Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг үүргийн гүйцэтгэл хангуулах арга болгон шилжүүлэх нь хүчин төгөлдөр бус
Хураангуйд ашигласан шүүхийн шийдвэрийн мэдээлэл:
- Шүүх: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
- Шүүхийн шийдвэрийн огноо: 2021.12.17
- Шүүхийн шийдвэрийн дугаар: 101/ШШ2021/04273
- Хэргийн индексийн дугаар: 101/2021/01721/И
- Хэрэг, маргааны төрөл: Хүчин төгөлдөр бус хэлцэл
- Шийдвэрийг бүрэн эхээр үзэх холбоос: https://bit.ly/3RQZp2r
Хэргийн нөхцөл байдал:
Нэхэмжлэгч П хариуцагч Д нар 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3 төрлийн худалдах-худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээнүүдээр Д нь 0 м.кв хувийн сууцыг 8,000,000 төгрөгөөр, 0 тоотод байрлах 643 м.кв газрыг 4,000,000 төгрөгөөр тус тус худалдах, П нь хэлэлцэн тохирсон үнэ нийт 16,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Дээрх нэр бүхий 3 төрлийн худалдах-худалдан авах гэрээг үндэслэн нэхэмжлэгч П нь 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 0 тоотод байрлах 643 м.кв газрын өмчлөгчөөр бүртгэгдсэн.
Нэхэмжлэгч П нь дээрх худалдах-худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн гэрчилгээг үндэслэн хууль ёсны өмчлөгч гэж үзэж хариуцагч Д-г дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийг чөлөөлж өгөөгүй гэж түүнийг албадан нүүлгүүлэхээр шаардсан. Хариуцагч Д нь худалдах-худалдан авах гэрээнүүдийг дүр үзүүлэн байгуулсан буюу зээлийн гэрээний барьцаанд барьцаалуулсан байсан ба үл хөдлөх хөрөнгүүдээ худалдах зорилгогүй байсан, П нь шударга өмчлөгч биш гэж маргасан.
Хууль зүйн гол асуудал:
(1) Үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэл хангуулах арга болгон бусдын өмчлөлд шилжүүлэх боломжтой юу?
(2) Үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэл хангуулах арга болгон өмчлөлд шилжүүлэхээр хийсэн гэрээ нь хүчин төгөлдөр эсэх?
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны түүх:
Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэл болох “Үл хөдлөх эд хөрөнгөөс албадан нүүлгүүлэх тухай” нэхэмжлэгч П-н гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэл болох “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, нэхэмжлэгч П-н хууль бус өмчлөлөөс үл хөдлөх эд хөрөнгүүдийг гаргуулах тухай” хариуцагч Д-н шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шийдвэрийн тогтоох хэсэгт найруулга оновчгүй бичигдсэн заалтыг залруулж өөрчлөн найруулсан.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл, тайлбар:
- Талуудаас гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үзэхэд нэхэмжлэгч П нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдах-худалдан авах зорилгоор бус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой байсан болох нь тогтоогдож байна.
- Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх хэлцэл хийхийг хуулиар зөвшөөрөөгүй. Энэ нь үүрэг гүйцэтгэгч гэрээний үүргээ зөрчвөл түүний гүйцэтгэвэл зохих үүрэгт үүрэг гүйцэтгүүлэгч үл хөдлөх эд хөрөнгийг шууд шилжүүлэн авах боломжгүй байдагтай холбоотой. Иргэний хуулийн 171 дүгээр зүйлийн 171.3 дахь хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг бүрэн буюу хэсэгчлэн хангаагүй бол үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх түүнд шилжинэ гэж тохирсон хэлцэл хуульд өөрөөр заагаагүй бол хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Иймээс үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх замаар буюу худалдах-худалдан авах гэрээ байгуулсныг үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэрээ гэж үзэх боломжгүй.
- Зээлдэгч Д нь зээлийн гэрээний үүргийг төлж чадахгүй тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг зээлдүүлэгч П нь авах нөхцөлтэйгээр мөнгөн хөрөнгө зээлдүүлсэн нь хууль зөрчсөн байх ба энэ тохиолдолд П-г үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шударгаар олж авсан гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгч П-д Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан өмчлөлийн зүйлээ бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрх үүсээгүй.
- Үүргийн гүйцэтгэлд үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалах тохиолдолд хуульд заасан журмаар буюу Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан гэрээ байгуулагдсан нөхцөлд хэрэгжих боломжтой байхад худалдах-худалдан авах гэрээгээр өмчлөх эрхийг зээлдүүлэгч нь өөртөө шилжүүлэн авах замаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцааны зүйл болгосон нь талууд барьцааны гэрээг дүр үзүүлэн байгуулжээ. Иймд талуудын хооронд байгуулсан 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
Хураангуй бэлтгэсэн: Өмгөөлөгч М.Цэдэнпунцаг
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !