Шүүхийн шийдвэрийн хураангуй
  • 2022-11-30 Шүүхийн академи
    Иргэн Б.Б нь Булган аймгийн авто зам засвар, арчлалт төрийн өмчид хувьцаат компанийн захирлаар ажиллаж байх хугацаандаа Төрийн өмчийн хорооны 2015 оны №586 дугаартай “Үндсэн хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай” тогтоолын (төрийн өмчид эд хөрөнгө шилжүүлж авах тухай) дагуу ЭКБИХ ХХК-ны эзэмшлээс Булган аймгийн авто зам засвар, арчлалт төрийн өмчит хувьцаат компанийн эзэмшилд шилжүүлэх ёстой байсан **** УНЛ улсын дугаартай “Ланд Крузер-200” загварын тээврийн хэрэгслийг шилжүүлэхийг өмнөх эзэмшигчээс албан бус шугамаар хүсэлт тавьж, улмаар 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр тус тээврийн хэрэгслийг өөрийн нэр дээр, 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр өөрийн танил Д.Б-н нэр дээр шилжүүлсэн хэргийн үйл баримт тогтоогджээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-11-27 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    Иргэн Од шүүхэд хандан, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул нийт 86,850,000 төгрөгийг Хангайгаас гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэгчээс “… зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул үндсэн зээл 45,000,000 төгрөг, зээлийн хүү 12,900,000 төгрөг, алданги 28,950,000 төгрөгийг Хангай төлөх үүрэгтэй” гэж, Хангайгаас “… үнийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй, 6,700,000 төгрөгийн хүүгийн үлдэгдэл байгаа, Иргэний хуульд заасан анз тооцох зохицуулалтын дагуу 45,000,000 төгрөгийн 50 хувиар алданги тооцох ёстой” гэж маргажээ. 
    дэлгэрэнгүй
  • 2022-11-26 Шүүхийн академи
     Дээд шүүх нь 2021.09.30 нэхэмжлэгч(Солонгос эрэгтэй) ба холбогдогч(Вьетнам эмэгтэй) нар нь харилцан гэрлэлтээ цуцлуулах хүсэлт гаргаж, хүүхдүүдийнхээ хууль ёсны асран хамгаалах эрхийг өөртөө авахаар шүүхэд хүсэлт гаргасан хэрэг юм. Хүүхдийн асран хамгаалах давуу эрхийг авахын тулд шалтгаан нь тод томруун байх ёстой. Ялангуяа гадаад эхнэртэй буюу эхнэр нь солонгос хэлээр ойлгох чадвар дутмаг гэх үндэслэлээр хүүхдийг асран хамгаалах энгийн шаардлагуудыг хангахгүй байна гэж үзээд, хүүхдүүдийн асран хамгаалагчаар тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж, нэхэмжлэгч талыг хууль ёсны асран хамгаалагчаар шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож буцаав. 
    дэлгэрэнгүй
  • 2022-11-26 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Сод нь “Б” ХХК-ийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшиж өдөр өнжүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг байна. “Б” ХХК нь өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Д.С-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, олох байсан орлого болон өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хана нураасныг засварлах зардалд нийт 17 509 972 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Сод нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг “Б” ХХК-ийн захирлын эхнэртэй аман хэлцэл хийн худалдаж авахаар тохирсон, компанийн ажилтнуудын зөвлөсний дагуу хана цоолсон хууль ёсны эзэмшигч, өмчлөгч гэж маргасан байна.
    дэлгэрэнгүй
  • 2022-11-25 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх
    Насанд хүрээгүй эмэгтэй Наран фэйсбүүк группэд “Санхүү авна, чатанд ороод ир” гэсэн зар байршуулж, нэр бүхий 25 иргэнтэй цахимаар холбогдон уулзахаар тохирч, улмаар “урьдчилгаа өгөх хэрэгтэй” гэж 3 хүнээс 150.000 төгрөгийг шилжүүлэн авсан, мөн чатаар харилцсан зурвасыг нь тухайн хүмүүсийн гэр бүл, ойр дотны хүмүүст тараахаар сүрдүүлж мөнгө нэхэн 24 хүнээс нийт 3.520.000 төгрөг авсан үйлдлийг Баянзүрх дүүргийн Прокурорын газраас “залилах” болон “заналхийлэх” гэмт хэрэг гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн, хэргийг шүүхэд ирүүлжээ. 
    дэлгэрэнгүй
  • 2022-11-25 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Дашаас шүүхэд хандан, “иргэн Амараас түрээсийн төлбөр, алдангийн хамт гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “… түрээсийн төлбөрөө хугацаанд нь төлөөгүй учраас гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан. Иймд төлөгдөөгүй түрээсийн төлбөрийг алдангийн хамт төлөх ёстой” гэж, хариуцагч Амараас “… түрээсийн байрыг өөрийн хөрөнгөөр тохижуулсан байхад түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан учраас алданги төлөхгүй” гэж тус тус маргажээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-11-25 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Нэхэмжлэгч Наран нь хариуцагч Тулгад холбогдуулан түүнээс худалдан авсан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, тухайн орон сууцыг банкны зээлийн барьцаанаас чөлөөлөхийг Тулгад даалгах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Тулга нь, нэхэмжлэгч худалдан авсан орон сууцныхаа төлбөрийг бүрэн төлж дуусгаагүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаад, Нарантай гэрээ байгуулах үед тухайн орон сууц банкны зээлийн барьцаанд байсан. Зээлийн барьцаанд байсан байрыг банкнаас зөвшөөрөл авалгүй худалдсан тул бидний хооронд байгуулагдсан орон сууц худалдах худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж  нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан. 
    дэлгэрэнгүй
  • 2022-11-25 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    “Б” ХХК-ийн захирал нь ажилтан Д-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцалж, ажлаас чөлөөлсөн тушаал гаргасан, Д уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандан “ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
    Хариуцагч “Б” ХХК-иас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, “хөдөлмөрийн хортой, халуун нөхцөлд ажиллаж 20-оос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 45 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөнө” гэж хуульд зааснаар ажилтан Д-д ажлаас чөлөөлөхийг мэдэгдэж, талууд харилцан тохирсон тул  хууль зөрчөөгүй” гэж маргасан.
    дэлгэрэнгүй
  • 2022-11-23 Улсын дээд шүүх
    Гуч гаруй жилийн өмнө эгчтэй нь гэрлэсэн  Бат хадам дүү Болдод өөрийн сэлбэг хэрэгслээс өгснөөр Болд иж бүрэн хадууртай болж, олон жилийн турш ашиглаж иржээ. Болд нь 2020 онд бусдаас хадуур худалдаж аваад хуучин хадуурыг Батад өгсөн гэх боловч иж бүрдэл дутуу өгсөн гэж маргалдан,  таарамжгүй харилцаа үүсэж, Бат нь Болдыг зодож, Зөрчлийн хуулиар торгуулийн арга хэмжээ авахуулсан байна. Улмаар 2021 оны 9 дүгээр сард Бат нь хадлангийн талбайгаас Болдын ашиглаж байсан хадуураас аппаратыг нь салган авч, 700 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-11-23 Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Оч нь “РБ” ХХК-нд гоо сайханчаар ажиллаж байсан, ажил олгогч “РБ” ХХК нь Очийг гоо сайханчаар ажиллуулж эхэлсэн хугацаанаас хойш нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байна. Иргэн Очоос “РБ” ХХК-д холбогдуулан, “жирэмсний болон амаржсаны тэтгэмж 3 339 810 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, “ … миний нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүйгээс … нийгмийн даатгалаас тэтгэмжээ авч чадаагүй” гэжээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-11-23 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Нийгмийн даатгалын байгууллагаас “… нийгмийн даатгалын санд учирсан хохирол 8,820,900 төгрөгийг Архивын байгууллагаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “… архивын байгууллагын албан тушаалтан архивын лавлагааг хуурамчаар үйлдсэний улмаас нийгмийн даатгалын санд хохирол учирсан тул хохирлыг архивын байгууллагаас нэхэмжилнэ” гэжээ.  Архивын байгууллага нь “… хуурамч баримт бүрдүүлэн тэтгэврийн мөнгийг хувьдаа ашигласан иргэн Ганаа уг төлбөрийг хариуцан төлөх ёстой, тухайн архивын лавлагааг гаргасан албан тушаалтан нь одоо манай байгууллагад ажиллахгүй байгаа, … нийгмийн даатгалын байгууллага тэтгэвэр тогтоохдоо баримтыг дутуу шалгасан тул хохирол төлбөрийг манайх хариуцах үндэслэлгүй” гэх зэргээр маргажээ. 
    дэлгэрэнгүй
  • 2022-11-23 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх
    Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны А/87 дугаар тушаалаар Богд хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд Зайсангийн аманд 0.44 га талбайг аялал жуулчлалын зориулалтаар И ХХК-д ашиглуулахаар шийдвэрлэж,  гэрчилгээг олгож, газар ашиглах гурвалсан гэрээг тус компани болон Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа болон Хан-Уул дүүргийн Засаг даргатай 5 жилийн хугацаатай байгуулсан байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгээр Богд хан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд аялал жуулчлалын зориулалтаар хууль зөрчин газар олгосон гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компанийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон байна.
    дэлгэрэнгүй
  • 2022-11-23 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх
    Иргэн Болдоос “… автомашинд мөргүүлж, биед гэмтэл учирсан эрүүл мэндийн үйлчилгээ, оношлогоонд гарсан зардал, хохирол  … төгрөгийг жолооч Батаас гаргуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж шүүхэд ханджээ.
    дэлгэрэнгүй
  • 2022-11-21 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх
    “Ш” ХХК орон сууцны зориулалттай 185 үл хөдлөх хөрөнгүүдийг бусдад түрээслүүлэн ашиг олдог бөгөөд Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс тухайн үл хөдлөх хөрөнгө ашиглалтад орсон 2016 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2020 оныг дуусталх хугацаанд үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар ногдуулсан байна. “Ш” ХХК-иас “өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, “орон сууц”-ны зориулалттай үл хөдлөх хөрөнгөд үл хөдлөх хөрөнгийн албан татвар ногдуулсан нь хууль бус, хүлээн зөвшөөрөхгүй” гэх агуулгаар, уг 185 үл хөдлөх хөрөнгүүдийг “үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар”-аас чөлөөлөгдөх үндэслэлтэй болохыг тогтоолгох, татвар төлсөн дүнгээр ирээдүйд төлөх татвараас суутган тооцуулах”-аар маргав.

    дэлгэрэнгүй
  • 2022-11-17 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх
    “Мэргэн” ХХК иргэн Хангайгаас түрээсийн төлбөрт 8,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн, хариуцагч Хангай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч “... түрээсийн гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй учраас хүчин төгөлдөр бус, иймд 8,500,000 төгрөгийг төлөх үндэслэлгүй” гэх агуулгаар маргажээ.
    дэлгэрэнгүй