Шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос бус шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах боломжгүй
Хураангуйд ашигласан шийдвэрийн мэдээлэл:
Шүүх: Улсын дээд шүүх
Огноо: 2017.09.22
Дугаар: 001/ХТ2017/01013
Хэргийн индекс: 183/2016/01279/И
Шийдвэрийг бүрэн эхээр үзэх бол энд дарна уу.
Хэргийн нөхцөл байдал:
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн шүүх хуралдаанын үеэр хариуцагчийн төлөөлөгчөөс нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасныг шүүгч хүсэлтийн үндэслэл тодорхойгүй гэх байдлаар хэрэгсэхгүй болгосон байна. Шүүгч ийнхүү нотлох баримт гаргуулах хүсэлтийг хангаагүй байдлыг хариуцагч тал шүүгчийг татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдсон гэж үзээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т заасан “хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлээ байвал” гэх үндэслэлээр татгалзан гаргах хүсэлт гаргажээ.
Шүүхээс “шүүгчийг татгалзан гаргах эрх дуусгавар болсон” гэх үндэслэлээр хүсэлтийг хүлээн аваагүй бөгөөд хариуцагийн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль бус бүрэлдэхүүнтэй хэргийг шийдсэн, шүүгч өөрөөс нь татгалзан гаргах хүсэлт гаргасныг өөрөө шийдсэн нь хууль бус гэх агуулгаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, Улсын дээд шүүх хүртэл маргаан үргэлжилсэн байна.
Хууль зүйн гол асуудал:
- Шүүх хуралдааны явцад гаргасан шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх вэ?
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны түүх:
Давж заалдах шатны шүүх “шүүгчийг татгалзан гаргах хариуцагчийн эрх дуусгавар болсон гэж хуулиар тогтоогоогүй үндэслэл зааж хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дах хэсэгт зааснаар хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч хянан шийдвэрлэж захирамж гаргах журмыг зөрчсөн ...” гэж дүгнэн анхан шатны шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан. Хяналтын шатны шүүх давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн.
Шийдвэрийн үндэслэл, тайлбар:
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.1.-д зааснаар энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан татгалзан гарах үндэслэл байвал шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга энэ тухайгаа шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэж татгалзан гарах үүрэгтэй байна. Хуулийн уг зохицуулалтад хамаарах үндэслэл үүсээгүй байна.
- Харин энэ зүйлийн 92.2.-т “энэ хуулийн 91 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шүүгч, иргэдийн төлөөлөгч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, шүүх хуралдааны нарийн бичгийн даргыг татгалзан гаргах тухай хүсэлтийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч гаргаж болно. Дээр дурдсан этгээд шүүх хуралдаан эхлэхээс өмнө, эсхүл татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол тухайн үед нь мэдэгдэх үүрэгтэй” гэж заажээ.
- Анхан шатны шүүх хэргийн оролцогчдоос шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэх талаар хуульд заасан шүүх хуралдааны дэгийн дагуу хэргийг агуулгаар хэлэлцэхээс өмнө асуухад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзан гаргах үндэслэл байхгүй гэж хариулсан байна. Ийнхүү шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байхгүй гэж хариулсанаас хойш шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах хүртэлх хугацаанд нотлох баримт гаргуулах, бүрдүүлэх хүсэлтийг хангахгүй орхисон шүүгчийн захирамж гарсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “татгалзан гарах үндэслэл шүүх хуралдааны явцад тогтоогдвол” гэх үндэслэлд хүсэлтийг хянан шийдвэрлэсэн шүүхийн ажиллагааг хамааруулжээ.
- Хэргийн оролцогчийн нотлох баримт гаргуулах, бүрдүүлэх талаарх хүсэлтийг шүүх бүрэн эрхийнхээ хүрээнд хангах эсэхийг шийдвэрлэдэг ба хүсэлтийг хангахаас татгалзсан шүүхийн ажиллагааг буруу гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй нөхцөлд хэргийн оролцогч шүүхийн хууль ёсны ажиллагааг шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийн үндэслэл болгосон гэж үзэхээр байна.
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.-д зааснаар урьд нь уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, эвлэрүүлэн зуучлагч, иргэдийн төлөөлөгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрчийн хувиар оролцсон, эсхүл уг хэргийн болон шүүх хуралдааны оролцогчийн гэр бүл, төрөл, садан бол, эсхүл шүүх бүрэлдэхүүнд хоорондоо гэр бүлийн болон төрөл, садангийн холбоотой хүмүүс орсон байвал, эсхүл хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал, эсхүл ашиг сонирхлын зөрчил үүсэж болзошгүй нөхцөл байдал бий болсон бол шүүгч хэрэг хянан шийдвэрлэхээс татгалзан гарах, эсхүл хэргийн оролцогч шүүгчийг татгалзан гаргах үндэслэлтэй байна.
- Дээрхээс “уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал” гэх үндэслэл тухайн тохиолдолд хамааралтай гэж үзэхээр боловч шүүгчийн хууль ёсны үйл ажиллагааг “үндэслэл бүхий эргэлзээ”-г бий болгосон гэж дүгнэх боломжгүй юм. Харин хэргийн оролцогч өөрийн хүсэлтийг хангаагүй үйл баримтыг шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болгож буй явдал нь шүүхэд тулган шаардалт тавьсан, шүүх хуралдааныг хойшлуулах, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд саад учруулах зорилготой үйлдэл гэж үзэхээр байна.
- Хэд хэдэн буюу хэргийг дангаар шийдвэрлэж байгаа шүүгчийг, түүнчлэн шүүх бүрэлдэхүүнийг татгалзан гаргах хүсэлтийг тухайн шүүхийн Ерөнхий шүүгч шийдвэрлэж захирамж гаргахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6.-д зохицуулсаныг шүүх хуралдааны явцад хуульд заасан үндэслэл үүсээгүй байхад хэргийн оролцогч дуртай үедээ шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргасан л бол шүүх уг хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл гэж ойлгох нь учир дутагдалтай. Шүүгчийг татгалзан гаргах талаар хуульд заасан журмын дагуу гаргасан хүсэлт тухайн зохицуулалтад хамааралтай болно.
- Шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг шүүх тухайн хэргийг хэлэлцэх ажиллагаанаас өмнө асуух хуульд заасан журам нь шүүх хуралдааныг дээрх үндэслэлээр хойшлуулах боломжийг урьдчилан тогтоосон агуулгатай болно. Харин шүүх хуралдааны явцад шүүгчийг татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч энэ талаар шүүхэд мэдэгдэх үүрэгтэй болохоос бус шүүгчийг татгалзан гаргах хүсэлт гаргах боломжгүй юм. Харин шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэлтэй гэж үзвэл шүүх хуралдааны аль ч үед үүргээ биелүүлэх боломжтой болно.
- Шүүгчийг татгалзан гаргах үндэслэл байгаа эсэхийг хянан шийдвэрлэх Ерөнхий шүүгчийн ажиллагааг шүүх хуралдааныг хэргийн оролцогчийн хүсэлтээр хойшлуулах эсэхийг шийдвэрлэх, шүүх хуралдааныг хуульд заасан дэгийн дагуу явуулах шүүгчийн ажиллагаанаас зааглаж, энэ хоёр субъектын бүрэн эрхийг ялгаж ойлгох учиртай.
- Харин анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн үндэслэлээ “шүүгчийг татгалзан гаргах эрх дуусгавар болсон” гэж тодорхойлсон нь оновчгүй болсон боловч энэ нь шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөн гэж үзэх, улмаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болохгүй юм.
Бэлтгэсэн: Легал дата
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !