Бусдын гээгдэл банкны картыг атм-д уншуулан мөнгө авах нь хулгайлах гэмт хэрэг болно

2025-02-12 Шүүхийн академи

САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.


Шүүхийн шийдвэрийн дугаар: 2024/ХШТ/27
Шүүхийн шийдвэрийн огноо: 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр
Шүүхийн шийдвэрийн төлөв: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгосон.

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ:
Шүүгдэгч нь худалдааны төв дотор хохирогчийн гээгдүүлсэн ... банкны цахим картыг олж, тус картыг АТМ-д уншуулан өөрийн данс руу 2,300,000 төгрөгийг шилжүүлэн авсан хэрэгт холбогджээ.


ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР:

1. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт2 зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг3 болгон өөрчилж, шүүгдэгчийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 02 сар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, тухайн хугацаанд ... аймгийн ... сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, хохирогчийн 2,300,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

2. Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гомдол болон прокурорын эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

3. Хяналтын шатны шүүхэд бичсэн прокурорын эсэргүүцэлд: “... Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Хохирогч банкны картаа хаяж гээснээс бус өөрийн эзэмшилд байсан мөнгийг гээсэн үйлдэл биш юм. Шүүгдэгч нь хохирогчийн гээсэн эд зүйл болох “...” банкны картыг олж авч, уг картыг ашиглан хохирогчийн дансанд буюу өмчлөлд нь байсан мөнгөнөөс 2,300,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан“ гэжээ.

4. Хяналтын шатны шүүхээс шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хууль зүйн дүгнэлт хийхдээ шүүгдэгчийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшил, өмчлөлд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалд нийцээгүй байна.(18)4.

5. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг өөрт олж авахын тулд урьдаас идэвхтэй үйлдэл хийгээгүй буюу хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа уг эд хөрөнгийг завших сэдэл төрж, хууль бусаар захиран зарцуулсан байдаг бол мөн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах байдлаар илэрнэ. (21).

6. Шүүгдэгч нь бусдын гээгдүүлсэн банкны цахим картыг олж авч, хууль ёсны эзэмшигчид нь буцааж өгөхгүйгээр өөртөө үлдээсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлд заасан бусдын гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тэрээр уг картыг АТМ машинд уншуулж, түлхүүр кодыг тайлан банкны харилцах дансанд хууль бусаар нэвтэрч, улмаар мөнгөн хөрөнгийг өөрийн үзэмжээр захиран зарцуулснаар тухайн үйлдэл нь бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн бүх шинжийг агуулсан буюу илүү хүнд гэмт хэрэг рүү шилжсэн гэж үзнэ.(23).

7. Шүүх Эрүүгийн хэргийг буруу зүйлчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдаанд хамаарах бөгөөд мөн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2- т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.(24).

 

 

---o0o--

 

 

[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу.

[2] Эрүүгийн хууль (2015)-ийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”.

[3] Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Төлбөр тооцооны алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, эд хөрөнгө, гээгдэл эд хөрөнгө, алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.”

[4] “Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.

Холбоосууд:

https://www.jtrii.mn/mn/news/1155