Банкнаас авч буй цалингийн зээл эргэж төлөгдөх боломжгүй болсон тохиолдол бүрт даатгуулагчаас даатгагчид гэрээний үндсэн дээр шаардах эрхийг шилжүүлэх боломжгүй
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 001/ХТ2025/00004
Шүүхийн шийдвэрийн огноо: 2024 оны 12 дугаар сарын 24-ний өдөр
Шүүхийн шийдвэрийн төлөв: Хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Нэхэмжлэгч “М” ХК нь “К” ХХК-тай 2012.08.22-ны өдөр 12/85 тоот “Цалингийн зээлийн эрсдэлийг даатгах хэлцэл” байгуулжээ. 2013.09.11-ний өдрийн №3019- 2013/103 тоот цалингийн зээлийн гэрээний зээлдэгч нь “Э” ХК-д гагнуурчнаар ажиллаж байгаад 2014.05.27-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж үндсэн зээлийн үлдэгдэл болох 9,498,282 төгрөгийг гэрээнд заасан хугацаанд төлөлгүй удааснаар даатгалын тохиолдол үүссэн байна. СБДИХАШШ-ийн 2017.06.15-ны өдрийн 181/ШШ2017/01761 дүгээр шийдвэрээр хариуцагчийн зээлийн гэрээний үлдэгдэл 9,498,282 төгрөг, алданги 4,749,151 төгрөг, нийт 14,247,423 төгрөгийг “М” ХК нь “К” ХХК-д олгосон тул зээлдэгчээс уг төлбөрийг төлүүлэхээр шаардлага гаргасан бөгөөд хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ: ... “М” ХК, “К” ХХК-тай даатгалын гэрээ байгуулсан боловч ИХ-ийн 433 дугаар зүйлийн 433.1-д зааснаар2 даатгалын баталгааг хариуцагчид гардуулаагүй. Мөн ИХ-ийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар3 хариуцагч нь “К” ХХК-д зээлийн төлбөрийг барагдуулах үүрэг хүлээсэн боловч ИХ-ийн 123 дугаар зүйлийн 123.8-д заасны дагуу4 нэхэмжлэгч “М” ХК нь “К” ХХК-аас шаардах эрхийг бичгээр шилжүүлэн аваагүй болох нь тогтоогдсон.
Нөгөөтээгүүр, “К” ХХК нь хариуцагчийг 2014.05.27-ны өдөр ажлаас чөлөөлөгдөж даатгалын тохиолдол бий болсноос хойш түүнээс гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаагүй, УДШ-ийн 2017.12.12-ны өдрийн 001/XT2017/01702 дугаар тогтоол гарч хэрэг эцэслэн шийдэгдсэн хугацаанаас хойш нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй байна. Ийнхүү ИХ-ийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан5 хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэж шийдвэрлэжээ. (9)6
2. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ “...ИХ-ийн 433 дугаар зүйлийн 433.1-д заасан даатгалын баталгааг “М” ХК даатгуулагч “К” ХХК-д гардуулах үүрэгтэй болохоос зээлдэгчид гардуулах үүрэггүй. Зээлдэгч ажлаас чөлөөлөгдөж зээлийн гэрээний үүрэг зөрчигдөж даатгалын тохиолдол бий болж даатгагч “М” ХК нь даатгуулагч “К” ХХК-д зээлдэгчийн зээлийн үлдэгдэл, алдангийн хамт төлсөн нь тогтоогдсон тул учирсан хохирлыг хариуцагчаас шаардах эрхтэй байна. Түүнчлэн ИХ-ийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаprax хөөн хэлэлцэх хугацаа энд хамаарахгүй. Иймд Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар7 нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн хэмээн шийдвэрлэсэн байна. (10)
3. Хяналтын шатны шүүхээс анхан шатны шүүх нэхэмжлэгч “М” ХК нь ИХ-ийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар шаардлага гаргах эрхтэй гэж үзсэнийг үгүйсгэх үндэслэлгүй боловч тус шүүх “К” ХХК нь “М” ХК-д шаардах эрхийг шилжүүлэхдээ гэрээг байгуулаагүйгээс шаардах эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэсэн нь хэргийн баримтад тулгуурлаагүй, түүнчлэн хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхлэх үеийг буруу тогтоосон алдаа гаргасныг залруулан дүгнэж, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, харин нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн. (12)
4. Банк нь даатгалын компаниас зээлийн үүргийг нөхөн төлбөр хэлбэрээр авсан бол шаардах эрхээ тухайн компанид шилжүүлэх, зээлдэгч банкинд зээлийг төлбөл нөхөн төлбөрийг буцаан олгохоос гадна зээлдэгч ажлаас чөлөөлөгдсөн ч зээлийн үүргээс чөлөөлөгдөхгүй байх агуулга тусгагдсан гэж үзнэ. ИХ-ийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасан8 зохицуулалтыг хэрэглэхэд даатгуулагч нь учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдол ихэнхдээ даатгуулагч ба гуравдагч этгээдийн хооронд гэрээний харилцаа үүсээгүй, гуравдагч этгээдийн гэм буруутай үйлдэлтэй холбоотой буюу үүргийн зөрчилтэй холбоотой байдаг, энэ үед даатгагч даатгуулагчид хохирлыг төлж, шаардах эрхийг гэрээ болон хуульд зааснаар шилжүүлж авдаг бол зээлдэгч нь даатгуулагч “К” ХХК-тай зээлийн гэрээний харилцаатай байсан, түүнчлэн өөрөөс үл шалтгаалах буюу ажлын байр хасагдсан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн нь тогтоогдсон тул түүнийг гэм буруутай этгээд гэж үзэхгүй. Иймээс ИХ-ийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасны дагуу шаардах эрх даатгагч буюу нэхэмжлэгч “М” ХК-д шилжих боломжгүй ба энэ байдлыг давж заалдах шатны шүүх анхаараагүй байх тул давж заалдах шатны шүүхийн хийсэн “... Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д зааснаар нэхэмжлэгчид шаардах эрх үүссэн, энэ тохиолдолд ИХ-ийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүй гэсэн дүгнэлт үндэслэлгүй болжээ. (16)
5. Банкнаас авч буй цалингийн зээл эргэж төлөгдөх боломжгүй болсон шалтгаан, хүчин зүйл буюу даатгалын эрсдэл, тохиолдол бүрт даатгуулагчаас даатгагчид гэрээний үндсэн дээр шаардах эрхийг шилжүүлэх боломжтой гэж үзэж болохгүйг анхаарах нь зүйтэй. Учир нь, зээлдэгч гэнэтийн осол болон өвчний улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа түр болон бүр алдах зэрэг тохиолдолд даатгалын байгууллага даатгуулагчид төлсөн нөхөн төлбөрөө гуравдагч этгээдээс шаардах нь даатгалын гэрээний агуулга, үүргийн эрх зүйн үүрэг дуусгавар болох ерөнхий зарчимд нийцэхгүй. Тиймээс зээлдэгч нь хэдийгээр өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажилгүй болсон боловч авсан зээлээ төлж, гэрээний үүргээ шударгаар биелүүлэх боломжгүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тохиолдолд үндэслэлгүйгээр хөрөнгөжих, давуу байдал олж авах нь нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилна. (18)
6. Хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийхэд анхан шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргаанд гэрээний үүрэгтэй холбоотой хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа хамаарна гэсэн нь ИХ-ийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д нийцсэн байна. Гэвч тус шүүх уг хугацаа өнгөрсөн гэж үзэхдээ холбогдох үйл баримтыг буруу тодорхойлсон. Мөн даатгалын гэрээний дагуу “М” ХК-аас “К” ХХК-д 14,247,423 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн УДШ-ийн тогтоол 2017.12.02-ны өдөр гарсан, уг өдрөөс анхан шатны шүүх нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзсэн нь алдаатай байна. (20)
1. Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу.
2. Иргэний хууль (1992)-ийн 443 дугаар зүйлийн 443.1. “Гэм хорын даатгалаар даатгагч нь даатгуулагчийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, эд хөрөнгийн бус ашиг сонирхолд учирсан гэм хорыг даатгалын үнэлгээний хэмжээгээр мөнгөн хэлбэрээр нөхөн төлөх үүрэг хүлээнэ.”
3. ИХ-ийн 123 дугаар зүйлийн 123.1. “Шаардах эрх шилжих тухай үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэх хүртэл үүрэг гүйцэтгэгч анхны үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэнэ.”
4. ИХ-ийн 123 дугаар зүйлийн 123.8. “Хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ.”
5. ИХ-ийн 75 дугаар зүйлийн 75.2.1. “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна.”
6. “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.
7. Даатгалын тухай хууль (2004)-ийн 8 дугаар зүйлийн 8.7. “Даатгалын гэрээнд заасан бол буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ.”
8. ИХ-ийн 443 дугаар зүйлийн 443.7. “Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ. Харин даатгуулагч гуравдагч этгээдэд шаардлага гаргах буюу шаардлагыг хангуулах эрхээсээ татгалзсан бол тэр хэмжээгээр даатгагч гэм хорыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөгдөнө.”
---o0o--
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

“Легал дата"-ийн ТУЗ-ийн дарга, доктор, олон улсын арбитрч Т.Алтангэрэл Сингапурын Олон Улсын Арбитрын Төв, Хөрөнгө Оруулалтын Маргаан Шийдвэрлэх Олон Улсын Төв, БНСУ-ын Арилжааны Арбитрын Зөвлөлийн арбитрчаар томилогдон ажиллаж байна
1 week ago

2025 оны 3 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago

2025 оны 02 дугаар сарын эрэлттэй бүтээлийн чансаа
1 month ago

Ep45: Хүүхдийн хадгаламж ба зээлийн барьцаа
1 month ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Банкнаас авч буй цалингийн зээл эргэж төлөгдөх боломжгүй болсон тохиолдол бүрт даатгуулагчаас даатгагчид гэрээний үндсэн дээр шаардах эрхийг шилжүүлэх боломжгүй
2025-05-01
-
Мандатын тооноос дутуу тэмдэглэгээ хийвэл саналын хуудсыг хүчингүйд тооцох заалттай холбоотой 2025 оны 04 дүгээр дүгнэлтийн тойм
2025-04-29
-
Гэр бүл болоогүй ч оролцоо, хувь нэмэр, хамтын ажиллагаа нь нотлогдож байгаа үед хэсгээр өмчлөх дундын өмчийн харилцаа үүссэн байх боломжтой
2025-04-28
-
Цэнджавын Амарсанаа
2025-05-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Лхагвасүрэнгийн Галбадар М.Мөнхбаатар
2025-05-01 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Д. Отгонбаяр
2025-04-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Пүрэвжалын Намуун
2025-04-29 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Одонхүүгийн Мөнхсайхан
2025-04-29 Судалгааны тайландуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2025-04-29 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Шүүхийн академи
2025-04-29 Сэтгүүлдуудаж байна ! -
Judilogy
2025-04-29 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
ЖАРГАЛ ДӨЛГӨӨН
2025-04-25 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !