Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдал нь хорих ялын доод хэмжээг оногдуулах үндэслэл болохгүй

2025-02-13 Шүүхийн академи

САНАМЖ: Энэхүү хураангуй нь шүүхийн шийдвэрийг орлохгүй ба хууль хэрэглээний нэгдмэл байдлыг тогтооход дэмжлэг үзүүлэх, шүүхийн шийдвэрийн үндэслэлийг сурталчлах болон иргэд, олон нийтийн эрх зүйн мэдлэгт зориулсан бөгөөд хураангуйд ашигласан шийдвэр нь хяналтын шатны шүүхийн тогтоол1 болно.


Шүүхийн шийдвэрийн дугаар: Дугаар 85
Шүүхийн шийдвэрийн огноо: 2024 оны 06 сарын 12-ний өдөр
Шийдвэрийн төлөв: Анхан шатны шүүхийн тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгосон

ХЭРГИЙН ТУХАЙ ТОВЧ
Шүүгдэгч Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон “Хужиртын даваа”-г уруудаж яваад Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, тээврийн хэрэгслээр зорчиж явсан иргэн А, Г нарын амь насыг хохироосон мөн Д-гийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.


ХУУЛЬ ХЭРЭГЛЭЭ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР

1. Тухайн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хууль (2015)- ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг2 болон 4 дэх хэсгийн 4.2-т3 заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Өршөөл үзүүлэх тухай хууль (2021)-ийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт4 заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан 2 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт5 зааснаар шүүгдэгчид оногдуулсан 6 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг оногдуулсан үеэс эхлэн тооцох шийдвэр гаргажээ.

2. Харин тухайн дүүргийн давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Тухайн дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил гаргасан байна. Анхан шатны шүүх тогтоолдоо шүүгдэгчийн хувийн байдалд дүгнэлт хийж, тодорхой дэлгэрэнгүйгээр дурдсан боловч эрүүгийн хариуцлагын тухайн зүйл, хэсэгт оногдуулж болох ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулсан нь үндэслэлгүй байна” гэжээ.

4. Хяналтын шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ “…шүүхүүд уг хэргийн үйл баримтыг хянан хэлэлцэж, эрх зүйн дүгнэлт хийхдээ алдаа гаргасны улмаас шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий болж чадаагүй байна.

...Тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, түүний нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт эрүүгийн хариуцлага тохирсон байх хоёр шаардлагыг шүүхээс оногдуулсан ял, шийтгэл хэрхэн хангаж байгаа болохыг тайлбарлах нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хуульд нийцэж гарсныг илтгэх шалгууруудын нэг ба хэрэв хуульд заасан ялын хамгийн дээд эсхүл доод хэмжээний ял шийтгэсэн бол энэ талаарх үндэслэлээ шүүх заавал зааж байвал зохино” (29)6.

5. Гэтэл “анхан шатны шүүх шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын доод хэмжээ буюу хоёр жилийн хорих ял оногдуулж, улмаар Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан ялыг бүгдийг нь хассан үндэслэлээ шийтгэх тогтоолд дэлгэрэнгүй тусгаагүй байна” (30) гэв.

6. Түүнчлэн “тогтоолд дурдсан “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэр бүлээ тэжээн тэтгэдэг, цаашид эмчээрээ ажиллах бололцоотой...” гэх зэрэг нь дан ганц шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бөгөөд шүүгдэгчид хорих ялын доод хэмжээг оногдуулах хангалттай үндэслэл болж чадахгүй юм” (31) хэмээн дүгнэсэн байна.

7. Харин “давж заалдах шатны шүүх нь хуулиар хүлээлгэсэн үүргийн дагуу доод шатны шүүхийн шийдвэрийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан магадалж, анхан шатны шүүхийн гаргасан алдааг илрүүлэн зөвтгүүлэхийн оронд тухайн алдааг хэвээр үлдээжээ” (35) хэмээн тодруулав.

8. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн байна.

 

 

---o0o--

 

 

[1] Шүүхийн шийдвэрийг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу. 

[2] Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.”

[3] Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалт “энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

[4] Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэг “2015 оны 12 дугаар сарын 3- ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан … Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих /Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг/ гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн хорих ялаас хоёр жилийг хасна.”

[5] Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг “Шүүх эрх хасах ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан бол уг ялыг эдэлж дууссаны дараа, эсхүл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан бол ял оногдуулсан үеэс, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.”

[6] Хууль хэрэглээ, шүүхийн шийдвэр” хэсгийн өгүүлбэрийн төгсгөлд бичигдсэн хаалт доторх дугаарлалт нь шүүхийн эх шийдвэрийн цогцолборын дугаар болно.

 

Холбоосууд:

https://www.jtrii.mn/mn/news/1190