Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянахдаа гомдол гаргагчийн эрх ашгийг дордуулахгүй байх зарчимд захирагдана
САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: 001/ХТ2024/00014
Шүүхийн шийдвэрийн огноо: 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр
Шийдвэрийн төлөв: Давж даалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Нэхэмжлэгч нь компанийн гүйцэтгэх захирлын тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх, өртөгт суурилсан менежментийн урамшуулал 17,926,416 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч маргасан байна.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Анхан шатны шүүхээс: Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.72, 127 дугаар зүйлийн 127.13, 158 дугаар зүйлийн 158.2.24 -т зааснаар нэхэмжлэгчийг албан тушаалд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас өртөгт суурилсан менежментийн урамшуулал 17,926,416 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан.
2. Давж заалдах шатны шүүхээс: “Анхан шатны шүүх нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоохдоо хэргийн баримтыг хуульд зааснаар үнэлсэн, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв хэрэглэсэн боловч гомдлын эрх зүйн үр дагавар болох 2022 оны өртөгт суурилсан менежментийн урамшуулал гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон алдааг давж заалдах шатны шүүхээс засах боломжтой буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзсэн тохиолдолд ажилтныг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, шийдвэрийн үр дагавар болох цалин хөлс, урамшуулал зэргийг ажилтанд олгох ажил олгогчийн хүлээх хариуцлагыг давхар шийдвэрлэх нь зүйтэй” гэж дүгнээд, урамшуулал 17,926,416 төгрөгийг ажил олгогчоос гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан байна.
3. Хариуцагч тал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлыг хэлэлцэхдээ нэхэмжлэгч талын хүлээн зөвшөөрсөн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, ... урамшууллыг ажил олгогчоос гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.45 дэх заалтыг буруу хэрэглэсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.36 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж гомдол гаргажээ.
4. Хяналтын шатны шүүхээс: Монгол Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 17 дугаартай тогтоол7-оор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсгийг “... хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд мэтгэлцэх болон нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах үндсэн зарчим иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах давж заалдах шатны шүүхийн чиг үүрэг нь гомдол гаргагчийн эрх ашиг дордуулахгүй байх хүрээгээр хязгаарлагдана", "... Давж заалдах шатны шүүх хянан үзэх үүргээ бүхэлд нь хэрэгжүүлж анхан шатны шүүхийн алдааг залруулан хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзвэл гомдол гаргагчийн эрх ашгийг дордуулахгүй байх зарчимд захирагдана." гэж тайлбарласан байхад давж заалдах шатны шүүх дээрх урамшуулал гаргуулах шаардлагыг бүхэлд нь хангахаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсныг буруу гэж дүгнэсэн.(13)8
5. Мөн түүнчлэн, давж заалдах шатны шүүх хариуцагчийн гомдлоор хэргийг хянахдаа түүний эрх зүйн байдлыг дордуулсан буюу иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны суурь зарчим болох “талуудын зарчим”-ыг зөрчсөн байна. (13)
6. Анхан шатны шүүх дээрх шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох байтал нэхэмжлэлийн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хууль хэрэглээний алдаа гэж үзнэ. (14)
7. Хяналтын шатны шүүхээс дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
---o0o---
1 Шийдвэрийг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу.
2 Хөдөлмөрийн тухай хууль (2021 он)-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7 “ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах”
3 Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно.”
4 Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 “хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан”
5 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (2002 он)-ийн 166 дугаар зүйлийн 166.4 “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ”
6 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 173.2.3 “хуулийг Улсын дээд шүүхийн тайлбар, тогтоолоос өөрөөр хэрэглэсэн”
7 УДШ-ийн Нийт шүүгчийн хуралдааны тогтоолыг бүрэн эхээр нь үзэх бол энд дарна уу.
8 “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
2024 онд хайлтад хамгийн их ашигласан 100 түлхүүр үг
3 days ago
“Оюуны-Инноваци” ТББ-ын 2024 оны #ОнцлохСудалгаа танилцуулж байна
4 days ago
“Сонгууль-2024” эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан боллоо
1 week ago
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Бүрэнбатын Ган-Эрдэнэ
2024-12-30 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Сүхбаатарын Сүхчулуун
2024-12-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-30 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Сүхбаатарын Сүхчулуун
2024-12-30 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Шүүхийн академи
2024-12-27 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Алтангэрэлийн Доржсүрэн
2024-12-27 Нийтлэлдуудаж байна ! -
Баттулгын Дөлгөөн
2024-12-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэн
2024-12-24 Хууль зүйн орчуулгадуудаж байна ! -
Judilogy
2024-12-23 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Баярцогт Дашням
2024-12-22 Нийтлэлдуудаж байна !