Харуулын хариуцлагагүй үйлдэл шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй.
Санамж: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.
Шүүхийн шийдвэрийн дугаар: Дугаар 456
Шүүхийн шийдвэрийн огноо: 2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр
Шийдвэрийн төлөв: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгосон.
ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Шүүгдэгч нь “Бөмбөгөр” худалдааны төвийн нэгдүгээр давхарт нарийн боов үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг орон байранд нэвтэрч дүрдэг цай, хүнсний шоколад зэрэг 123.000 төгрөгийн хүнсний эд зүйл болон бэлэн 350.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 473.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад2 зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг өөрчлөн зүйлчилж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах”3 гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 360 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн.
2. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
3. Шүүгдэгчийн өмгөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо “...магадлал нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн. Улсын Дээд Шүүхийн тогтоолуудыг харахад шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн ажилладаг бейкериний газар руу хууль бусаар нэвтрээгүй байна. Тухайлбал шүүгдэгч нь гэмт хэрэг болсон цаг хугацаанд тус бейкерийн газар ажилладаг байсан. Өөрийн ажилладаг ажлын байр руу нэвтрэн орох эрхтэй байсан. Шүүгдэгч нь харуулын үүрэг гүйцэтгэж байсан харуулаас зөвшөөрөл авч өөрийн ажлын байрны түлхүүрийг авч ажлын байр руу нэвтэрсэн. Харуулд бейкериний түлхүүр байдаг. Тухайн объектыг хариуцан хамгаалах үүрэг гүйцэтгэж буй итгэмжлэн хариуцсан этгээд байсан юм. ...Шүүгдэгч нь харуулаас түлхүүрийг нь авч ажлын байр руу орсон ба өөрийгөө тус газарт ажилладаггүй мөртлөө ажилладаг гэж итгүүлэн байж нэвтэрсэн нөхцөл байдал тогтоогддоггүй. ...Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж зөв хэрэглэсэн. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.
4. Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэжээ.
5. Хяналтын шатны шүүхээс “...Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгчийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 360 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэжээ” (11)4
6. Гэтэл давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн үйлдлийг хууль бус нэвтрэлт байж болзошгүй гэж үзэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй, хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу ойлгож хэрэглэсэн шийдвэр гэж үзлээ. (12)
7. Тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар нэвтрэх үйлдлийн тухайд тухайн байр, агуулахыг хамгаалах үүрэг хүлээсэн этгээдийн зөвшөөрөлгүйгээр, харуул, хамгаалалтын ажилтныг төөрөгдүүлэн, хуурч мэхэлсэн идэвхтэй үйлдлээр нэвтэрсэн үйлдлийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бус нэвтэрсэн гэх шинжид хамаатуулан хүндрүүлэн зүйлчлэх нь зүйтэй боловч харуул, хамгаалалтын ажилтан нь харуулын дүрмийн дагуу ажиллаагүй, ажлын хариуцлага алдаж нэвтрэх сонирхолтой этгээдийн зүгээс төдийлөн идэвхтэй үйлдэл хийхгүйгээр нэвтрэлт явагдсан бол хэдийгээр нэвтрэх эрхгүй байсан ч энэ бүрэлдэхүүнээр хүндрүүлэн зүйлчлэхгүй. Энэ тохиолдолд хамгаалагч наад зах нь гаднаас нэвтэрч буй этгээдийн бичиг баримтыг шалгаж, тухайн байгууламжид нэвтрэх зөвшөөрөлтэй эсэхийг нягталж, шаардлагатай тохиолдолд нэгжийн удирдлагаас тодруулах ёстой байсан боловч зүс үзсэн төдий хүнийг саадгүйгээр нэвтрүүлсэн нь шүүгдэгчийг буруутган эрх зүйн байдлыг дордуулах, хүндрүүлэх нөхцөл байдал болох ёсгүй. (13)
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...шийтгэх тогтоолыг хэвээр үлдээнэ үү” гэсэн гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзсэн байна. (14)
---o0o---
[1]Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.
[2] Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч”
[3] Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”
[4] Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
15 hours ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 days ago
Т.Мөнх-Очирын "Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийн зүйлчлэлийн үндсэн асуудал" номын нээлт боллоо
4 days ago
Дам эшлэл (Secondary referencing/citing) авах тухай
1 week ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Худал мэдүүлэг өгөх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.
2024-11-29
-
Орон байранд нэвтэрч үйлдсэн хулгайлах гэмт хэргийн хохирлын хэмжээ бага байх нь цагаатгах үндэслэл болохгүй.
2024-11-28
-
Ялын дээд хэмжээ оногдуулахад ёс суртахууны буруутгалыг харгалзан үзэхгүй.
2024-11-27
-
Цэнджавын Амарсанаа
2024-12-02 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг
2024-11-28 Магистрын ажилдуудаж байна ! -
Цэрэнбалтавын Сарантуяа
2024-11-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Цэнджавын Амарсанаа
2024-11-28 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Ахат Гулим
2024-11-28 Нийтлэлдуудаж байна ! -
Монгол Улсын Дээд шүүх
2024-11-27 Сэтгүүлдуудаж байна ! -
Рагчаагийн Очирбал
2024-11-27 Нийтлэлдуудаж байна ! -
Баасандоржийн Батбаяр
2024-11-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Рагчаагийн Очирбал
2024-11-26 Нийтлэлдуудаж байна ! -
Тэрбишийн Мөнх-Эрдэнэ
2024-11-26 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна !