Гэмт хэрэгт сэрдэгдэн 570 хоног цагдан хоригдсон иргэнд сэтгэл санааны хохирол 10,000,000 төгрөг олгохоор шийдвэрлэв

2022-05-30 Легал дата

Хэргийн нөхцөл байдал:

2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянгол дүүрэг 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн нарангийн 13-42 тоотод Н.Э бусдад зодуулж гадны нөлөөтэй амь хохирсон хэрэг гарчжээ. Уг хэрэгт Н.Э-тэй гэр бүлийн харилцаатай байсан Г.Г-г сэжиглэн ШШГЕГ-ын 0461 дүгээр ангид 570 хоног цагдан хорьж шалгасан байна.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 322 дугаар Цагаатгах тогтоолоор Г.Г-г цагаатгаж шийдвэрлэсэн ба уг тогтоолыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 589 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 432 тоот тогтоолоор тус тус хэвээр үлдээжээ.

Г.Г “570 хоног цагдан хоригдсоныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцон 5,849,301 төгрөг, Улаанбаатар хотод төмөр замаар тээвэрлэгдэн ирсэн бараа материалыг ачиж буулгах тээвэр экспедицийн механикжсан анги 44 гурвалжин гэх газарт хувиараа хөдөлмөр эрхлэн ажиллаж, өдөрт дунджаар 50,000-60,000 төгрөгийн орлоготой ажилладаг байсан учир амьжиргааны үндсэн эх үүсвэр орлогыг багаар нь буюу 50 000 төгрөгийг цагдан хоригдсон хоногт үржүүлэн 28,500,000 төгрөг, хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгч Н.Намжилцогтод 4,500,000 төгрөг, Г.Ганболдод 27,500,000 төгрөг нийт 32,000,000 төгрөг, эрүүл мэндийн хувьд хохирч байнга өвдөж эмчилгээ хийлгэдэг тул эмчилгээ шинжилгээ, эмийн болон эмчлүүлэхэд унаа машинд хэрэглэсэн шатахууны зардал 2,463,446 төгрөг, нэр төр, алдар хүнд, сэтгэл санааны асар хүнд тохуурхал доромжлол, сэтгэлийн шарх амссан учир хохирол 150,000,000 төгрөг, бичиг баримтын зардал 35,400 төгрөг, нийт 218,848,147 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулна гэж” нэхэмжлэл гаргажээ.

Шүүхийн шийдвэрийн хураангуй:

Анхан шатны шүүх: Нэхэмжлэгч Г.Г “570 хоног цагдан хоригдсон тул 5.849.301 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 02, 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр өмгөөлөгч Н.Н эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж 4.500.000 төгрөг төлсөн /хх-37-39/, 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр өмгөөлөгч Г.Г, Г.Г нартай эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж өмгөөлөгч Г.Г 5027500097 харилцах дансанд 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 1.500.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр 1.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн, 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Монголын өмгөөлөгчдийн холбоо тасалбар №3 гэсэн баримтаар 2.500.000 төгрөг хүлээлцсэн тул нийт 9.500.000 төгрөг, Сөүл сэниорс монголиа эмнэлэгт үзүүлж шинжилгээ, эмчилгээнд төлсөн 292.400 төгрөг, нотариатын зардал 35.400 төгрөг, мөн хэрэгт шалгагдан 570 хоног цагдан хоригдох хугацаанд зүрхээр хатуулж өвдөж биеийн ерөнхий байдал дунд байснаас хорих ангийн нэгдсэн эмнэлэгт 3 удаа хэвтэн эмчлүүлсэн болох нь 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Цагдан хорих 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн тодорхойлолтоор тогтоогдсон ба эрүүгийн хэргийн ангилал, хэрэгт шалгагдсан болон хоригдсон хугацааг харгалзан сэтгэл санааны хохиролд 500.000 төгрөг буюу нийт 16.177.101 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-д олгож, үлдэх 202.671.046 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүх: Нэхэмжлэлийн шаардлагаас эрүүгийн гэмт хэрэгт шалгагдан, цагдан хоригдож байсны улмаас сэтгэл санааны хохиролд шүүх 500.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэгч Г.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүнийг алах” хүнд гэмт хэрэгт нийт 570 хоног цагдан хоригдсон байна. Гэмт хэргийн ангилал, цагдан хоригдсон хугацаа, шүүхээс түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгасан нөхцөл байдлыг  харгалзан үзвэл, сэтгэл санааны хохиролд 10. 000.000 төгрөгийг нэмж гаргуулахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулжээ.

Хяналтын шатны шүүх: Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь зөв боловч цагдан хоригдсон хугацаанд олох байсан орлого гэж тооцон 28.500.000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хэрэгсэхгүй болгосон нь хэрэгт авагдсан баримтанд үндэслэгдээгүйгээс гадна эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийн заалтыг оновчтой сонгон хэрэглээгүй байна. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.2-т заасан зохицуулалт нь 511.1-д заасан зөрчлөөс үүсэх гэм хор бөгөөд нэхэмжлэгчийн хувьд мөн хуулийн 498 дүгээр зүйлийн 498.4-т заасан хохирол шаардах эрхтэй. Нэхэмжлэгч Г.Г хөдөлмөрийн зах зээлд идэвхтэй хөдөлмөр эрхэлж тодорхой хэмжээний орлого олон амьдрал ахуйгаа хангаж байсан байх тул түүний сарын орлогын хэмжээг тухайн үед мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож олох байсан орлогын хэмжээг тогтоох боломжтой байна. Иймд Г.Г-ын амьжиргааны орлогын дүнг тооцохдоо 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртлэх 7 сарын хугацаанд сарын 192.000 төгрөгөөр тооцож 1.344.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүртэлх 11 сарын хугацаанд сарын 240.000 төгрөгөөр тооцож 2.640.000 бүгд 3.984.000 төгрөгийг нэмж ханган энэ үндэслэлээр болон хууль хэрэглээний өөрчлөлтийг шийдвэр, магадлалд оруулжээ. 

Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг бүрэн эхээр үзэх бол энд дарна уу.

Бэлтгэсэн: Легал дата

Холбоосууд: