Бие даан нэр дэвшихэд 801-ээс доошгүй гарын үсэг зуруулах нь Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлтийн тойм

2025-04-10 Үндсэн хуулийн цэц

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсэгт “Бие даан нэр дэвшүүлэгч нь Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан маягтад тухайн сонгуулийн тойргийн 801-ээс доошгүй тооны сонгогчдын гарын үсгийг зуруулна.” гэж заасан нь Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж, түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Үндсэн эрхэд тавих хязгаарлалт нь тодорхой, тохирсон, ялгаварлан гадуурхаагүй байхыг Үндсэн хуулиар шаардана. 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсгийг цуглуулаагүй бол нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзах үндэслэл болохоор байх бөгөөд цуглуулсан гарын үсгийг түүвэрлэн тулгах, нягтлан шалгах үндэслэл, журмыг тодорхой хуульчлаагүй байна. Иймээс иргэн сонгогдох эрхээ эдлэх эсэхийг тодорхой, обьектив шалгуураар бус, харин эрх бүхий этгээд үзэмжээр буюу дур мэдэн шийдвэрлэх эрсдэлийг бий болгосон тул эрх зүйн тодорхой байдалд нийцээгүй.

Тохирсон байх зарчмын дагуу хууль ёсны зорилгод хүрэхэд уялдаатай, зайлшгүй, тэнцвэртэй байх гэсэн шалгуурыг хангах шаардлагатай. Гарын үсэг зуруулах тухай дээрх зохицуулалт нь хэт олон тооны нэр дэвшигч сонгуульд өрсөлдөн явцуу ашиг сонирхлын талбар болгохоос сэргийлэх, улмаар сонгох эрхийг баталгаатай эдлүүлэх, ардчилсан сонгуулийг шударга, үр нөлөөтэй явуулахад чиглэсэн байх тул уялдаатай байна. Гэвч бие даан нэр дэвшүүлэгчид тавьж буй энэ босго нь хүн ам, нийт сонгогчийн болон тухайн тойргийн сонгогчийн тоотой харьцуулахад хэт өндөр, тохиромжгүй байгаа нь уг эрхийг хамгийн багаар хязгаарлаагүй (зайлшгүй бус) байна. Түүнчлэн 801-ээс доошгүй тооны сонгогчийн гарын үсгийг цуглуулах босгыг агуулгын хувьд хангасан ч түүнд холбогдох зохицуулалтыг хэлбэрийн хувьд ялимгүй зөрчсөн тохиолдолд нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж сонгогдох эрхийг хасах үндэслэл болохоор тусгасан нь тэнцвэргүй байна.

Ялгаатай эрх зүйн байдал бүхий бие даан нэр дэвшүүлэгч болон нам, эвслээс нэр дэвшигч нарт харилцан адилгүй шаардлагыг хуульчлах боломжтой ч энэхүү ялгаа нь зохих үндэслэлгүй бол ялгаварлан гадуурхалд тооцогдоно. Иймээс бие даан нэр дэвшүүлэгчид сонгогдох эрхээ эдлэхэд саад болохуйц хэт өндөр босго тогтоосон нь зохих үндэслэлгүй байх тул эрх тэгш, ялгаварлан гадуурхаагүй байх зарчмыг зөрчсөн байна. Мөн цуглуулсан гарын үсгийг түүвэрлэн тулгах, нягтлан шалгах үндэслэл, журмыг тодорхой тусгаагүйгээс эрх зүйн адил субьектүүд болох бие даан нэр дэвшүүлэгч нарт дур мэдэн ялгаатай хандах эрсдэлийг үүсгэжээ.

Төрийг удирдах хэрэгт оролцох, сонгох, сонгогдох нь Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал болон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактаар хамгаалсан үндсэн эрх юм. Бие даан нэр дэвшүүлэгч сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд зайлшгүй бус, тэнцвэргүй хэт өндөр босго тогтоож холбогдох үндэслэл, журмыг тодорхой хуульчлаагүй нь олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн “сонгогдох эрхийн хязгаарлалт үндэслэл бүхий, нэр дэвшихэд саад болохгүй байх” зарчимд нийцэхгүй байна.

Дээрхээс үзэхэд тус хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2 дахь хэсгийн бие даан нэр дэвшүүлэгч 801-ээс доошгүй сонгогчийн гарын үсэг зуруулах зохицуулалт нь тодорхой, тохирсон, ялгаварлан гадуурхаагүй байх зарчмыг хангаагүй, Монгол Улсын олон улсын хүний эрхийн гэрээгээр хүлээсэн үүрэгт харшилсан тул Үндсэн хуулийн Аравдугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ.” гэж, Арван зургадугаар зүйлийн 9 дэх заалтад “… Төрийн байгууллагад … сонгогдох эрхтэй.” гэж, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хүнийг … үзэл бодол … -оор нь ялгаварлан гадуурхаж үл болно. …” гэж заасныг тус тус зөрчсөн байна.


Санамж: Энэхүү тоймыг олон нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор бэлтгэсэн тул Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 01 дүгээр дүгнэлтийг орлохгүй бөгөөд тус дүгнэлтийг бүрэн эхээр нь энд дарж уншина уу. 

Холбоосууд: