Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийн алданги шаардах эрх нь Иргэний хуулийн 286.3-т заасан 10 хоногоор хязгаарлагдана
Хэргийн нөхцөл байдал:
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б.Б, Г.Н нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлт 66.400.000 төгрөг нэхэмжилсэн. Хариуцагч Б.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 27.000.000 төгрөгийг төлнө, хариуцагч Г.Н би А ХХК-тай зээлийн гэрээ байгуулаагүй, нөхөр Б хамтран зээлдэгчээр зээлийн гэрээнд гарын үсэг зураагүй, зээлийн төлбөр төлөх хүн биш гэж маргасан байна.
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Б.Б-тэй Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу автомашин барьцаалсан барьцаат зээлийн гэрээг 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр байгуулж, 20.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай олгожээ. Зээлийн гэрээгээр зээлийн хүүг сарын 4 хувийн хүүтэй байхаар тохиролцож, графикт заасан үндсэн зээлийн хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд нийт биелүүлээгүй үүргийн үнийн дүнгийн 0.2 хувьтай тэнцэх хэмжээний алданги, гэрээний хугацаа дууссан тохиолдолд 0.5 хувиар алдангийг зээлдүүлэгчид үл маргах журмаар төлөхөөр гэрээгээр тохиролцсон байна.
Нэхэмжлэгч нь гэрээний хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр дууссан ба гэрээний хугацааг 2018.4.11-ээс 2018.10.11 хүртэл, 2018.10.11-ээс 2020.4.11-ний өдөр тус тус 2 удаа сунгасан гэж, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д зааснаар гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу дуусах өдөр гэрээгээ сунгах боломжтой түүнээс хойш гэрээг сунгах ойлголт байхгүй тул үндсэн зээл 18.000.000 төгрөг, алданги 9.000.000 төгрөг нийт 27.000.000 төгрөгийг төлнө гэж тайлбарлажээ.
Холбогдох хуулийн зохицуулалт:
Иргэний хуулийн:
232 дугаар зүйлийн 232.4-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй”
232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ”
286 дугаар зүйлийн 286.1-д “Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй.”,
286 дугаар зүйлийн 286.2-т “Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно”,
286 дугаарз үйлийн 286.3-т “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно” гэж тус тус заажээ.
Хууль хэрэглээний асуудал:
Нэхэмжлэгч “А” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд байна. Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд нь зээл олгохдоо зээлдэгч зээлээ хугацаандаа төлөөгүй тохиолдолд алданги тооцохоор гэрээнд заасан тохиолдолд алдангийг хэрхэн тооцох асуудалд Улсын дээд шүүх хариулт өгсөн нь хууль хэрэглээний хувьд ач холбогдолтой байна. Уг асуудал дээр шүүхүүд дараах дүгнэлтийг өгчээ.
Шүүхийн шийдвэрийн хураангуй:
Анхан шатны шүүх: Б.Б-ээс зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 33.560.016 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 32.839.984 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хриуцагч Г.Н-д холбогдуулан гаргасан шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ. Анхан шатны шүүх “хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний үүргийг гэрээнд заасан хугацааг дууссанаас хойш нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд хэтрүүлсэн байх бөгөөд энэхүү хэтэрсэн хугацааны алданги нь гүйцэтгээгүй үүрэг болох 22.373.344 төгрөгийн 50 хувиас хэтэрнэ. Иймд Б.Б-ээс үндсэн зээлийн төлбөрт 20.000.000 төгрөг, зээлийн хүүнд 2.373.344 төгрөг, алданги 11.186.672 төгрөг, нийт 33.560.016 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгоно.” гэж дүгнэжээ.
Давж заалдах шатны шүүх: Давж заалдах шатны шүүх хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн хангасан үнийн дүн болох 33.560.016 төгрөгийг 39.560.016 төгрөг болгож нэмэгдүүлжээ. Ингэхдээ алдангийг тооцох асуудалд дараах дүгнэлтийг өгчээ.
Анхан шатны шүүх 2019 оны 11 гэсэн огноотой 2020 оны 4 сарын 11-ний өдөр хүртэл сунгасан зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай гэрээний хугацааны хүү, алдангийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо хэргийн 7 дугаар талд авагдсан 2019.11 гэсэн огноотой гэрээг 2019 оны 11 сарын 11-ний өдөр сунгасан гэж тайлбарласан байх тул уг хугацаанаас 2020 оны 4 сарын 11-ний өдөр хүртэлх зээл, хүү, алдангийг дараах байдлаар тооцох нь зүйтэй. Үүнд: 2019 оны 11 сарын 11-ний өдрөөс 2020 оны 4 сарын 11-ний өдөр хүртэлх 5 сарын хүү нь 4 000 000 төгрөг /800 000 сарын хүү х 5 сар = 4 000 000₮/, өмнөх хүүгийн үлдэгдэл 2 373 344 төгрөг дээр 4 000 000 төгрөгийн хүүг нэмбэл нийт хүү 6 373 344 төгрөг болно. Үндсэн зээл 20 000 000 төгрөг дээр хүү 6 373 344 төгрөгийг нэмбэл 26 373 344 төгрөг болох ба уг дүнгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн алданги тооцвол 13 186 672 төгрөг /26 373 344₮ : 2 = 13 186 672₮/ болно.
Хяналтын шатны шүүх: Давж заалдах шатны шүүхийн хангасан 39.560.016 төгрөгийг 32.966.680 төгрөг болгож бууруулжээ.
Дүгнэлт: Давж заалдах шатны шүүх алдангид гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувь болох 13,186,672 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна. Учир нь, нэхэмжлэгч байгууллага нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдийн хувьд Иргэний хуулийн 286 дугаар зүйл болон эрх бүхий этгээдээс баталсан холбогдох дүрэм, журам, стандартыг баримтлах ёстой. Уг зүйлийн 286.3 дахь хэсэгт зааснаар “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ биелүүлээгүй бол барьцааны зүйлийг комиссын буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж, үлдсэн мөнгийг буцаан олгох” үүрэгтэй. Энэхүү тусгайлсан журмын дагуу аливаа барьцаалан зээлдүүлэгчийн алданги шаардах эрх нь уг зүйлд заасан хугацаагаар хязгаарлагдана. Гэвч энэ хэргийн тухайд, нэхэмжлэгч нь үйл ажиллагааны журмаа баримтлаагүй, хариуцагч зээлийн барьцааны зүйлийг худалдан борлуулснаас нэхэмжлэгч дээрх эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон нөхцөл байдлыг харгалзан Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8.-д “Анзын хэмжээ хэт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно” гэсний дагуу давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн алдангийн хэмжээг 50 хувиар багасгаж 6,593,336 төгрөг, нийт 32,966,680 (үндсэн зээл 20,000,000+хүү 6,373,344+алданги 6,593,336) төгрөгийг гаргуулах нь зүйтэй.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг бүрэн эхээр үзэх бол энд дарна уу.
Бэлтгэсэн: Легал дата
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !