Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээд зээл олгохдоо үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор фидуцийн гэрээгээр хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлж авах нь хуульд нийцэхгүй
Хэргийн нөхцөл байдал:
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч “Ф К” ХХК нар 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн БЗГ/18/01/13 дугаартай зээлийн гэрээгээр 30 000 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 07-08 УБИ улсын дугаартай Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашиныг “Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх заалтын дагуу “Ф К” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, Б.О нь зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлсэн тохиолдолд “Ф К” ХХК автомашины өмчлөх эрхийг Б.О-д буцаан шилжүүлэх, зээлийн гэрээний үүргийг зөрчсөн бол “Ф К” ХХК нь автомашиныг үл маргах журмаар шилжүүлэн авч, зах зээлд түргэн борлогдох үнээр худалдаж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангаж, өөрт учирсан хохирлоо үл маргах журмаар нөхөн төлүүлэхээр тохиролцжээ.
Нэхэмжлэгч Б.О нь хариуцагч “Ф К” ХХК-д холбогдуулан БЗГ/18/01/13-1 дугаартай Эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, мөн өдрийн огноо бүхий БЗГ/18/01/13 дугаартай Зээлийн гэрээг тус тус хүчин төгөлдөр бусад тооцуулах, хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр “Ф К” ХХК-ийн нэр дээр шилжсэн 07-08 УБИ улсын дугаартай, JTEBU5JR4E5170617 арлын дугаартай, Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашиныг Б.О-ийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг даалгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс зээлийн үндсэн төлбөрт 30 000 000 төгрөг, хүү 12 115 000 төгрөг, алданги 15 000 000 төгрөг, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор автомашиныг эрж хайх, оршин суугаа хаягаар эрэх хайх ажиллагааны зардалд 1 100 000 төгрөг, нийт 58 215 000 төгрөг гаргуулах, 07-08 УБИ улсын дугаартай, JTEBU5JR4E5170617 арлын дугаартай, Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашинаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, 07-08 УБИ улсын дугаартай, JTEBU5JR4E0000000арлын дугаартай, Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашиныг нэхэмжлэгч Б.Оийн өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч Ф К ХХК-д даалгаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Б.О-ээс 38,500,000 төгрөгийг гаргуулан “Ф К” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 19,715,000 төгрөгийн шаардлага, фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгожээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулж болон мөн шийдлийн хувьд “нэхэмжлэгч Б.О-ээс 53 250 000 төгрөгийг гаргуулан “Ф К” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг буюу 4 965 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох” гэсэн өөрчлөлтийг оруулж, бусад шийдлийг хэвээр үлдээжээ.
Уг хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын дагуу 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн байна.
Холбогдох хуулийн зохицуулалт:
Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1-д “Барьцаалан зээлдэх газар нь зээлийн гэрээний үүргийг хангуулахаар зээлдэгчээс хөдлөх эд хөрөнгийг барьцаанд бариулахыг шаардах эрхтэй.”, 286.2-д “Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно”, 286.3-д “Зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалан зээлдэх газар барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулах тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэнэ. Ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгоно.” 286.4-т “Барьцаалан зээлдэх газар нь гэрээний хугацаанд барьцааны зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангах үүрэгтэй, харин уг зүйлийг өмчлөх болон бусад хэлбэрээр захиран зарцуулах эрхгүй”,
235 дугаар зүйлийн 235.1-д “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээгээр /цаашид "фидуци" гэх/ үүрэг хүлээгч нь мөнгө төлөх үндсэн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор хөдлөх эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмчлөлд шилжүүлэх, үүрэг хүлээгч үндсэн үүргээ хугацаанд гүйцэтгэсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч уг эд хөрөнгийг түүнд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж тус тус заасан байна.
Улсын дээд шүүхийн шийдвэрийн агуулга:
Нэхэмжлэгч Б.Оийн өмчлөлд бүртгэлтэй байсан 07-08 УБИ улсын дугаартай Тоёота 4 раннер /Toyota 4 runner/ загварын автомашины өмчлөх эрх 2017.04.25-ны өдөр “Ф К” ХХК-д шилжсэн, “Ф К” ХХК нь барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг хуулийн этгээдийн хувьд зээл олгохдоо хөдлөх хөрөнгө барьцаалах эрхтэй байтал фидуцийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасныг зөрчсөн, фидуцийн гэрээ хүчин төгөлдөр бус байна. Барьцаалан зээлдэх газар нь тусгай зөвшөөрөл авч, зээлийн үйл ажиллагааг явуулдаг ба барьцааны зүйлээс үүргээ хангуулах болохоос өөр аргаар буюу фидуцийн зүйлээр хангуулах үүргийн гүйцэтгэлийг хэрэглэх эрхгүй.
Харин барьцаалан зээлдүүлэх гэрээний мөнгө зээлсэн хэсэг нь хүчин төгөлдөр ба гэрээгээр алданги төлөх нөхцөлийг тохирсон байхад алдангийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр, алдангийг тооцохдоо Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.3-т заасан зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал тус тус хуульд нийцсэнгүй.
Нэхэмжлэлийн үндэслэл болох барьцаалан зээлдэх журмаар зээл олгох гэрээний 2.7 дах заалтад “зээлийн гэрээний хугацаа дуусахад зээл болон хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа дууссанаас хойш зээлийн үлдэгдэл дүнгээс 1 хоногийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдэгч зээлдүүлэгчид үл маргах журмаар төлөх” тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан алдангийг тогтоосон агуулсан байна.
Гэвч барьцаалан зээлдүүлэх газар нь хөдлөх эд хөрөнгийг барьцаалж, зээл олгодог, зээлдэгч зээлсэн мөнгө болон түүний хүүг хугацаанд нь буцаан төлөөгүй тохиолдолд барьцаалагдсан хөрөнгийг худалдан борлуулах замаар үүргийг хангуулахдаа энэ тухай зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг комиссийн буюу дуудлага худалдаагаар худалдаж, борлуулсан үнийн дүнгээс үүргийг хангуулж үлдсэн мөнгийг буцаан олгох үйл ажиллагааг явуулдаг этгээд байдаг тул алдангийг гаргуулах хугацаа онцлогтой байдаг байна. Учир нь мэдэгдсээр байхад зээлдэгч үүргээ биелүүлээгүй тул барьцаалан зээлдүүлэх газар барьцааны зүйлийг борлуулах эрхтэй болдог, энэ үеэс үүргээ хангуулж байгаа тул үндсэн үүрэг дуусгавар болж алданги шаардах үндэслэл ч дуусгавар болно. Хэрэгт байгаа баримтын хүрээнд барьцааны хөрөнгө байхгүй, зээлдэгч үүргээ биелүүлээгүй байгаа боловч “Ф К” ХХК хөдлөх хөрөнгө барьцаалаагүй, үйл ажиллагааны журмаа зөрчсөн буруутай тул эрсдлээ өөрөө хариуцах ёстой байна.
Иймд Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.3, 286.4-т тус тус зааснаар барьцаалан зээлдүүлэх газар үүргээ биелүүлэхийг зээлдэгчид нэн даруй бичгээр мэдэгдэх, ийнхүү мэдэгдсэнээс хойш арав хоногийн дотор зээлдэгч үүргээ гүйцэтгээгүй бол барьцааны зүйлийг худалдан борлуулж үүргээ хангуулдаг тул зээлдэгч үүргээ биелүүлээгүй 10 хоногийн хугацааны алдангийг төлөх үүрэгтэй, энэ үндэслэлээр гүйцэтгээгүй үүрэг 38,500,000 төгрөгөөс 10 хоногийн алданги тооцоход 1,925,000 төгрөг нийт 40,425,000 төгрөгийг гаргуулж магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй.
Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолыг бүрэн эхээр үзэх бол энд дарна уу.
Бэлтгэсэн: Легал дата
Холбоосууд:
МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
Монгол Улсын Иргэний хуулийн тайлбарыг legaldata.mn-д байршуулна.
2 days ago
2024 оны 11 дүгээр сарын эрэлттэй бүтээлийн чансаа
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг 2024 арга хэмжээнд хэлэлцэх хэлэлцүүлэг болон ярилцлагын сэдэв, зочид
2 weeks ago
Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг болно
3 weeks ago
ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙН ХУРААНГУЙ
-
Болдбаатарын Гүнбилэг
2024-12-19 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Judilogy
2024-12-18 Мэдээллийн хуудасдуудаж байна ! -
Батжаргалын Ариунзаяа
2024-12-14 Эрдэм шинжилгээний өгүүлэлдуудаж байна ! -
Баярсайхан Цолмон
2024-12-13 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Ганболд Цолмонгэрэл
2024-12-12 Нийтлэлдуудаж байна ! -
Эрхэмбаярын Энхцэцэг
2024-12-12 Эрх зүйн шүүмждуудаж байна ! -
Батхишигийн Лхагвасүрэн
2024-12-12 Докторын диссертацидуудаж байна ! -
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо
2024-12-11 Гарын авлага & Аргачлалдуудаж байна ! -
Даваасүрэн Майцэцэг Тэмүүлэн Төмөрхуяг
2024-12-10 Нийтлэлдуудаж байна !