Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2023-01-31 Улсын дээд шүүх
    Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар, тухайлбал, хохирогч Ц, гэрч Т, С, шүүгдэгч Э нарын мэдүүлгээр Ц-ийн хаваржаандаа орхиод нүүсэн хар халзан зүсмийн үхэр нь эхлээд гэрч С-ын, дараа нь Э-ийн үхэр сүрэгт нийлсэн байсан үйл баримт тогтоогдсон байна.  Иргэн Э нь өөрийнх нь сүрэгт нийлсэн Ц-ийн хар халзан зүсмийн сувай үнээг махлан борлуулж, 1,200,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Прокуророос Э-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2.4-т заасан буюу машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
    дэлгэрэнгүй
  • 2023-01-06 Улсын дээд шүүх
    Эрүүгийн хэргийн мөрдөгч С, түүний мөрдөж байсан хэрэгт өмгөөлөгчөөр ажиллаж байсан А нар хэрэгт хүсэлт гаргах асуудлаар санал зөрөлдөж, цагдаагийн хэлтсийн байранд маргалдах үед мөрдөгч нь өмгөөлөгчийг “архи үнэртүүлж маргасан” гэх шалтгаанаар биечлэн чиглэл, тушаал өгч албадан эрүүлжүүлжээ. Анхан шатны шүүх С-ыг Эрүүгийн хуулийн 13.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний эрх чөлөөнд халдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Давж заалдах шатны шүүх согтуурлын зэргээ шалгуулахаас зайлсхийсэн А-ыг цагдаагийн алба хаагчийн шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн, саад учруулсан тул шаардлагыг албадан гүйцэтгэсэн, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ зөрчил гаргасан этгээдийг согтолтын хэмжээ хамаарахгүй эрүүлжүүлэх байранд хүргэх хэм хэмжээг хэрэгжүүлж хуулийн дагуу ажилласан гэж үзэж, С-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Дээд шүүхэд прокурор эсэргүүцэл, хохирогч гомдол гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч “хууль бусаар баривчлах, саатуулах гэмт хэрэгт хууль тогтоомж зөрчиж, эрүүлжүүлсэн үйлдэл хамаарахгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгосон давж заалдах шатны шүүхийг магадлалыг дэмжиж байна” гэжээ.
    дэлгэрэнгүй
  • 2023-01-02 Улсын дээд шүүх
    “Х” ХХК нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан “шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүхэлд нь дуусгавар болсонд тооцож, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийг хаах шийдвэр гаргахыг даалгуулах” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь “хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрт заагдаагүй илүү мөнгө буюу ам.доллараар төлбөр төлүүлэхээр шаардаж шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгохгүй байна” гэжээ. Харин хариуцагч нь “төлбөрийг манай газраар дамжуулж төлөөгүй, төлбөр авагч банк нь төлбөр төлөгдсөн тухай баримт, хүсэлт ирүүлээгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох боломжгүй” гэж маргасан байна. Уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон банкны төлөөлөгч “талуудын хооронд төлбөрийг ам.доллараар төлөх гэрээ байгуулагдсан бөгөөд төлбөрийн үлдэгдэл байгаа” гэсэн тайлбар гаргажээ.

    дэлгэрэнгүй
  • 2022-12-23 Улсын дээд шүүх
    Нэхэмжлэгч Г.Ариунаа нь хариуцагч “Голомт банк” ХХК-д холбогдуулан хэд хэдэн нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ. Үүнээс анхан шатны шүүх зээлийн гэрээний 2.1.6-д заасан “Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувийг суутгана” гэсэн нөхцөлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний дагуу суутган авсан 559,000 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байна. Харин давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-12-18 Улсын дээд шүүх
    Иргэн Бат-Эрдэнэ 2017 онд  “Мерседес бенз Жи класс” маркийн автомашинаа “Ургац хүдэр” компанид худалдахаар харилцан тохиролцсон бөгөөд худалдан авагч машиныг гэрээ байгуулсан өдрөө өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан боловч үнийг бүрэн төлөөгүй. Иймд иргэн Бат-Эрдэнэ машины төлбөрийн үлдэгдэл,  алданги нийт 414,754,666 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Худалдан авагч компани машины үнэ 300,000 еврог төлөх үүргээ биелүүлж, хуваарийн дагуу төлөлт хийж байсан боловч тухайн машин Брабус тоноглолгүй, зөвхөн гадна талдаа хийгдсэн, бүрэн бус байсан нь илэрсэн тул үнийн талаар төөрөгдсөн гэж үзэж төлбөр төлөхгүй, харин илүү төлсөн мөнгөө авна гэж маргасан.

    дэлгэрэнгүй
  • 2022-12-07 Улсын дээд шүүх
    Иргэн Б тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа 7 настай хүүг мөргөж, амь насыг нь хохироосон. Хүүгийн ээж Т гэм буруутай этгээдээс сэтгэл санааны хохирол 3,678, 800, хүүхдийг 7 нас хүртэл өсгөж хүмүүжүүлсний зардал 16,321,200, нийт 20 сая төгрөгийг нэхэмжилсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх сэтгэл санааны хохирлыг гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.
    дэлгэрэнгүй
  • 2022-12-07 Улсын дээд шүүх
    Биеийн тамир, спортын хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын хуулийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалын сул орон тоог нөхөх тусгай шалгалтад авсан оноогоор нэгдүгээрт Л.Н, хоёрдугаарт Ц.Б нар эрэмбэлэгдсэн байна. Хамгийн өндөр оноо авсан Л.Н нь өөр ажилд орох болсон учир уг албан тушаалд томилогдохоос өөрөө татгалзсан тул хоёрдугаар байранд орсон Ц.Б нь “тусгай шалгалтын онооны дарааллаар, дахин сонгон шалгаруулалт зарлахгүйгээр намайг нэр дэвшүүлэх ёстой” гэж, Төрийн албаны зөвлөл “сул орон тоо журмын дагуу нөхөгдөөгүй, ахлах мэргэжилтний албан тушаалд дахин сонгон шалгаруулалт зарлах ёстой” гэж тус тус маргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-12-07 Улсын дээд шүүх
    Сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуралдаж, сумын Засаг дарга Ц.У-г огцруулах санал гаргаж, уг саналыг үндэслэн аймгийн Засаг даргаас Ц.У-г огцруулах захирамж гаргажээ. Нэхэмжлэгч Ц.У нь “...шүүхээс гэм буруутай талаар тогтоогоогүй, хууль журам зөрчөөгүй байхад огцруулах санал гаргасан” гэж, хариуцагчаас “Засаг даргыг чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэж Хурлын төлөөлөгчдийн олонх санал гаргасан, эрх хэмжээнийхээ хүрээнд шийдсэн” гэж тус тус маргасан.
    дэлгэрэнгүй
  • 2022-12-02 Улсын дээд шүүх
    Иргэн Н.Ариунболдоос Татварын ерөнхий газарт хандан ““Оюу толгой” ХХК нь байгуулагдаж, татвар төлөгчөөр бүртгүүлсэн жилээс хойш 2020 оныг хүртэл улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татварын талаарх мэдээллийг он тус бүрээр, нийт дүнгээр мэдээлэл өгнө үү” гэсэн хүсэлтийг гаргажээ. Татварын ерөнхий газрын 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 06/1316 дугаар албан бичгээр “... Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-т зааснаар татварын алба нь татвар төлөгчийн мэдээллийн нууцлалыг задруулахгүй байх үүрэгтэй бөгөөд зөвхөн татварын хууль тогтоомж зөрчсөн асуудлаар шалгах эрх бүхий татварын улсын байцаагч, хэрэг бүртгэгч, мөрдөгч, прокурор, шүүгчид тухайн шалгаж буй асуудлаар татварын албаны даргын шийдвэрээр танилцуулахаас бусад тохиолдолд татвар төлөгчийн мэдээллийг бусдад өгөх, задруулахыг хориглосон” гэсэн үндэслэлээр мэдээлэл өгөх боломжгүйг, мөн 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 09/42 дугаар албан бичгээр “дахин хариу хүргүүлэх үндэслэлгүй” гэж тус тус шийдвэрлэсэн байна. Нэхэмжлэгчээс “Мэдээлэл өгөхөөс татгалзсан Татварын ерөнхий газрын 2022 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 09/42 дугаар албан тоотыг хүчингүй болгох, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Оюу толгой” ХХК-ийн улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татварын талаарх мэдээллийг авах иргэн Н.Ариунболдын хүсэлтийг шийдвэрлэхийг даалгуулах”-аар маргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-11-23 Улсын дээд шүүх
    Гуч гаруй жилийн өмнө эгчтэй нь гэрлэсэн  Бат хадам дүү Болдод өөрийн сэлбэг хэрэгслээс өгснөөр Болд иж бүрэн хадууртай болж, олон жилийн турш ашиглаж иржээ. Болд нь 2020 онд бусдаас хадуур худалдаж аваад хуучин хадуурыг Батад өгсөн гэх боловч иж бүрдэл дутуу өгсөн гэж маргалдан,  таарамжгүй харилцаа үүсэж, Бат нь Болдыг зодож, Зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авахуулсан байна. Улмаар 2021 оны 9 дүгээр сард Бат нь хадлангийн талбайгаас Болдын ашиглаж байсан хадуураас аппаратыг нь салган авч, 700 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-11-12 Улсын дээд шүүх
    Иргэн А нь гэртээ хадам ахтайгаа маргалдан, зодолдох үедээ түүнийг хутгалж хөнөөсөн гэмт хэрэгт холбогджээ. Мөрдөгч А-оос 2021 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гэрчээр мэдүүлэг авсан /1хх-187/, улмаар түүний Батжаргалын Аыг хутгалсан талаар өөрийнхөө эсрэг өгсөн гэрчийн мэдүүлгийг прокурор нотлох баримтаар тооцож яллах дүгнэлтэд тусгажээ. 
    дэлгэрэнгүй
  • 2022-10-24 Улсын дээд шүүх
    Иргэн Цэцэг шүүхэд хандаж “… 2007 онд “АХ” ХХК-ийг үүсгэн байгуулж, улсын бүртгэлийн байгууллагад хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх удирдлагаар нь миний бие  бүртгүүлсэн боловч компани үүсгэн байгуулагдсан цагаас үйл ажиллагаанд нь огт оролцоогүй, гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлээгүй. Бид шүүхийн шийдвэрээр гэр бүлээ цуцлуулсан, тэр үед Бат нь “компанийг өөрийн нэр дээрээ шилжүүлж авна” гэж мэдүүлсэн байдаг боловч одоог хүртэл компаниа шилжүүлэн аваагүй. Үүний улмаас би уг компанийн өмнөөс бусдын өмнө хариуцлага хүлээж, өр төлбөрийг нь төлөх болоод байна. Иймд Батыг “АХ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болохыг тогтоож өгнө үү” гэжээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-10-19 Улсын дээд шүүх
    Б-ийн эхнэр Ө-г мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт шалгаж, Б, М, Ө нарт холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна.
    Анхан болон давж заалдах шатны шүүх Ө-г худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Б, М нарт хорих, Ө-д торгох ял оногдуулжээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-10-14 Улсын дээд шүүх
    Иргэн Б нь өөрийн нөхөр гадаад улсын иргэн Ло-той хамтран, “аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд зориулах” нэрийдлээр арилжааны банкны төлбөр тооцооны ПОС төхөөрөмжийг ашиглах эрх үүсгэн авч, уг төхөөрөмжөө Монгол Улс болон гадаад улсын нутаг дэвсгэрт зөөвөрлөн олон удаагийн үйлдлээр хуурамч цахим карт уншуулж, арилжааны банкны 170 гаруй сая төгрөгийг хулгайлсан гэмт хэрэгт холбогдон шалгагдаж, прокуророос яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-10-14 Улсын дээд шүүх
    Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч “ИГЦ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч иргэн С, Ч нар нь 2013 онд Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр тус компанийн 100 хувийн хувьцааг иргэн Б-д худалдаж, гэрээний төлбөр болох 1.8 тэрбум төгрөгийг Б нь өөрийн эзэмшдэг “АК” ХХК-иар дамжуулан иргэн С, Ч нарт төлжээ. Татварын улсын байцаагч нар “ИГЦ” ХХК-ийн татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, “... татвар суутгагчийн үүргээ биелүүлээгүй, С,Ч нарт Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр 1.8 тэрбум төгрөгийн орлого олгохдоо холбогдох татвар суутгаагүй” гэх үндэслэлээр 540 сая төгрөгийн нөхөн татвар, 162 сая төгрөгийн торгууль, 270 сая төгрөгийн алдангийг “ИГЦ” ХХК-иар төлүүлэхээр акт тогтоосон байна.
    “ИГЦ” ХХК-иас уг актыг эс зөвшөөрч, “... “ИГЦ” ХХК нь ямар нэг хувьцаа худалдсан, эрх борлуулсан зүйл байхгүй, ... Хувьцаа худалдах-худалдан авах гэрээгээр өөрөө худалдагдсан компани байхад ... татвар суутгах үүрэгтэй гэж үзсэн нь үндэслэлгүй” гэх агуулгаар уг актыг хүчингүй болгуулахаар шүүхэд маргажээ.
    дэлгэрэнгүй