Төлбөр төлөгчийн худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Үндсэн хууль зөрчсөн

2025-05-08 Шүүхийн академи

САНАМЖ: Энэхүү хураангуй нь цэцийн шийдвэрийг орлохгүй ба цэцийн шийдвэрийн үндэслэлийг иргэд, олон нийmэд хүргэх зорилготой бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын дүгнэлт болно.


Шийдвэрийн дугаар: 02

Шийдвэрийн огноо: 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр

Шийдвэрийн төлөв: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн … 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй” гэж заасны “... 31.1.2 ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг зөрчсөн тул хүчингүй болгосугай гэж шийдвэрлэжээ.

МАРГААНЫ ТУХАЙ ТОВЧ

Мэдээлэл гаргагчийн тайлбар: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1 дэх хэсэг, 73.4 дэх хэсэгт заасан зохицуулалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулахаар мэдээлэл гаргасан ба мөн хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “... 31.1.2 ...” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг хянуулахаар мэдээллийн шаардлагын хэмжээг ихэсгэжээ.

Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд гаргасан тайлбартаа

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль тогтоомж, түүний дотор шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх талаарх зохицуулалт нь төлбөр авагчийн эрх ашигт нийцсэн байхаас гадна төлбөр төлөгчийн эрхийг мөн хамгаалах нь зүйтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалт, 73 дугаар зүйлийн 73.1, 73.4 дэх хэсгийн холбогдох зохицуулалт Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалт, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн ба тус итгэмжлэгдсэн төлөөлөгч Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд гаргасан тайлбартаа “хэрэв Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.2 дахь заалтад заасан үндэслэлээр буцаасан гүйцэтгэх баримт бичгийг гүйцэтгүүлэхээр хэдэн ч удаа дахин ирүүлж болохоор зохицуулалтыг өөрчилбөл төлбөр авагчид хэт давуу байдлыг бий болгож, төлбөр төлөгчийн эрхийг зөрчихөд хүргэнэ. Иймээс Монгол Улсын Их Хурал Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцээд хүлээн авах боломжгүй гэж үзсэн” гэжээ.

Монгол Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбар:

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай 2002 оны хуулийн 17 дугаар зүйлийн 17.5 дахь хэсэгт гүйцэтгэх баримт бичгийг буцаахдаа дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй гэж хуульчилсан байсныг 2007 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар хүчингүй болгож, тус хуулийн 17.4 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 17.1-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан бол түүнийг дахин гүйцэтгүүлэхээр шийдвэр гүйцэтгэх албанд ирүүлж болно” гэж өөрчилж, Үндсэн хуульд нийцүүлсэн байна. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд ийнхүү залруулж зөвтгөж байсан атлаа 2017 оны шинэчилсэн найруулгын 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 31.1.1, 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй” гэж заасан нь төлбөр авагчийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэх үндсэн эрхэд нийцээгүй агуулгатай болсон байна” гэжээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас Үндсэн хуулийн цэцэд ирүүлсэн тайлбар: “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт заасан ажиллагааны зорилго нь төлбөр төлөгчийн хөрөнгийг үнэгүйдүүлэх, тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байх, өөрт ашиг, орлого бий болгохуйц эд хөрөнгийг авах, эсхүл өндөр үнийн дүнтэй хөрөнгийг өөрийн бага төлбөрийн шаардлагад нийцүүлэн авах төлбөр авагчийн шаардлагыг хуулиар хязгаарлаж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талуудын тэгш эрхийн тэнцвэртэй байдлыг хангахад чиглэгдсэн” гэжээ.

ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ЦЭЦИЙН ШИЙДВЭР

1. Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны явцад мэдээлэл гаргагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1 болон 73.4 дэх хэсэгт “... худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр төлөгчид, ...” гэж тус тус заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тухай мэдээллийн шаардлагаасаа татгалзсан байна.

2. Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн дунд суудлын хуралдаанд “төлбөр авагчид буцаасан гүйцэтгэх баримт бичгийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байх талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсгийн зохицуулалт нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад төлбөр авагч хөндөгдсөн эрхээ сэргээлгэхээр дахин хандах эрх зүйн боломжийг үгүйсгэж, төлбөр авагчийн эрхийг бүрэн хязгаарласан заалт болсон гэж үзэхээр байна. Түүнчлэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох үр дагаврыг бий болгож, шүүхийн шийдвэр заавал биелэгдэх эрх зүйн зарчмыг зөрчсөн” гэсэн үндэслэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн ... 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй” гэж заасны “... 31.1.2 ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг зөрчсөн байна” хэмээн шийдвэрлэжээ.

3. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар гарсан дээрх дүгнэлтийг Улсын Их Хурал хэлэлцээд 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 48 дугаар тогтоолыг гаргасан байна. Уг тогтоолд “Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 08 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй” гэсэн байна.

4. Цэцийн их суудлын хуралдаанаар “ ... Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт төлбөрт гаргуулсан боловч худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч төлбөрт тооцон авахаас татгалзсан нөхцөлд гүйцэтгэх баримт бичгийг төлбөр авагчид буцааж, түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй байхаар хуульчилсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц ... хууль зүйн ... баталгааг бүрдүүлэх, ... хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасныг зөрчсөн байна” гэсэн Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлт үндэслэлтэй байна гэжээ.

5. Дээрх үндэслэлээр Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэгт “Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн … 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй” гэж заасны “... 31.1.2 ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн … баталгааг бүрдүүлэх, … хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэснийг зөрчсөн тул хүчингүй болгосугай. “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 08 дугаар дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаар тогтоолыг хүчингүй болгосугай” хэмээн шийдвэрлэжээ. 


1. Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу. 

2. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тогтоолын зургаагийн ... дүгнэлтийн үндэслэх хэсгийн 2 дахь цогцолбор.

3. Монгол Улсын Үндсэн хууль (1992)-ийн Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна”.

4. Үндэслэл хэсгийн 1-ийн 1 дэх цогцолбор.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль (2017)-ийн 31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг “Гүйцэтгэх баримт бичгийг энэ хуулийн 31.1.1, 31.1.2-т заасан үндэслэлээр төлбөр авагчид буцаасан тохиолдолд түүнийг дахин гүйцэтгүүлэхээр ирүүлэхгүй”.

Холбоосууд:

https://www.jtrii.mn/mn/news/1357