Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тооцоход заавал шүүх шинжилгээний байгууллагаар дүгнэлт гаргуулна.

2024-12-03 Шүүхийн академи

САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.


Шүүхийн шийдвэрийн дугаар: №80
Шүүхийн шийдвэрийн огноо: 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Шийдвэрийн төлөв: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгосон.

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ

Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж эсрэг урсгалд зорчиж байсан мотоциклийг мөргөн, жолоочийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. Мөрдөн байцаалтын явцад мөрдөгчийн зүгээс шүүгдэгчийн хийсэн үйлдлийн улмаас хохирогчид учирсан бие махбодийн гэмтлийн зэрэгт үндэслэн түүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, 4/275 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад заасан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийн дагуу дөрөв дүгээр зэрэглэлд хамаарахаар тогтоож шүүхэд шилжүүлжээ.

ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР

1. Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.32-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг дөрөвдүгээр зэрэглэлд хамаарахаар тогтоосны дагуу Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны тогтоолд3 зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 30 дахин нэмэгдүүлсэн буюу 16,500,000 төгрөгөөр сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлүүлэх хэмжээг тооцон шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэжээ.

2. Давж заалдах шатны шүүх хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэхийг “тусгай мэдлэг бүхий, нарийн мэргэшсэн этгээд тогтоох шаардлагатай” байхад анхан шатны шүүхээс мөрдөгчийн тогтоосон зэрэглэлийн дагуу хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй хэмээн дүгнэж, сэтгэл санааны хохирол нөхөн төлүүлсэн хэсгийг хүчингүй болгож, энэ талаар цаашид иргэний журмаар нэхэмжлэх хохирогчийн эрх нь нээлттэй болохыг дурдаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шийдвэрлэжээ.

3. Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч “уг гэмт хэргийн тухайд заавал шинжээчийн дүгнэлт гаргах шаардлагагүй буюу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, 4/275 дугаар тушаалын 2 дугаар хавсралтад заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг тогтоож шинжээчийн дүгнэлтийн нэгэн адил үзэх тул мөрдөгчийн тогтоосон зэрэглэлийг хохирогч хүлээн зөвшөөрч гарын үсэг зуран баталгаажуулсан учир сэтгэл санааны хохирол шаардах эрх хууль ёсны дагуу үүссэн” хэмээн гомдол гаргажээ.

4. Гомдлын дагуу эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд хяналтын шатны шүүхээс “Давж заалдах шатны шүүх нь шинжилгээний байгууллага сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоогоогүй гэж үндэслэлтэй дүгнэсэн боловч тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан гэм хорын зэрэглэлийг хүснэгтээр тогтоохоор зохицуулсан Шүүх шинжилгээний тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан журмыг буруу тайлбарлан хэрэглэж тусгай мэдлэг бүхий шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргах ёстой мэтээр дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна” (34)4 хэмээн дүгнэж шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

 

---o0o---

 

 

 

[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу. 

[2] Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйл. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих “1. Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2. Энэ гэмт хэргийг:
2.1. согтуурсан, мансуурсан үедээ;
2.2. тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн;
2.3. хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”.

[3] Монгол Улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ы өдрийн №25 дугаар тогтоол “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай”

[4] “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.

Холбоосууд:

https://www.jtrii.mn/mn/news/1090