П.Батчулуунд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгав
Шүүхийн нэр, шийдвэрийн дугаар: Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхим 2025.06.04-ний өдрийн 2025/ХШТ/76 дугаар тогтоол
Шүүхийн шийдвэрийн тойм: №62 /ЭХТ-20/, 2025.07.02
Төлөв: Хүчин төгөлдөр болсон.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
П.Батчулуун нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байхдаа зам тээврийн осолд орсны улмаас Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн хагалгаанд орж, тархины үхэлтэй болох нь оношлогдсон иргэний гэр бүлийн гишүүдээс элэг, хоёр бөөр, тэдгээрийн эргэн тойронд байгаа судсыг авах талаар хэлж, зөвшөөрөл авсан боловч биеэс нь хүний доод мөчдийн эд болох шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг, мөн хүний эрхтэн болох цөсний хүүдийг авах талаар тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан гэмт хэрэгт холбогдсон.
Анхан шатны шүүх П.Батчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хууран мэхэлж хүний эд, эрхтнийг авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээн шийдвэрлэжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль үйлчилж эхэлснээс хойш үйлдэгдэж байгаагүй нь манай улсын эрүүгийн эрх зүйн орчин үеийн практикт харьцангуй шинэ ойлголт, шинэ тутам харилцаа гэж үзэхээр байна.
Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, тэр дундаа Донорын тухай хууль, түүнд нийцүүлэн Эрүүл мэндийн сайдын баталсан эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах талаарх журам, зааврууд нь харилцааны зүйлийг бүрэн хамарч зохицуулаагүй, тэдгээрт тодорхойлсон зарим нэр томьёо, ухагдахуун нь хоёрдмол утгатай, тодорхой бус, олон улсын жишигт нийцээгүй зэрэг нөхцөл байдлууд нь анхан болон давж заалдах шатны шүүх үйл баримтыг бодитойгоор тогтоож чадсан боловч хуулийг буруу тайлбарлан хэрэглэхэд хүргэсэн байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлоор хяналтын шатны шүүх 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хэргийг хянан хэлэлцээд П.Батчулуунд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн ба дараах тайлбар, дүгнэлтийг[1] хийсэн.
1.Орчин үеийн анагаахын шинжлэх ухааны ололт амжилтууд нь эмчилгээний шинэ боломжуудыг нээж, эмчлэгдэх боломжгүй гэж үзэж байсан олон тооны хүнд өвчнүүдийг эмчлэх, сэргээн засах үр дүнтэй аргуудыг бий болгосны нэг нь донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал бөгөөд өвчтөний амьдралын чанарыг дээшлүүлэх, эрхтэн дутагдлын сүүлийн шатанд орсон өвчтөнүүдэд амьдрал бэлэглэх шилдэг арга зам гэж тодорхойлогдож иржээ.
Хүнд өвчин, байгалийн гамшиг, осол, гэмтэл, гэмт хэрэг зэрэг олон хүчин зүйлсээс шалтгаалан эрхтэн шилжүүлэн суулгах хэрэгцээ бүхий өвчтөний тоо жил ирэх тусам нэмэгдсээр ирсэн тул хүн төрөлхтөн амьгүй донороос (анг. deceased donor) эрхтэн шилжүүлэх тогтолцоог бий болгож, эрүүл мэндийн тогтсон шалгууруудын дагуу цаашид амьдрах боломжгүй болсон нь тогтоогдсон хүнээс эс, эд, эрхтнийг нь шилжүүлэн суулгах зорилгоор сэргээсэн хүнийг донор болгох болжээ.
Амьгүй донороос эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажиллагааны эхэн үед амьсгал–зүрхний цохилт зогссон хүнээс эрхтэн шилжүүлэн суулгадаг байсан бол 20 дугаар зууны дунд үеэс тархины үхлийг тодорхойлох шалгуурыг боловсруулж, хууль зүйн хүрээнд хүлээн зөвшөөрснөөр донорын гол эх үүсвэр болсон байна.
Дэлхийн улс орнуудад эс, эд, эрхтэн хандивлах зөвшөөрөл олгохдоо “Opt-in” ба “Opt-out” гэсэн хоёр төрлийг хөгжүүлсэн байдаг.
“Opt-in” гэдэг нь донор болох гэж буй хүний идэвхтэй үйлдлээр илэрдэг буюу тухайн хүн донор болох хүсэл зоригоо өөрөө илэрхийлсэн, эсхүл амьгүй донорын ойр дотны хүмүүсээс зөвшөөрөл авсан байхыг шаарддаг бол “Opt-out” хувилбар нь хэн нэгэн амьдарч байх хугацаандаа донор болохоос татгалзсан мэдэгдэл, үйлдэл гаргаагүй тохиолдолд зөвшөөрсөн гэж үзэх идэвхгүй хэлбэрийн зөвшөөрөл олголт юм.
Тархины үхэлтэй донор байх тохиолдолд зүрх, амьсгалын тогтолцоог хиймлээр дэмжих боловч үүнээс өмнө өвчтөний тархины үйл ажиллагаа эргэшгүй алдагдсан болохыг тогтоодог. Өөрөөр хэлбэл, донорын физиологийн үйл ажиллагаа үргэлжлэх боломжгүй буюу нас барсантай адилтгаж болохуйц нөхцөлд орсон болохыг тогтоосны дараа эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах мэс заслыг хийж гүйцэтгэдэг.
Олон улсын эрх зүйн баримт бичгүүдэд ч мөн тархины үхэлтэй амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгахыг тэргүүн ээлжид эрмэлзэхийг зөвлөжээ. Тухайлбал, Дэлхийн Эрүүл Мэндийн Ассамблейгаас 1991 онд гаргасан “Хүний эрхтнийг шилжүүлэн суулгахад баримтлах зарчмууд”-ын 3 дугаар зарчимд “шилжүүлэн суулгах эрхтнийг амьгүй донороос авахыг эрмэлзэнэ, амьд донороос эрхтэн хандивлахыг зөвшөөрөх боловч эрхтэн хүлээн авагчтай генетикийн хувьд ойр, хууль ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн байх” хэмээн тусгасан байна.
Монгол Улсын хувьд Донорын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.2, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт амьд (хүүхэд, 21 насанд хүрсэн хүн), амьгүй донороос эс, эд, эрхтнийг нь авахдаа зөвшөөрөлд үндэслэсэн байхыг шаардсан нь “Opt-in” хувилбарыг илэрхийлнэ.
Түүнчлэн Донорын тухай хуульд амьд болон амьгүй донорыг хуульчлан тодорхойлж, “хүний эс, эд, эрхтнийг авах” гэж амьд болон амьгүй донороос эс, эд, эрхтэн болон эрхтний хэсгийг эмнэлгийн нөхцөлд авахыг ойлгохоор хуульчилсан.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлд заасан “Хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах” гэмт хэргийн үндсэн нэр томьёо, ухагдахууныг Донорын тухай хуулийн дээрх үзэл баримтлал, зохицуулалтуудыг эш татах замаар тайлбарлавал уг гэмт хэргийн хамгаалах эрх ашигт амьд, амьгүй донор аль аль нь хамаарах юм.
2.Хүний эрхийн үүднээс хувь хүн өөрийн бие махбодыг бүрэн эрхшээх эрхтэй. Хүн бүр өөрийн бие махбодын бүрэн бүтэн байдал, эрхэмсэг байдлыг хадгалах, хамгаалуулах эрхтэй бөгөөд энэ эрх амьд байх цаг хугацаанд болон нас барсны дараа ч хадгалагдана. Энэ эрхийн хүрээнд донороос эрхтэн шилжүүлэн суулгахад дараах үндсэн дөрвөн үнэт зүйлийг хүндэтгэж, баримтлах ёстой. Үүнд:
- Хувь хүний автономи байдал буюу өөрийгөө мэдэх эрх;
- Мэдээлэлд үндэслэсэн, сайн дурын үндсэн дээр өгсөн зөвшөөрөл байх;
- Хувь хүний бие махбод нь арилжааны зүйл байж болохгүй;
- “Алтриуст” (бусдын сайн сайхны тулд) зарчимд суурилсан байх зэрэг болно.
Эдгээр нь хоорондоо нягт нарийн уялдаа холбоотой бөгөөд нэг нь нөгөөгөөсөө урган гардаг. Хувь хүний өөрийгөө мэдэх эрх нь хүний эрхэм чанар, бие махбодын бүрэн бүтэн байдлаа ямар ч үед хадгалах, хамгаалуулах эрхтэй холбогдоно. Үүнээс донор болох хүний сайн дурын, мэдээлэлд үндэслэн зөвшөөрөл авах зарчмын ач холбогдол бий болдог.
Энэ ч утгаараа донороос эд, эрхтэн авахад зайлшгүй бичгээр зөвшөөрөл авсан байх буюу нас барагчийн гэрээслэл, эсхүл нас барагчийн гэр бүлийн гишүүдийн зөвшөөрөлд үндэслэсэн байхыг үндэсний төдийгүй Олон улсын гэрээгээр ч шаарддаг.
Тухайлбал, Европын зөвлөлөөс баталсан “Хүний эрх ба био-анагаах ухааны тухай Овьедогийн Конвенц” (Convention on Human Rights and Biomedicine, 1997)-ын 19 дүгээр зүйлд “Амьд донороос эрхтэн авахыг зөвхөн яаралтай тохиолдолд, эсхүл тухайн эрхтнийг амьгүй донороос авах боломжгүй үед, эсхүл донор нь тодорхой, сайн дурын зөвшөөрөл өгсөн тохиолдолд зөвшөөрнө” гэсэн бол манай улсын хувьд Донорын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.2 дахь хэсэгт зааснаас үзэхэд бие хүний өөрийгөө мэдэх эрх болон “алтриуст” зарчмууд бүрэн тусгалаа олсон гэж үзэхээр байна.
Ийнхүү зөвшөөрөл авахын хүний эрхийн болон ёс зүйн учир зүйн холбогдол нь бие махбод, түүний хэсэг нь хүний эрхийн чухал үнэт зүйл болохын хувьд нас барсан гэр бүлийн гишүүн, ойр дотны хүнийхээ биед нь мэс хүргэхгүй байхыг эрмэлзэж, бие цогцсыг бүрэн бүтэн оршуулах эрхтэй байдгаар илэрхийлэгдэх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйл нь эрхтний донор, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааны ёс зүйн хэм хэмжээг хамгаалж, хүний болон эрхтний наймааг хориглосон байдаг.
3.Монгол Улсын 2018 онд нэгдэн орсон “Истанбулын тунхаг бичиг”, Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас 2010 онд баталсан “Хүний эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгахад баримтлах зарчим”, 2015 оны “Хүний эрхтнийг худалдаалахын эсрэг Конвенц”-ын зохицуулалтуудаас үзэхэд хүний цус, эс, эд, эрхтнийг авахдаа донор, түүний гэр бүлийн гишүүд, эсхүл гуравдагч этгээдэд санхүүгийн болон түүнтэй адилтгах давуу байдал санал болгох, амлах, олж авах, эд, эрхтнийг цаашид худалдаалах, амьгүй донорын бие, цогцсыг ялгаварлах, тохуурхан даажигнах гэмт санаа агуулсан үйлдлийг дотоодын хууль тогтоомжоор гэмт хэрэгт тооцон, хариуцлага хүлээлгэхийг үүрэг болгосон байдаг.
Өөрөөр хэлбэл, Олон улсын баримт бичгүүдэд тусгагдсан үзэл санаа нь “эрхтэн шилжүүлэх ажиллагаа бол хүний амь насыг аврах, эрүүл мэндийг сайжруулах буянтай үйл хэрэг бөгөөд үүнийг аливаа байдлаар бизнес, ашиг хонжооны хэрэгсэл болгох нь ёс зүйгүй” гэж үздэг тул ашиг харсан санаатай үйлдэл бүрийг хатуу хориглон хуулиар шийтгэх чиглэл баримталдаг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эд, эрхтнийг хууль бусаар авах гэмт хэргийг хуульчлахдаа гэмт хэргийн зорилго, сэдэлтийг тусгайлан тодорхойлоогүй боловч эрүүгийн эрх зүйн онол, зарчмын дагуу тайлбарлавал уг гэмт хэрэг нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ.
Өөрөөр хэлбэл, энэ гэмт хэргийн сэдэлт, зорилгыг тодорхойлохын тулд “Cui bono” (Cui prodest) буюу хэний ашиг тусын тулд энэ үйлдлийг хийсэн бэ, хэнд ашигтай вэ гэдэгт зайлшгүй хариулт өгөх учиртай.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, Донорын тухай хууль зөрчих зөрчил болон хүний цус, эс, эд, эрхтнийг хууль бусаар авах гэмт хэргийн ялгагдах гол шинж, зөрчлөөс гэмт хэрэгт шилжих үндсэн шалгуур нь өөртөө, бусдад санхүүгийн, түүнтэй адилтгах давуу байдал бий болгох, олж авах, амлах гэсэн үндсэн сэдэлт, зорилгод суурилсан, хууран мэхлэх, хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх арга бүхий хүний эд, эрхтнийг сайн дурын мэдээлэлд үндэслэсэн зөвшөөрөлгүйгээр авсан үйлдэл гэж тодорхойлогдоно.
П.Батчулууны хувьд тархины үхэлтэй болохыг тодорхойлсон донорын гэр бүлийн гишүүдээс зөвшөөрөл авахдаа хэн нэгэн тодорхой этгээдэд эдийн болон эдийн бус ашигтай байдал бий болгох, амлах, олж авах сэдэлт, зорилго агуулаагүй, эсхүл реципиентүүдийн (донор хүлээн авагч) эд, эрхтэн шилжүүлэн авах гэсэн ашиг сонирхлын үүднээс энэхүү үйлдлийг хийгээгүй бөгөөд тэрээр эрхтэн шилжүүлэн суулгасан ажиллагаанаас ашиг хонжоо олоогүй, реципиентүүдтэй (донор хүлээн авагч) нэгдмэл ашиг сонирхолтой гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй нь хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах үндэслэл болов.
4.Донорын тухай хууль тогтоомжоор тархины үхэлтэй нь тогтоогдсон өвчтөний гэр бүлд өвчтөнийг донор болгох талаар хүсэлт тавьж, зөвшөөрлийг зөвхөн бичгээр авахаар журамласан тул амаар зөвшөөрөл авч, донор болгох ойлголт, зохицуулалт байхгүй буюу амаар зөвшөөрөл авсан гэх тохиолдлын хувьд зөвшөөрөл аваагүйтэй адилтган үзнэ.
Харин зөвшөөрөл авахдаа зохицуулах албаны мэргэжилтэн нь амьгүй донорын гэр бүлд донор болгох санал хүсэлт тавихдаа чухам ямар эд, эрхтнийг донор болгон авах талаар тайлбарлан хэлж, эд, эрхтэн авах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн гүйцэд өгч, үр дагавар, учир холбогдлыг тайлбарлан ойлгуулсны үндсэн дээр зөвшөөрлийн хуудас дахь мэдээллийг бүрэн гүйцэд бичсэний дараа гарын үсэг зуруулан, баталгаажуулна.
Гэтэл П.Батчулуун болон зохицуулах албаны мэргэжилтэн нар нь амьгүй донорын гэр бүлийн гишүүдэд цөс нь элэгтэй хамт байрладгийн хувьд элгийг авахад цөсийг хамт авдаг болохыг, мөн доод мөчдийн эрхтнээс хүний эд болох шөрмөсийг түүний бэхлэгдсэн хэсгүүдийн хамт авах болохыг бүрэн гүйцэд тайлбарлан хэлээгүй, тэдэнд ойлгуулаагүй, мэдээллийг бүрэн өгөөгүй, атлаа “Амьгүй донорын гэр бүлийн гишүүний зөвшөөрлийн хуудас”-т гэр бүлийн гишүүдийн мэдээллийг өөрсдөөр нь бичүүлж, гарын үсэг зурсны дараагаар “элэг, бөөр, шөрмөс” хэмээн нөхөн бичиж, Донорын тухай хуулиар тогтоосон зөвшөөрөл авах журам зөрчсөн нь Зөрчлийн тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг хангасан байна.
Эмч, эмнэлгийн байгууллагын ажилтнууд нь үүрэгт ажилдаа хайнга хандсан нь энэ зөрчил гарах шалтгаан нөхцөл болсныг шүүхийн шийдвэрт тэмдэглэв.
Мөн П.Батчулуунд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь эмч, эмнэлгийн байгууллагын ажилтны хууль бус үйлдлийн улмаас учирсан эдийн бус хохирлыг нэхэмжлэх хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй юм.
Тоймыг[2] бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан /илтгэгч/
[1] Тус тогтоолд анагаахын шинжлэх ухааны ухагдахуун, нэр томьёо ашиглагдах тул зарим үгний англи, латин нэршлийг хэрэглэсэн болно
[2] Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр хэрэгт Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуульд заасан хувь хүний нууцад хамаарах мэдээлэл, баримт авагдсан үндэслэлээр хэргийг хаалттай хянан хэлэлцсэн тул “Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам”-ын 4.2.2-т заасны дагуу шийдвэрийн тогтоох хэсэг байршина.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

S2EP23. Ө.Болортуяа: Маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ
1 hour ago

Сюзанн Митчелл: АНУ-д холбооны шүүгчдийг насаар нь томилдог, цалинг нь бууруулдаггүй
3 days ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (III хэсэг)
1 week ago

“Дагнасан шүүхийн тогтолцоо: Хүүхдийн эрх ашиг ба гэр бүл” олон улсын эрдэм шинжилгээний хурал (II хэсэг)
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
П.Батчулуунд холбогдох хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгав
2025-07-07
-
Фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр бүртгэгдсэн нь учирсан хохирлыг хариуцан арилгах үндэслэл болохгүй
2025-07-04
-
Үндсэн хуулийг дагаж мөрдөхөөс өмнөх хууль, шийдвэрийг Цэц хянахгүй байх нь Үндсэн хууль зөрчсөн тухай Цэцийн тогтоол (2024, №02)-ын тойм
2025-07-03
-
Энхбат Төгөлдөр
2025-07-04 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-04 Магистрын ажилдуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-03 Бакалаврын ажилдуудаж байна ! -
Judilogy
2025-07-02 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-07-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2025-07-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Нээлттэй Нийгэм Форум Ө.Болортуяа, Б.Ганцэцэг, М.Насанбат, Н.Номинзул
2025-06-30 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Элбэгзаяагийн Төгстөгөлдөр
2025-06-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ганбат Мөнхтулга
2025-06-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !