Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2025-01-04 Judilogy

    Хөрөнгө оруулалтын газрын даргын 2015.08.13-ний өдрийн Тогтворжуулах гэрчилгээ олгох тухай А/98 дугаар тушаалаар ХОтХ-ийн 9.2, 9.10 дахь хэсгийг үндэслэн МУ-ын хуулийн этгээд “Э р” ХХК-д Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Ухаа худаг нүүрсний орд төсөл”-ийн хүрээнд уул уурхайн үйл ажиллагааны чиглэлд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар (“ААНОАТ”), Гаалийн татвар, Нэмэгдсэн өртгийн албан татвар (“НӨАТ”), Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (“АМНАТ”)-ийг гэрчилгээ олгосон өдөр мөрдөгдөж байсан хууль, тогтоолд зааснаар 2033.04.17-ны өдөр хүртэл 24 жил тогтворжуулж, хөрөнгө оруулалтын Тогтворжуулах гэрчилгээг олгосон. 
    “Э р” ХХК-иас 2023.03.17-ны өдрийн 216 дугаартай албан бичгээр ТЕГ-ын Том татвар төлөгчийн газарт хандан “ЗГ-ын 2014 оны 220 дугаар тогтоолыг 2019 оны 342 дугаар тогтоолоор, уг тогтоолыг 2021 оны 174 дүгээр тогтоолоор хүчингүй болсонд тооцож, нэмэлт өөрчлөлт оруулсны улмаас нүүрсний борлуулалтад илүү хэмжээгээр төлөгдсөн АМНАТ-ийг баталгаажуулах, цаашид АМНАТ-ийн хувь, хэмжээг тогтворжуулах гэрчилгээ олгосон 2015 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Ашигт малтмалын тухай хууль (“АМтХ”)-ийн 47.3.2, 47.4, 47.5 дахь хэсэгт заасан хүснэгтийн 12 дахь заалтад заасан хувь болон мөн хуулийн 47.6-д зааснаар ЗГ-аас 2014 оны 220 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын дагуу тооцуулан АМНАТ ногдуулж, төлж, тайлагнах арга хэмжээ авч өгнө үү” гэсэн утга бүхий хүсэлтийг гаргажээ. ТЕГ-ын Том татвар төлөгчийн газрын 2023.04.04-ний өдрийн 01/352 дугаартай албан бичгээр дээрх хүсэлтийг хангах боломжгүй гэсэн агуулгатай хариуг хүргүүлсэн байна.

    дэлгэрэнгүй
  • 2025-01-02 Шүүхийн академи

    Дорноговь аймгийн Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нь зөрчилд холбогдогч хуулийн этгээдийн гаалийн байгууллагад бараагаа мэдүүлэхдээ 2 нэр төрлийн барааны тоо хэмжээг зөрүүтэй мэдүүлсэн зөрчлийг 2022 оны 02 дугаар сарын 09-ны өдөр илрүүлэн, зөрчлийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №0131141 “Шийтгэлийн хуудас”-аар холбогдогч хуулийн этгээдэд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйл “Гаалийн тухай хууль зөрчих” -ийн 14 дэх хэсэгт2 зааснаар 815,330 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.
    Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос гаалийн улсын байцаагчийн дээрх 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн №0131141 дугаарын "Шийтгэлийн хуудас"-ыг хүчингүй болгуулахаар шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ “...гаалийн улсын байцаагч нь зөрчилд холбогдогч хуулийн этгээд нь гаалийн байгууллагад бараагаа мэдүүлэхдээ 2 нэр төрлийн барааны тоо хэмжээг зөрүүтэй мэдүүлсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 3 торгох шийтгэл оногдуулах үндэслэлтэй байхад хуулийг буруу хэрэглэж Зөрчлийн тухай хуулийн 11.21 дүгээр зүйлийн 14 дахь хэсэгт зааснаар торгож шийдвэрлэсэн тул шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй” гэж дурджээ.
    Харин хариуцагч эрх бүхий албан тушаалтан болох Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагчаас “…шийтгэлийн хуудаснаас бусад зөрчлийн хэргийн материал дээр хуулийн зүйл, заалт, хэсгийг зөв бичсэн, харин шийтгэлийн хуудсаа бичихдээ буруу биччих вий гэж хэт анхаарч, загвар харж бичихдээ “11.21 дүгээр зүйлийн 1-ийн 1.1 дэх хэсэг” гэж бичихийг “11.21 дүгээр зүйлийн 14” гэж тоог андуурч бичсэн техникийн алдаа гаргасан, зөрчилд холбогдогч нь зөрчлөө хүлээн зөвшөөрч, шийтгэлийн хуудсаар оногдуулсан торгуулийг төлж барагдуулсан, иймээс шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох үндэслэлгүй” гэх агуулгаар маргасан.


    дэлгэрэнгүй
  • 2025-01-07 Judilogy

    Нэхэмжлэгч “Э” ХХК нь ажилтан байсан У-д холбогдуулан 208,397,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ “...У нь 2022.01.01-ний өдөр "Э" ХХК-д худалдан авалтын ажилтнаар ажилд орж, ажиллаж байхдаа албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргийг зүй ёсоор гүйцэтгэж чадаагүй буюу компанийн нэрийн өмнөөс хийсэн ч цуцлагдсан захиалгын төлбөрийг хувьдаа завшсан, зарим захиалгын төлбөрийг зохих ёсоор харилцагч бусад компанид шилжүүлээгүйн улмаас “Э” ХХК-д 150,000,000 төгрөгийн хохирол учирчээ. Иймд “Э” ХХК-ийн хүсэлтээр талууд 2023.05.10-ны өдөр “Төлбөр барагдуулах гэрээ” байгуулж, тус гэрээгээр ажилтан У нь үндсэн төлбөр болох 150,000,000 төгрөг, үүний алдаги 56,250,000 төгрөг, нотариатын зардал 142,500 төгрөг, орчуулгын зардал 2,005,000 төгрөг, нийт 208,397,500 төгрөг төлөхөөр гэрээнд гарын үсэг зурсан ч тус мөнгөн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тул “Э” ХХК-с шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

    Хариуцагч У нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “...миний хариуцаж хийсэн захиалгын дараа дахин захиалга хийсэнтэй холбоотой зардал, валютын хохирол гэх байдлаар огт үндэслэлгүйгээр хохирлын хэмжээг нэмэгдүүлж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй, “Э” ХХК болон "Голомт банк" ХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээний үүргийг хохирлын тооцоонд оруулсан нь ойлгомжгүй” гэж, мөн “Э” ХХК нь “Төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулахдаа “Гэмт хэрэг үйлдсэн тул цагдаад өгнө” гэх мэтээр айлган сүрдүүлж тус гэрээг байгуулсан тул  хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

    дэлгэрэнгүй
  • 2024-12-30 Judilogy

    Шүүгдэгч нь унанги мод түүж яваад арай бага санагдахаар нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр 27 см болон 30 см-ийн диаметртай 2 ширхэг, 1.02 метр куб ургах чадваргүй, хуурай нарс мод тайрч, тээврийн хэрэгслээр зөөсөн байна.  Шинжээчийн дүгнэлтээр 2 ширхэг модны экологи эдийн засгийн үнэлгээ нь 202,386 төгрөг болсон бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.4.1-т ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлнө гэсний дагуу 607,158 төгрөгийг Шүүгдэгч төлсөн байна. 
    Улсын яллагчийн дүгнэлт. ЭХ-ийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн бол гэмт хэрэгт тооцохоор, Ойн тухай хуулийн 35.4-т зохих гэрээ, зөвшөөрөлгүй мод бэлтгэснийг хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзэхээр тус тус хуульчилсан. Хэргийн үйл баримтаас үзвэл Шүүгдэгч нь мод бэлтгэхдээ зөвшөөрөл аваагүй. Шинжээчийн дүгнэлтээр бэлтгэсэн мод нь ургах чадваргүй болохыг тогтоосон. Ургах чадваргүй мод нь байгальд эерэг нөлөөлөл үзүүлэхгүй ч гэсэн эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр бэлтгэх ёстой байсан. Иймд шүүгдэгчийг ЭХ-ийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай.
    Өмгөөлөгчийн дүгнэлт. Ойгоос унанги мод, гишүү авах нь мод бэлтгэх гэх ойлголтод хамаарахгүй. Шүүгдэгч зөвшөөрөлгүй мод авсан ч гэсэн байгаль орчныг бохирдуулсан, гэмтээсэн, экологийн тэнцвэр алдагдуулсан зүйл байхгүй. Ургалт зогссон 2 ширхэг мод бэлтгэсэн үйлдэл нь байгаль экологийн тэнцвэр алдагдуулахгүй байх тул гэмт хэрэг гэж үзэх боломжгүй тул гэм буруугүй гэдгийг тогтоож өгнө үү.

    дэлгэрэнгүй
  • 2024-12-23 Шүүхийн академи

    Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

    дэлгэрэнгүй
  • 2024-12-18 Judilogy

    Д нь өөрийн танил, найз нөхдийн хамт Улаанбаатар хотоос гарч, Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байрлах Тэрэлж орчимд аялахдаа 21 насанд хүрээгүй эмэгтэй А-г дагуулан явж, согтууруулах ундаагаар дайлсны улмаас тэрээр хүндээр согтжээ. А нь Тэрэлж голын эрэгт ойрхон зассан майханд хоноглохдоо бие нь тавгүйтэн бөөлжиж, улмаар майхнаас гарах үедээ  голын усанд унаж, улмаар живж нас барсны улмаас Шүүгдэгч Д нь ЭХ-ийн 10 дугаар бүлэгт заасан Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэгт тус холбогджээ.

    дэлгэрэнгүй
  • 2024-12-16 Judilogy

    А болон Нэхэмжлэгч нар нь эхнэр нөхөр бөгөөд 2020.05.15-ны өдөр ипотекийн зээл авсан. Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам болон Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам (“Ипотекийн даатгалын журам”)-ын дагуу ипотекийн зээл авсан этгээд өөрийн амь нас, эрүүл мэндийг, мөн ипотекийн зээлээр авсан орон сууцаа даатгалд даатгуулах үүрэгтэй. Үүний дагуу А болон Нэхэмжлэгч нар нь 2020.05.15-2043.04.25-ныг дуустал Хариуцагч даатгалын компанитай амь нас, эрүүл мэндийн гэнэтийн ослын даатгалын гэрээ (“Даатгалын гэрээ”) байгуулсан байна. 
    Даатгалын гэрээнд (i) үйлдвэрлэлийн осол, (ii) ахуйн осол, (iii) зам тээврийн осол, (iv) байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, (v) гуравдагч этгээдийн санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослын улмаас амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгана гэж заасан. Харин аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан бол нөхөн төлбөр олгохгүй гэж тусгайлан заасан байна. 
    Даатгуулагчдын нэг болох А нь 2022.05.28-ны өдөр зүрхний цочмог шигдээс өвчнөөр нас барсан. 
    Нэхэмжлэгчийн зүгээс, нас барсан даатгуулагч А-ын хамтран зээлдэгч бөгөөд хууль ёсны өв залгамжлагч болох Нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол үүссэн гэж үзэж, ипотекийн зээлийн үлдэгдэл болох 80,000,000 төгрөгийн нас барсан даатгуулагчид холбогдох хэсэг (50 хувь) буюу 40,000,000 төгрөгийн нөхөн төлбөр гаргуулахаар Даатгалын компанид ханджээ. 
    Хариуцагчийн зүгээс, даатгалын гэрээний амь насны даатгал хэсэгт даатгуулагч нь (i) үйлдвэрлэлийн осол, (ii) ахуйн осол, (iii) зам тээврийн осол, (iv) байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, (v) гуравдагч этгээдийн санаатай болон болгоомжгүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн ослын улмаас амь насаа алдах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах эрсдэлийг даатгана гэж тодорхой заасан харин даатгуулагчийг нас барахад хүргэсэн шалтгаан, нөхцөл нь эдгээр эрсдэлд хамаараагүй (холбогдох нотлох баримтуудаас үзэхэд даатгуулагчийн зүрхний өвчин гэнэт сэдэрч нас барах шалтгаан болсон) байх тул даатгалын гэрээний 7.3.1-д “Аливаа ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсвэл хөдөлмөрийн чадвараа алдсан” бол нөхөн төлбөр олгохгүй гэж заасны дагуу нөхөн төлбөр олгох үндэслэлгүй гэж хариу өгсөн.
    Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа. Даатгалын тухай хуулийн 82.1-т заасны дагуу даатгалын үйл ажиллагаатай холбоотой маргааныг арбитрын хэлэлцээртэйгээс бусад тохиолдолд Санхүүгийн зохицуулах хороо (“СЗХ”)-д урьдчилан шийдвэрлүүлэх журмаар шийдвэрлүүлдэг. Үүний дагуу Нэхэмжлэгч нь СЗХ-д гомдол гаргахад СЗХ-с Ипотекийн даатгалын журмын 2.1.1-ийн дагуу талууд даатгалын эрсдлийг гэрээндээ тохиролцсон бөгөөд уг эрсдэлд нь “ердийн болон архаг өвчний улмаас нас барсан эсхүл хөдөлмөрийн чадвараа алдсан” гэх үндэслэл тусгагдаагүй буюу даатгуулагчийн нас барсан шалтгаан нь даатгалын гэрээнд заасан гэнэтийн ослын эрсдэлд хамаарахгүй тул Нэхэмжлэгчийн гомдол нь үндэслэлгүй байна гэжээ. Ийнхүү Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

    дэлгэрэнгүй
  • 2024-12-15 Улсын дээд шүүх

    Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзлээ.

    Хяналтын шатны шүүхийн шийдвэрийг танилцуулахдаа хэрэгт холбогдсон хүмүүсийг эрхэлж байсан ажил, албан тушаалын байдал, холбогдсон хэргүүдийн хоорондоо харилцан хамааралгүй байдлыг харгалзан үзэж 5 үндсэн хэсэгт хуваан хураангуйлсан байдлаар хүргэж байна.

    дэлгэрэнгүй
  • 2024-12-12 Шүүхийн академи

    Жуулчин Хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлийн (цаашид “ХХН” гэх) гар утасны (Travel тасалбар хайх, худалдан авах онлайн сервис) программ ашиглан Истанбул-Лондон-Бриджтаун чиглэлд явах онгоцны тасалбарыг худалдаж авсан. Гэвч агаарын тээвэрлэгч компани онгоцны тасалбарт заасан нислэгийн өдөр (2022 оны 09 дүгээр сарын 12-нд) жуулчныг “онгоцны тасалбарын төлбөрийг төлөөгүй” гэх шалтгаанаар онгоцонд суухыг нь зөвшөөрөөгүй, онгоцонд нэвтрэх эрхийн тасалбар өгөөгүй байна.
    Онгоцоор нисэж чадаагүй жуулчин (цаашид “нэхэмжлэгч” гэх) ХХН-аас онгоцны тасалбарын төлбөр болон сэтгэл санааныхаа хохирол болох 2 сая орчим тенгег шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2024-12-09 Judilogy

    МУЗГ-ын 2015 оны 87 дугаар тогтоолын дагуу, түүнийг төлөөлж Хөрөнгө оруулалтын газар, “Э” ХХК-ийн хооронд 2015.03.25-ны өдөр Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто зам төслийн “барих-шилжүүлэх” концессын гэрээг байгуулж, тус компани авто замыг өөрийн боломж, хөрөнгөөр санхүүжүүлж 2017.09.01-ний өдрийн дотор барьж дуусган ашиглалтад оруулахаар, ЗГ-аас гэрээний үнэ 76,963,494 ам.доллартай тэнцэх төгрөгийг хуваарийн дагуу 2017-2019 оны хооронд төлөхөөр тохирсон. 

    Гэвч тухайн гэрээний дагуу ажил гүйцэтгэгдээгүйгээс хожим нь концессын гэрээний эрх, үүргийг “Э” ХХК “М” ХХК-д шилжүүлэхээр хүлээн зөвшөөрч, үүний дагуу Үндэсний хөгжлийн газар тухайн эрх шилжүүлэн авагчтай өмнөх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах замаар 2019.05.09-ний өдөр гэрээ байгуулсан.

    дэлгэрэнгүй
  • 2024-12-03 Шүүхийн академи

    Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж эсрэг урсгалд зорчиж байсан мотоциклийг мөргөн, жолоочийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Мөрдөн байцаалтын явцад мөрдөгчийн зүгээс шүүгдэгчийн хийсэн үйлдлийн улмаас хохирогчид учирсан бие махбодийн гэмтлийн зэрэгт үндэслэн түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, 4/275 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад заасан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн дагуу дөрөв дүгээр зэрэглэлд хамаарахаар тогтоож шүүхэд шилжүүлжээ.

    дэлгэрэнгүй
  • 2024-11-29 Шүүхийн академи

    Шүүгдэгч нь 2020 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 04:02 цагт гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа М.Г-г гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлж, гүтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.

    дэлгэрэнгүй
  • 2024-11-28 Шүүхийн академи

    Шүүгдэгч бусдын эзэмшлийн Монгол гэрийн тооноор нэвтрэн орж, гоёлын бөгж, хөгжим, цахилгаан индүү, гоо сайхны бүтээгдэхүүн зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 175,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    дэлгэрэнгүй
  • 2024-11-27 Шүүхийн академи

    Шүүгдэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өндөр настай төрсөн эхийгээ “тог залгуулсангүй” гэх шалтгааны улмаас харгис хэрцгийгээр зодож, амь насанд нь хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

    дэлгэрэнгүй
  • 2024-11-25 Judilogy

    Үйл баримт:

    Шүүгдэгч Б нь ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаар 2012 оноос томилогдон ажиллаж байгаад 2018 онд ажлаас чөлөөлөгдсөн байна. Тэрээр 2015 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 00 дугаартай “Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” Төрийн өмчийн хорооны тогтоолд тусгагдсан байсан “Э” ХХК-с ТӨХК-д шилжүүлэн авах ёстой байсан “Ланд-200” загварын тээврийн хэрэгслийг төрийн өмчит компанийн нэр дээр шилжүүлэлгүйгээр, тээврийн хэрэгслийг эзэмшиж байсан “Э” ХХК-тай бусдаар дамжуулан, харилцаж 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр өөрийн нэр дээр, улмаар 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өөрийн танил Д.Б-гийн нэр дээр шилжүүлж, хувийн хэрэгцээндээ ашиглаж байжээ. 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр ажлаас чөлөөлөгдөхдөө уг тээврийн хэрэгслийг ТӨХК-д шилжүүлэн өгөлгүй, ажилд эргэн томилогдох талаар шүүхэд гомдол гаргасан хугацаанд өөрт хадгалж байсан тул ТӨХК-с 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг гаргаж улмаар мөрдөн шалгах ажиллагааны явцад 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ТӨХК-д шилжүүлж өгсөн. Улмаар ЭХ-ийн 22 дугаар бүлэгт заасан Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт тус тус холбогджээ.

    дэлгэрэнгүй