрлийг авсан байх шаардлагатай
2025-02-18
-
Газар эзэмших болон газар дээрх гараашийг өмчлөх эрх хууль ёсны дагуу үүссэн, дуусгавар болоогүй бол газрыг чөлөөлөхгүй
2025-02-17
-
Judilogy
2025-02-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Чулуунбат Оюунсайхан Орсоогийн Батдорж
2025-02-18 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-18 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-14 Сэтгүүлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Нарангоо
2025-02-14 Магистрын ажилдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-14 Сэтгүүлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-13 Сэтгүүлдуудаж байна ! -
Дашцэрэнгийн Ариунзаяа Болдбаатарын Туяацэцэг
2025-02-13 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2025-02-13 Сэтгүүлдуудаж байна ! -
Баярбатын Мөнхцэцэг Батмандахын Өсөхбаяр
2025-02-12 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !